УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Хууль зүйн яамыг нэг намын хоёр гишүүн ээлжлээд толгойлж байна. Гэтэл яагаад нэгнийхээ хийснийг нөгөө нь үгүйсгээд байдаг юм бэ. Та хоёрын дунд хувийн өс хонзон байдаг юм болов уу ч гэж хүмүүс гайхаж эхэлж байна?
-Үзэл баримтлалын зөрүү л дээ. 2012 оны сонгуулиар АН-ын амласан амлалтууд бий. Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо, тахарын албатай болох, цагдааг иргэншүүлж, үйлчилгээний байгууллага болгох, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх гэх мэт. Гэтэл АН-ын нэрээр сайд болсон нэг нөхөр АН-ын энэ бүх амлалтыг устгаж байна . Ямар зорилготойг нь би мэдэхгүй, цаагуураа нарийн зорилгууд байдаг л байх. Гэхдээ энэ хүний сандал ширээ, эрх мэдлийн шунал, амбиц нь иргэдэд амласан АН-ын амлалтыг нурааж байгаад л гутаж байна.
-Уржигдар Хууль зүйн байнгын хорооны хурал дээр та Хууль зүйн сайд руу нэлээд ширүүн үг хэлж байна лээ. Их л бухимдсан хүний үг байх?
-Хүний “хошного” ухуулж албан тушаалд хүрдэг, ухаж өгсөн хүмүүстээ албан тушаалаар өр төлдөг ийм хүмүүс улс төрд байгаа учраас нэг ч гэрэл гэгээтэй зүйл урагшаа явахгүй байна . Ийм зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй байгаа учраас бухимдлаа л хэлсэн . Түүнээс биш, надад тэр хүнийг хувь хүнийх нь хувьд үзэж ядаад байгаа зүйл байхгүй.
Хүний эрх өөрөө жам ёсных. Энэ эрхийг хангахын тулд зохиомол төрийг бий болгодог. Цагдаа ч, УИХ-ын гишүүн ч, Засаг дарга, сайд нар бүгд иргэний эрхийг хангахын тулд зохиомол систем дээр байгаа зүйл. Гэтэл зохиосон зүйл нь иргэнийхээ жам ёсны төрөлх эрхийг үгүйсгэж болохгүй. Үндсэн хуулийн энэ философийг хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Төрөхдөө л сайд, дарга, цагдаа болоод төрчихсөн ойлголт байхгүй. Тийм учраас иргэнээ хүндэлж, тэдэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, хууль дээдэлж ажилладаг хууль сахиулах байгууллагатай болъё л гэсэн юм . Иргэн нь тэдэнд итгэж аюулгүй байдлаа даатгадаг, эерэг харилцаа тогтоодог, найдаж итгэдэг нийгэм байх ёстой. Ийм учраас иргэндээ зориулсан шинэтгэлийг хуулийн салбарт хийх ёстой.
-Таныг Хууль зүйн сайд байхад энэ шинэтгэлийн талаар цагдаагийн алба хаагчдаас ямар нэг санал, шүүмж ирж байсан уу. Д.Дорлигжав сайд “Өнгөрсөн хугацаанд албан хаагчдаас ирсэн санал хүсэлтийг хуулийн төсөлдөө тусгасан” гэж хэлсэн?
-Албан хаагчдын л нэрийг барина шүү дээ. Түүнээс биш, “Би дургүй байна” гэж хэлэхгүй. Цагдаагийн алба хаагчид хамгийн түрүүнд, “Бидэнд нийгмийн баталгаа, улстөрийн баталгаа, эдийн засгийн баталгаа алга байна. Үүнийг бүрдүүлж өгөөрэй” гэдэг байсан. Хэн нэгэн улстөрч орж ирээд энэ нийгмийг самарч болохгүй. Ийм учраас тогтвортой байдлыг хангахын тулд албаны хуулийг гаргах ёстой юм байна. Үйл ажиллагааны хувьд маш тодорхой дүрэм журамтай байх шаардлагатай учраас процессын хуулийг нь сайжруулах ёстой юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэх мэтчилэн процесс заасан хуулиуд тусдаа. Зохион байгуулалтын шинжтэй албаны хуулиуд тусдаа. Эдийн засаг, улстөр, нийгмийн баталгааг хангахтай холбоотой Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль тусдаа байх ёстой юм байна. Энэ хуулиуд иж бүрнээр гарчихвал мэргэжлийн ажлууд хөндлөнгийн оролцоогүй явах боломжтой гэж үзсэн.
Гэвч өргөн барьсан хуулиудаас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг татаад авчихсан. Тангараг өргөөд ажиллаж байгаа хууль сахиулагчдын нийгэм, эдийн засаг, улстөр, хуулийн баталгааг шийдэж өгснөөр дотроо барьцдаг, атаархдаг, маргадаг байдлыг үгүй болгож, нэг стандартаар шийдэх боломжтой байлаа. Гэвч одоогийн Хууль зүйн сайд маань байгууллага байгууллагын хуулиар шийднэ гэж байна. Хаана ажиллаж байгаагаас нь хамаарч хар, бор, шар, цагаан ажил хийж байна гэдэг хэрүүлтэй нь үлдээе гэж байна. Хамгийн гол нь дахиад дэвшилттэй алхам хийж болох олон зүйлсийг урсгалаар нь хаах зорилготой “шинэчлэлийг” шинэ Хууль зүйн сайд хийж байна. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг байхгүй болгох зорилготой “шинэчлэл” хийж байгаа юм байна. Далд санаа нь ийм атгаг байгаа учраас “Овоодоо энэ төсөл дээр өмнөх хуулийн ганц хоёр ч гэсэн заалт байна шүү” гэж харж чадахгүй нь. Дээр нь өөрийг нь сайд болгосон хүмүүст улс төрийн өр төлөх зорилго явж байхад шүү. Цаад сэдэл нь нөгөө л хүмүүсээ л албан тушаалд хүргэх зорилготой хууль шүү дээ. Өөр юу ч байхгүй.
-Одоо мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуулийг та Хууль зүйн сайд байхдаа батлуулсан. Энэ хуулиар цагдаад ямар өөрчлөлт хийхийг зорьсон юм бэ?
-Цагдаагийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой хамгийн гол таван зүйлийг энэ хуульд суулгасан . Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагыг хүчний биш, үйлчилгээний байгууллага болгоход томоохон шинэтгэл болсон. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн аюулгүй орчинд амьдрах эрхтэй, хүний эрх, эрх чөлөөг хуульд зааснаар бусдаар хязгаарлаж болохгүй” гэж заасан. Харин иргэний суурь эрхийн хамгаалалтыг төрийн үйлчилгээ байдлаар хүргэдэг байгууллага нь цагдаа. Мэдээж цагдаагийн байгууллага шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу албадлага хэрэглэх эрхтэй. Гэхдээ үндсэн философи нь иргэдийг аюулгүй байлгаж, хуулийг сахиулдаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг байгууллага. Тиймээс иргэндээ ойр ажиллаж, шударга иргэдийг хамгаалж, дэмждэг цагдаагийн байгууллагатай болох нь эхний зорилт байсан.
Хоёр дахь том зорилго нь, нэгэнт иргэндээ үйлчилдэг цагдаатай болж байгаа бол иргэн нь цагдаадаа хяналт тавьдаг байя гэсэн. Цагдаагийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаас гадна үйл ажиллагаагаа иргэндээ тайлагнадаг тогтолцоотой байх ёстой гэдэг бол хоёр дахь шинэчлэл. Гурав дахь нь, иргэндээ үйлчилж, тэдэнд ажлаа тайлагнадаг юм бол цэрэгжсэн гэхээсээ илүү иргэний зохион байгуулалттай байя гэсэн. Тэгж байж иргэндээ ойртож, хамтарч ажиллана. Хууль сахиулах үйл ажиллагаа гэдэг бол цагдаа гэдэг хэсэг хүний хийх ажил биш. Олон нийтийн эрх ашиг цагдаагийн үйл ажиллагааны үр дүнд баталгаажиж байгаа учраас энэ зорилгыг хамтдаа хийдэг болох шаардлагатай гэж үзсэн. Ингээд олон нийт, цагдаа гэсэн хослолыг хэрэгжүүлж хамтдаа амар тайван байдлыг бүрдүүлье гэсэн.
Хууль сахиулах үйл ажиллагааг иргэд хянана гээд цагдаагийн дээр иргэдийг гаргаж болохгүй. Хүчний байгууллага, албадлага хэрэглэдэг гээд иргэнийхээ дээр гараад суучихдаг цагдаатай байж болохгүй. Иймээс балансыг нь олж олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагаа буюу олон нийттэй хамтарч ажилладаг цагдаагийн байгууллага болгох гурав дахь шинэчлэлийг хийсэн.
-Хотын цагдаагийн байгууллагын даргыг хотын захирагч томилдог байх нь ямар ашигтай юм?
-Төвлөрсөн эрх мэдлийг сааруулах хэрэгтэй юм билээ. Цагдаа гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд төвлөрөх ёстой. Гэхдээ хэв журам сахиулах, иргэний аюулгүй байдлыг хангахын тулд орон нутаг руу эрх мэдлийг шилжүүлэх ёстой . Энэ бол дөрөв дэх том өөрчлөлт. Тавдугаарт, цагдаагийн байгууллага мэргэших ёстой. Өндөр ур чадвар, мэргэшилтэй, бие бялдраас гадна сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүн цагдаад ажиллах ёстой. Ямар ч иргэнтэй хямрахгүй, уурлахгүйгээр асуудлаа зөв тавьж харилцах ур чадвартай цагдаа байх ёстой. Ийм учраас цагдаагийн харилцаа, ёс зүйг анхаарч энд ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Энэ таван зүйлийг шингээх зорилготой цагдаагийн шинэтгэлийг эхлүүлсэн. Эдгээрийн ард зургаа дахь том шинэтгэл хүлээгдэж байсан ч явуулсангүй л дээ.
-Тэр нь юу байсан юм?
-Цагдаагийн алба хаагч хэн нэгэнд нэгжлэг, үзлэг хийх, эд хөрөнгийг нь хураах, битүүмжлэхтэй холбоотой маш олон зөвшөөрлийн системтэй. Бас маш хатуу нарийвчилж зохицуулсан хуультай. Гэтэл цагдаагийн алба хаагчтай яг адил эрх мэдэлтэй татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нарт нэгдсэн нэг стандарт байхгүй. Зүгээр л байгууллагын даргын гаргасан дотоод журам, тушаал шийдвэр, эсвэл өөрийн үзэмжээр ажиллах боломжтой байгаа. Дуртай хүнийхээ эд хөрөнгийг битүүмжилдэг, хураадаг, бизнесийн үйл ажиллагааг таслан зогсоодог. Тиймээс хүний эрх рүү ийм маягаар халдаж байгаа субьектүүд нэг стандарт, нийтлэг журамтай байх ёстой юм байна гээд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулсан. Ийм байдлаар цагдаагийн шинэтгэл эхэлсэн.
Харамсалтай нь, шинэ Засгийн газар Цагдаагийн албаны тухай хуулийг дахиад өргөн барилаа. Цагдаагийн шинэтгэл явж, хууль хэрэгжээд жил хагас ч болоогүй байхад дахиад шинэчилсэн найруулга нэрийн дор ороод ирж байна.
-Уг нь хуулийг тогтвортой мөрдөж байж сайн мууг нь мэднэ биз дээ?
-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга нэрийн дор явж байгаа зорилгыг би Д.Дорлигжав сайдад өөрт нь ч хэлсэн. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг байхгүй болгох гэж оруулж ирж байна аа. Татвар, мэргэжлийн хяналт, цагдаагийн алба хаагчид хүний эрхэнд халдах гэж байгаа бол хуулийн нэг стандарттай байя гэсэн үндсэн зорилгыг үгүй хийлээ. Ингээд Цагдаагийн албаны тухай хууль дээр процесс бичиж байна л даа . Ингэж түрүүн хэлсэн эрүүгийн болон захиргааны эрх зүйтэй холбоотой зургаа дахь том шинэтгэлийг нурааж байгаа байхгүй юу. Дээр нь цагдаатай холбоотой хийгдсэн эхний таван шинэтгэлийг ч байхгүй болгож байна.
-Тухайлбал?
-Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн 1.1-д “Цагдаа иргэнд үйлчилдэг байгууллага байна” гэсэн эхний зорилтыг авч хаясан байна лээ. Олон нийтэд түшиглэсэн систем буюу олон нийтийн цагдаа гэж байсныг “олон нийтийн байцаагч” болгоод өөрчилсөн байна. Яг социализмын үеийн нэр томъёогоор бичиж оруулсан байгаа юм. Уг нь цагдаагийн хүч хүрэлцэхгүй байгаа орон нутагт иргэдийн санаачилга болон засаг захиргааны санаачилгаар нэг цагдаад хоёр олон нийтийн цагдаа туслах байдлаар хэв журмыг сахиулах зорилготой байсан. Гэтэл үүнийг торгодог, барьдаг байцаагчийн статус руу түлхчихэж байгаа байхгүй юу. Уг нь хүнийг торгохоос илүүгээр цагдаад тусалж, хамтардаг хууль сахиулагч иргэнийг бий болгох шинэтгэл байсан . Үүнийг үгүй хийж байгаа юм билээ.
Хоёрдугаарт, орон нутаг руу эрх мэдэл шилжүүлсэн шинэтгэлийг үгүй хийж байна. Хэдэн сарын өмнө Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтыг ил тод зарлаж, хүмүүсийг өрсөлдүүлж байгаад хотын захирагч нь томилсон. Гэтэл энэ томилгоог хүчингүй болгоод шууд дээд удирдлагаас нь томилдог хуучин тогтолцоо руу оруулах гэж байна.
-Яагаад?
-Цагдаагийн байгууллагатай холбоотой шинэтгэлүүдийг нураахаас гадна Хууль зүйн сайд нь өөрөө хувийнхаа өрийг төлж байна л гэж харж байна.
-Ямар өр. Нөгөө “хурандаа нарын” хэрэг үү?
-Өнгөрсөн хавар намайг хар тамхины хэрэгт гүтгэж, УИХ-д асуудал хүртэл оруулж ирсэн шүү дээ. Яг тэр зохион байгуулалтыг нь хийсэн хурандаа нар Д.Дорлигжав, Б.Билигт нартай зэрэгцээд сууж байсан. Одоо цагдаагийн байгууллагыг шинэчлэх нэрийн дор тэр хүмүүсийг буцаан албан тушаалд нь томилох, ажилтай болгох хувийн жижиг эрх ашиг л явж байна. Том хуулиар халхавчилсан жижиг эрх ашиг л ард нь нуугдаж байна.
-Цагдаагаас чөлөөлсөн хурандаа нарыг үнэхээр бүгдийг нь томилчихсон юм уу?
-Нэг нь ЦЕГ-ын дарга болно, нөгөө нь Тэргүүн дэд даргаар томилогдчихсон гээд сонинд бичээд л байгаа шүү дээ. Хууль өөрчлөгдөх л юм бол дахиад шинэ томилгоо хийгдэнэ. Тэр үед өрөө төлөх гэж байгаа л юм байна.
-Таны татан буулгасан дотоодын цэргийг сэргээнэ гэж байна. Ингэхдээ хилийн цэрэгтэй нийлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан юм байна. Энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Дотоодын цэргийг дахин байгуулах гоё үг байгаа боловч Тахарын албыг татан буулгасан мөнгөөр дотоодын цэргийг сэргээх гэж байгаа. Ний нуугүй хэлэхэд, иргэдэд үйлчлэх гээд байгаа цагдаагийн алба хаагчдынх нь орон тоо хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Алба хаагчид өдөр, шөнөгүй ажиллаж байна, зардал мөнгөө бүрэн дүүрэн авч чадахгүй байна . Нэг бүрийн тусгай хэрэгсэл, агсамж, хөдөлмөрийн аюулгүй байдал хүрэлцээгүй ч өөрт эрсдэлтэй гал руу орж л байна. Энэ мөнгийг гаргахын тулд би сайд байхдаа цагдаад шаардлагагүй спорт хороо, чуулгыг татан буулгаж цагдаагийн үндсэн үйл ажиллагаанд төсвийг нь зарцуулсан. Гэтэл одоо юм бүхэн нь буцаж эргэж байгаа байхгүй юу. Яг кадр буцааж байгаа юм шиг цагдаагийн байгууллага 2012 оноос өмнөх нөхцөл байдал руугаа л очиж байна. Дарга нарын тансаглалд зориулсан чиг үүрэг, бүтцүүд буцаад бий болгож байгаагийн нэг нь дотоодын цэрэг. Дотоодын цэргийг бий болгохын тулд иргэнд үйлчилж, иргэнийг хамгаалдаг чиг үүргээс танаж байна. Д.Дорлигжав үнэхээр цэрэг командлах дуртай юм бол Хууль зүйн сайд хийх хэрэггүй шүү дээ . Батлан хамгаалахын сайдаа л хий л дээ. Өмнө нь хийгээд л байсан биз дээ.
Г.УЛСБОЛД