"Хувийн сургуулиудын төлбөр хэт өндөр байгаа нь шударга бус"

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

"Хувийн сургуулиудын төлбөр хэт өндөр байгаа нь шударга бус"

Пүрэв гараг бүр болдог “Сайдын цаг” уулзалтад БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож салбартаа хийсэн ажил болон хийж буй ажлаа тайлагнаснаас гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг туршсан байгаа. Энэ туршилт хэрхэн болсон гэж дүгнэж байна вэ?

-Цөм хөтөлбөрийг боловсруулах, турших нь энэ хичээлийн жилийн ажил байлаа. Аймаг, дүүрэг болгон дээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд энэ хөтөлбөрөө туршсан. Гол зорилго нь цэцэрлэгийн сургалтыг хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт болгож өөрчлөх юм.

Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн авьяасыг, гурав, дөрөв, таван настайд нь нээн илрүүлэх, сонирхлыг нь олох, хүүхдээ таних сургалтын хөтөлбөр маань туршигдаад их амжилттай хэрэгжлээ. Хуучин хөтөлбөрийн тал цаг нь зорилгогүй өнгөрч байж. Тухайлбал, өнгө ялгах, зурах, дүрслэх сургалт зохион байгуулж байжээ. Одоо бол 100 хувь хүүхдийн хөгжлийн цаг болгоод тухайн хүүхдийн сонирхсон тоглоомоор нь дамжуулж өгч буй сургалтаас гайхамшигтай үр дүн гарч байна. Хүүхэд бие дааж ажиллах боломж нээгдсэн. Мөн санал бодол хүсч буй зүйлээ хүүхэд илэрхийлэх чадвартай болсон.

Хуучин сургалт, одоогийн энэ шинэ хөтөлбөрөөр сурч буй хүүхдүүдийг харьцуулаад үзэхээр өөртөө итгэх итгэл нь их нэмэгдсэн нь ажиглагдсан. Хуучин бол ширээний ард суулгаад суух чиглэлийг нь баримталж ажилладаг байсан.  Одоо бол хүүхдүүд их хөдөлгөөнтэй болж бодох, бичих, аливаа зүйлийг тогтоох, өөрийгөө илэрхийлэх чадварыг эзэмшиж байна. Бас их бүтээлч болсон. Ирэх жил энэ хөтөлбөрөө тодорхой бүсүүдэд туршиж, туршилтаа үргэлжлүүлнэ. Мөн 2016-2017 онд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж дуусна.

-Тэгвэл бага боловсролд туршсан туршилтын тухайд юу хэлэх вэ?

-Бага боловсрол дээр өнгөрсөн жилүүдэд цөм хөтөлбөрийг хангалттай туршсан. Тиймээс энэ хичээлийн жилд бүх ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлсэн байгаа. Хэрэгжилтийн үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байна. Хамгийн чухал гарсан өөрчлөлт нь хүүхэд өөрийн удирдлагатайгаар сурч байгаа явдал юм.  Хүүхдийн хийдэг бүтээдэг цаг нь 15-70 хувь хүртлээ өргөжсөн. Нэг үгээр хэлбэл, өдрийн таван цагийн хичээлийн дөрвөн цагт нь хүүхэд өөрөө хичээлээ хийдэг гэсэн үг. Энэ хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар баг гаргаж 12 аймгаар явж ажиллалаа. Олон багш нартай биечилж уулзсан. Үр дүн сайтай байсанд нь талархаж байгаа.

Харин суурь боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтийг энэ жил 40 сургууль дээр туршлаа. Үр дүн нь нэг талаараа сайн боловч саар зүйл их байна. Ялангуяа хичээлийн цаг их нэмэгдэхээр байна. Хичээлийг хичээлд нь шингээх ажлыг манай эрдэмтэд яамны мэргэжлийн багтайгаа хамтраад хийж байна.  Ер нь бол мэдээллийн технологийг боловсролд түлхүү ашиглаж ажилласан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Энэ ажлын хүрээнд манай мэдээллийн нэгдсэн системд бага, дунд боловсрол, сургуулийн өмнөх боловсрол дээр бүрэн хийгдсэн. Хүүхэд бүрийг бүртгэж байна, багш нарын хичээлийг онлайнаар харах бололцоо бүрдсэн. Тухайн хүүхдэд өгч буй даалгаврыг есдүгээр сараас эхэлж онлайнаар харах боломж нээгдэнэ. Үүнтэй холбоотойгоор 140 цахим лабораторыг ашиглалтад оруулсан.

-Компаниудтай хамтарч оюутан бэлтгэнэ гэх юм. Энэ ямар учиртай юм бэ. Ер нь, энэ жил дээд боловсролд чиглэсэн ямар ажлууд хийв?

-Дээд боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр өнгөрсөн жил элсэлт авсан. Онцолж хэлэх хөтөлбөр нь инженерийнх байна даа. Тухайлбал, 1000 инженер төсөл байна. Амжилттай хэрэгжиж байгаа. Японы эрдэмтэдтэй хамтарч хийх судалгааны ажлын жагсаалт гарсан. Энэ ажилтай холбогдуулаад шинэ санаачилга гаргасан нь хувийн салбартай хамтарч оюутнаа бэлтгэх юм.

Тиймээс Худалдаа аж үйлдвэрийн танхим, МУИС, ШУТИС-тай хамтарсан санамж бичгийг гаргасан. Гадаад руу явж буй оюутнууд эндээс захиалга авч явна гэсэн үг. Ямар мэргэжлийн ямар хүн хэрэгтэй байна. Тухайн мэргэжлээр сурч буй оюутнуудаа компаниудтай холбож өгөхийг хүссэн хэрэг. Үндсэндээ сураад ирсэн оюутнуудаа яаж ажиллуулах юм бэ гэдэг асуудлаас бүрэн гарах юм.

-Дэлхийн шилдэг 100 сургуульд 200 гаруй залуу суралцахаар болсон байгаа. Тэдэнд олгогдох тэтгэлгийн асуудал юу болсон бэ. Мөн Дээд боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа гэх юм. Ямар учиртай нэмэлт өөрчлөлт болох талаар тайлбар өгөөч?

-Монгол залуучууд дэлхийн шилдэг сургуулиудад элсч чадаж байна. Тэдэнд батлагдсан санхүүгийн хязгаарт тэтгэлэг олгохоор болсон. Төсвийн тодотгол яригдвал санхүүжилтийнхээ хэмжээг нэмүүлэх чиглэлээр Засгийн газарт саналаа өгсөн. Саяхан Засгийн газрын хурлаар Дээд боловсролын хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг ярьж дэмжлэг авсан.

Удахгүй Засгийн газрын хурлаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Нэмэлт өөрчлөлтийн гол үзэл санаа нь дээд боловсролын байгууллагуудыг бие даалгах, санхүүгийн ил тод болгох, санхүүжилтийн олон их үүсвэртэй болгох гэсэн ийм үндсэн гурван зарчимтай. Энэ зарчмуудын үр дүнд мэдлэг үйлдвэрлэдэг, үйлдвэрлэгчдийг дэмждэг тогтолцоонд дээд боловсролын байгууллагын шууд оролцоог бий болгох зорилготой хуулийг өргөн барьсан юм.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд л сөхөгддөг. Энэ хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хөрөнгө санхүүгийн хэмжээнд тулгуурлаж бүтээн байгуулалтын ажил хийдэг. Батлагдсан төсвийнхөө хүрээнд 2015-2016 онд цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьсан. Өнгөрсөн жилийн хувьд 82 хувьтай гарсан. Нэг үгээр хэлбэл, жилд 15-20 мянган хүүхдийг цэцэрлэгт явуулах орчинг бүрдүүлж ажиллаж байна. 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээг Засгийн газар дэмжсэн.

Энэ жил 30 гаруй байршил дээр барилга барихаар төлөвлөсөн. Аж үйлдвэрийн яам дээр болоод Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулалтын газар дээр тодорхой гэрээ хэлэлцээрүүд нь явагдаж байгаа. Мөн Хятадын тусламжаар 20 орчим сургууль барихаар төлөвлөсөн. Энэ талаар ням гарагт Сангийн сайд Хятад улсад ажиллана. Ажлын хүрээнд Хятадын тусламжийг эцэслэж хуваарьтай нь гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Концессын гэрээгээр баригдах 72, Хятадын буцалтгүй тусламжаар барих 20, нурааж барих шаардлагатай 10 сургуулийг нэмэх юм бол 100 барилгыг хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулчихвал бид Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд 2024 онд нэг ээлжээр хичээллэнэ гэсэн төлөвлөгөө наашлах юм.

Мөн дээрх барилгууд дээр нэмэгдээд энэ онд улсын төсвөөр нийтдээ 54 цэцэрлэг, 59 ерөнхий боловсролын сургууль, 22 дотуур байр, есөн спорт заал барьж байгуулах юм. Эдгээр цэцэрлэг, сургууль баригдаж ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийг 85 хувьд хүргэх бололцоотой юм гэсэн тооцоог хийсэн хэрэг.

-14 дүгээр сургуулийн ажил ямар шатандаа явна вэ. Хүүхдүүд нь гурван сургуульд хуваагдаж хичээллээд багагүй хугацаа өнгөрлөө?

-Санхүүгийн эрх нь бидэнд байхгүй учир хэдийд эхэлж, дуусах талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй байна. Аль болох хөрөнгө санхүү, концессын ажил хийж буй яамдуудаа шавдуулж ажиллаж байна. 14 дүгээр сургуулийн хувьд энэ жил баригдана гэсэн төлөвлөгөө бий. Энэ асуудал дээр манай яамныхан байнгын хяналт тавьж ажиллаж байна.

-Шинээр баригдаж байгаа хороолол дунд сургууль, цэцэрлэг барихгүй байна гэх шүүмжлэл бий?

-Хотын даргын захирамж гарсан. Тэр захирамжаар шинээр төлөвлөж буй хорооллууд хажуудаа заавал сургууль барина гэсэн байгаа. Гол тулгамдаж байгаа асуудал нь барьсан сургуулийг нь улсад худалдаад авах мөнгө байгаа юу гэдэгт л байгаа юм. Тэгэхээр Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хот, аймгийн захиргаанууд, манай яам хамтраад сургуулийг яаж бариулах юм гэдэг дээр тохирох ёстой. Газрын асуудлыг нь хот төлөвлөөд өгчихнө. Барилга, хот байгуулалтын яам стандарт, үнэлгээг нь хийгээд өгнө.

Дараагаар нь бид ямар үнээр худалдаж авах вэ, хэдий хугацаанд төлбөрийг нь барагдуулах юм гэдэг дээр Сангийн яам анхаарал хандуулж ажиллах гэм мэтчилэнгээр хамтын ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байна. Орон сууцны барилга барьж буй компаниуд бид сургууль бариад өгье гэдэг. Хамгийн гол нь төлбөрийн л асуудал байна. “Буянт ухаа” хороолол дээр хоёр ч цэцэрлэг баригдсан. Төрийн өмчит компани барьсан хэрнээ төрийнх биш байгаад байна. Тиймээс Засгийн газрын хурлаар оруулаад улс төрийн өмчинд авъя, төлбөрийг нь ирэх жилийн төсвөөс шилжүүлээд өгье гэсэн байгаа. Есдүгээр сарын 1-нээс улсын цэцэрлэгээр үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдсэн.

-Хувийн хэвшлийн төлбөрийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Хэт өндөр гэх шүүмжлэл дагуулах болсон?

-Хувийн хэвшлийн сургуулиудын төлбөр хэт өндөр байгаа нь шударга бус гэдэг нь тодорхой. Дээд боловсролын удирдлагуудыг бие даалгасан болгоё гэж байгаатай адилхан ашгийн бус шүү дээ. Ер нь сургууль гэдэг бол ашгийн бус байгууллага. Тэгэхээр энэ ашгийн бус байгууллагын удирдлагыг маш тодорхой болгох хэрэгтэй.

Жишээлбэл, эцэг, эх, багш нарын оролцоо ямар байх юм, тэр хувийн сургуулийг байгуулсан хувь нийлүүлэгчдийн оролцоо ямар байх вэ гэдгийг тодорхой болгож өгөхгүй бол сургууль байгуулсан хүн нь ашиг олно гэдэг бодолтойгоор бизнес болгож хараад байгаа юм.

Ямар ч гэсэн ашгийн бус үйл ажиллагаа явуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг урамшуулж, дэмжиж байгаа шигээ яг тэр зорилгынхоо хүрээнд ажиллах  хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагыг барина. Түүнээс биш шууд оролцоод танай сургууль төлбөрөө нэм, буулга гэж хэлэх хуулийн бололцоо бидэнд байхгүй. Бидэнд байгаа ганц бололцоо нь тухайн сургуулийн эрхийг хурааж авах.

Тухайн сургуулийн эрхийг шууд хураагаад авчихаар нөгөө талд нь эцэг, эх, хүүхдүүдийн асуудал үүсээд байгаа учраас санхүүтэй холбоотой шийдвэр гаргах эрхийг эцэг, эх, багш нарын оролцоотой хийгээд явах шаардлага байгаа юм. Улсын хэмжээнд нийтдээ 108 хувийн ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг. Найм нь огт төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Бусад сургуулийнх нь төлбөрийн хэмжээнд манай яам хяналт тавьж ажиллаж байна.

-Тэгэхээр төлбөрийг нь бууруулах талаар ямар ажил хийж байгааг тань сонирхож болох уу?

-Нэг хүүхдэд ногдох  хувьсах зардлын хэмжээ улсын дунджаар жилд 345 мянган төгрөг байдаг. Бид санхүүжилтийг улсын, хувийн гэж ялгалгүйгээр өгдөг. Тэгэхээр хэт өндөр буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй  зургаан сургууль бий.

Эдгээр сургуульд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 70 орчим хувиар бууруулна гэсэн Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж удахгүй хуралдаанаар оруулж шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ нь хувийн сургуулиуд төлбөрөө хэт өндөр болгохгүй байх шалтгаан болно гэж найдаж байна.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж