Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы хуралдаан үргэжилж байна. Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг  ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Ц.Оюунгэрэл: Хүүхдийн эрхтэй холбоотойгоор хүүхдийн тоглоомын газрын нэг асуудлыг хөндмөөр байна. Улаанбаатар гэлтгүй аймаг сумд хүүхдийн тоглоомын газрыг булааж байна. Хуульд үүнийг яаж тусгасан бэ?

 Ажлын хэсгийн гишүүн н.Баавгай: Тоглоомын талбай, хурдан морь зэрэг олон асуудал дээр хүүхдийн  Хүүхдийн эрхийн байцаагчийн эрх олгохоор болсон, шаардлагатай объектод нэвтрэх эрх тавьж өгсөн.

Л.Болд: Гадаадын тэргүүний туршлага, үлгэр жишээг авсан уу. Хүүхдийн эрхтэй холбоотойгоор төрийн бус байгууллагууд бүх хуулийн байгууллагууд оролцох заалт тусгаж болохгүй. Хүүхдийн эрхийг хамгаалах нь нийт нийгмийн үүрэг. Манайхан бол их сонин сэтгэлгээтэй ш тээ. Хүүхдээ зодуулаад ирэхээр нэмээд зоддог. Нэг ч хүүхэд хохирохгүй байх асуудлыг ярьж байна шүү дээ.

Ажлын хэсгийн гишүүн н.Баавгай: Энэ гишүүний амин сүнс бол хүүхдийн оролцоотой бий болсон төрийн бус байгууллагыг дэмжихээр тусгасан. Хүүхэд ахалж байгаа, хүүхдийн удирдаж байгаа төрийн бус байгууллагуудыг төрөөс дэмжихээр болсон. Манай хүүхдийн байгууллага бол үе тэнгийнхний хүчирхийлэл, дарамт шахалтад анхаарч байгаа. Энэ асуудлыг зөрчлийн тухай хуульд тодорхой оруулсан.

Л.Болд: Би багадаа хүнд дээрэлхүүлдэг байсан. Би санадаг юм. Над шиг хүн дээрэлхүүлж байсан хүүхдүүд үнэхээр хүнд байдаг. Г.Баярсайхан гишүүн түрүүнд буруу ярьж байна лээ.  Хүүхдүүд фээсбүүк, нийгмийн сүлжээнд хамрах нь чухал.

С.Одонтуяа: Уяач хүүхдийн эрхийн асуудал байна. Зуны дэлгэр цагт хүүхдүүд морь уралдахыг хориглохгүй. Өвлийн улиралд хүүхдүүд морь унаснаас болж,  амь нас нь эрсдэх болсон. Манай нэг эрэгтэй гишүүнээс би асуусан л даа. Та өөрийнхөө хүүхдийг өвлийн улиралд морь унуулж чадах уу гэж. Тэгсэн нөгөө гишүүн “Авгайдаа алуулна ш тээ” гэж хариулсан. Хүний хүүхдийг өөрийнх шигээ бас бодмоор байна.   Байнга витамин шахуулсан морь бол мал биш адгуус болж байгаа.  Энэ асуудлыг хуулийн төсөлд яаж тусгасан вэ

Ажлын хэсгийн гишүүн н.Баавгай: Ашиг хонжоо олох зорилгоор хүүхдийн амь насыг хохиролд оруулах асуудлыг хуульд тусгасан байгаа.

Ч.Хүрэлбаатар: Хөдөө нутагт байгаа зургаан настай хүүхдийг дотуур байраар явуулаад байхаар цаашид энэ хүүхдийг эцэг, эхдээ хандах хандлага яаж өөрчлөгдөх вэ. Гэр бүлийн төлөвшил яаж тогтох вэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн үү.  Зургаан настай хүүхэд дотуур байраар явлаа гэхэд үзэл бодол, хүмүүжилд нь тодорхой өөрчлөлт орно.  Хөдөөгийн зургаан настай хүүхдийн асуудал нийгмийн асуудал болчихоод байгаа шүү дээ. Үүнийг  би асуугаад байгаа юм шүү дээ.   Тэс хөндлөн юм яриад байх юм.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт:  Энэ бол боловсролын хуулиар шийдсэн асуудал.  Харин дотуур байранд амьдрахад асрах багшийнх нь тоог нэмэх асуудлыг ярьж болно.

З.Энхболд:  УИХ-д  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар лобби бүлэг байгуулсныг зарлаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Энэ лобби бүлэгт Д. Арвин,Д. Батцогт,  Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр,  З.Баян-Сэлэнгэ, Д.Сарангэрэл нарын гишүүд багтаж байгаа юм байна.

Д.Сарангэрэл:  Эрэгтэй гишүүдийн зүгээс арай туйлширч байна. Хүүхдээ нэг муухай хараад, алганы амт үзүүлсний төлөө цагдаа дуудаад  өгчихнө гэсэн юм биш. Өнөөдөр бол хүүхдийн харгислал арай дэндүү байна. Энэ харгислалтай тэмцэх тогтолцоог бий болгох хэрэгтэй.  Түүнээс гадны хуулийн төслийг хуулаад тэр чигээр нь Монголд хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Түрүүнд Л.Болд гишүүний хэлсэн үнэн.  Хүүхдүүд бүлэглэж дээрэлхэх, дарамтад оруулах явдал хүүхдийг насан туршид нь эмгэг үлдээдэг. Энэ байдалтай тэмцэх хууль гэж ойлгож болно.

Г.Баярсайхан: Хуулийн  төслийг дэмжиж байна. Засч залруулаад  явах юм байна. “Үдийн цай” гэж хөтөлбөр байдаг.  Чихэр ихтэй зүйл өгснөөс болоод шүдний өвчин ихэссэн. Манай нэг танил “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдсэн гэж ярьж байна лээ.  

А.Тлейхан: Энэ хууль дандаа нэг талыг барьсан байж таарахгүй. Зөвхөн гадаадын үзэл санааг баримталсан, монгол хүний өв заншилаа гээсэн байж болохгүй. Аль, алийг нь тусгах хэрэгтэй. Ялангуяа тунхаглалын шинжтэй зүйлүүдийг нь авч хаямаар байна.

О.Содбилэг: Монголд ёс суртахуунд нийцээгүй бүх зүйлээс хүүхдийг хамгаалмаар байна. Гадуур явж байгаа садар самуун кино гэх  ч юм уу.  Монгол ёс суртахуун зан, заншил этик хангаагүй зүйлээс хүүхэд хамгаалмаар байна.

Хуулийн төслөөр санал асуулга явуулахад олонх нь дэмсэн тул анхны  хэлэлцүүлэгт буюу Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Үдээс хойш "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл , Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Мөн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд оролцож, мэдээлэл хийнэ.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж