Хятадын Хунань мужид нэгэн зэрэг 17 эмэгтэйтэй үерхэж байсан залуу баригдсан тухай South China Morning Post сонин бичжээ
Эх сурвалжуудын мэдээлснээр Юань хэмээх нэгэн залуу машины осолд орж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар түүний гэр бүлийнхэнтэй холбогдсон байна. Гэтэл түүний найз бүсгүй гэж өөрийгөө нэрлэсэн 17 бүсгүй эмнэлэгт ирсэн бөгөөд эмнэлгийн ажилчид хэн нь жинхэнэ найз бүсгүй нь болохыг тогтоох гэж багагүй хугацаа зарцуулсан байна. Гэвч эцэст нь тэдгээр бүсгүйчүүд бүгд Юанийн найз бүсгүй байсан нь олон хүнийг цочирдолд оруулжээ.
Өөрийгөө Шао Ли хэмээн нэрлэсэн нэгэн бүсгүй “Би түүнтэй жил хагасын турш үерхсэн. Харин түүнийг осолд орсныг сонсоод маш санаа зовж, тасралтгүй уйлж байлаа. Гэвч эмнэлэгт ирээд надаас илүү үзэсгэлэнтэй олон бүсгүйчүүдийг хараад уйлж ч чадаагүй” хэмээн ярьсан байна.
Тэрээр Юанийн найз бүсгүйчүүд харилцдаг групп чат хүртэл үүсгэж амжсан гэнэ. Шао Лигийн ярьснаар найз бүсгүйчүүд нь сар бүр Юаньд тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлдэг байсан аж. Нэг найз бүсгүй нь түүнд есөн жилийн турш санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа гэж тэрээр хэлжээ.
Харин түүний өөр нэг найз бүсгүй болох Ван Фан “Бид аль хэдийнэ хүүтэй болсон. Одоо би юу хийх ёстойгоо ч мэдэхээ байлаа. Мэдээж би хүүдээ хайртай ч Юанийг дахиж хайрлахгүй” гэжээ. Тэгвэл Шао Тинг гэх өөр нэг найз бүсгүй нь түүнтэй хуримаа хийхээр төлөвлөж байгаа тухайгаа хэлсэн юм.
Юаньд хууртагдсан эмэгтэйчүүд нийлэн тэр зальтантай хэрхэн “найзалж” байснаа “Өшөө авах эвсэл” нэртэй групп байгуулж, өөр өөрсдийн түүхээ дэлгэрэнгүй бичсэн байна. Тэр эр өөрийн найз бүсгүйчүүдээс мөнгө авч байсан болж таарав. Заримаас нь нилээд их мөнгө авсан байв.
Нэг эмэгтэй нь хятад “Ромеогийн” хүүхэд гаргасан гэнэ. Юанийн баривчлагдсан тухай тэд мэдээд өөрсдийн чатыг “Сахиусан тэнгрүүд” гэж шинээр нэрлэсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР