Их хурал чухал биш үү?

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Их хурал чухал биш үү?

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-нд үүссэн маргаан, багш дасгалжуулагчдын тавьсан шаардлага, холбооны Их хурлаа хуралдуулъя гэсэн санаачилгад МЧБХ тууштай анхаарал хандуулахгүй байна. Холбооны нарийн бичгийн дарга нар “Тамирчид тэмцээндээ оролцож чадаагүйд бид буруутай. Хариуцлага тооцно” гэж хэвлэлийн бага хурал дээр яриад өнгөрсөн ч одоо юу болж байгаа нь тодорхойгүй хэвээр.

Цагдаагийн байгууллагаас холбогдох хүмүүсийн гаргасан гомдлын дагуу тамирчдын визний асуудалтай холбоотойгоор МЧБХ-ны нэр бүхий хүмүүсийг дуудан, байцаалт авч эхэлсэн гэх ч тодорхой мэдээлэл бас л алга. Хилээр нэвтрэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байж магадгүй асуудал яригдаж байхад яагаад хуулийн байгууллагууд үүнд анхаарал хандуулахгүй байна вэ?

Энэ хугацаанд бас Чөлөөт бөхийн холбооны удирдлагад тавьсан шаардлагын хариу, холбооны ерөнхийлөгчийн ёс зүйгүй үйлдлийн талаар болон санхүүгийн тайлангаа үнэн зөвөөр нь Их хуралдаа тайлагнаач гэсэн багш, дасгалжуулагчдын тавьсан асуулга, шаардлагад их аварга Д.Дагвадорж телевизийн эфирээр хариулт өгөөд өнгөрлөө.

Угтаа бол чөлөөтийнхний маргаан хэмээгдэж буй энэ ээдрээтэй асуудлын учрыг олж, хужрыг тунгаах гол зам, гарц нь холбооны Их хурлыг хуралдуулах шийдвэр байх юм. Холбоог шинэчлэх Түр хорооныхон ч тэр, холбооны удирдлагууд ч тэр Их хурал дээрээ шаардлагаа тавьж, асуудлаа ярьж, гомдлоо хэлж, тайлангаа хэлэлцэх учиртай. Телевизийн эфир, хэвлэлийн хуудсаар биш халуун тогоон дотроо одоо асуудлаа ярилцах нь чухал.  Их хурлаа хуралдуулж, тайлангаа тавьж, тойрч суугаад ярилцахад юу нь болохгүй байгаа хэрэг вэ?

Учир нь хэвлэлийнхэн, спорт сонирхогчид, эгэл жирийн уншигчид байтугай чөлөөт бөхийн хүрээнийхэн өөрсдөө ч ухаж ойлгохгүй, олон асуулт, энэ холбоонд хуримтлагджээ.

Тухайлбал, хамгийн сүүлд хуралдсан холбооны Их хурлаар буюу  2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг баталсан байдаг бол 2013 онд Монголын чөлөөт бөхийн холбооны үүсгэн байгуулагчдын хурал гэгчээс холбооны дүрмийг шинэчлэн баталжээ.

Тиймээс,

  • Монголын чөлөөт бөхийн холбоог үүсгэн байгуулагчид гэж хэн бэ?
  • Тэд яагаад Их хурлаар баталсан дүрмийг өөрчилсөн бэ? Өөрчлөх эрх зүйн чадамж бий уу?
  • 2013 онд хуралдах байсан Их хурал яагаад хуралдаагүй вэ?
  • 2009 оны Их хурлаас баталсан дүрмийн 3.1.4-т зааснаар МЧБХ-ны ерөнхийлөгчийг холбооны Их хурлын нийт төлөөлөгчийн ердийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар, дөрвөн жилийн хугацаатай сонгоно гэсэн заалт яагаад зөрчигдөв?
  • 2013 онд Их хурал хуралдаагүй учир одоогийн ерөнхийлөгч хууль ёсны удирдлага мөн үү?
  • МЧБХ-ны удирдах дээд байгууллага нь Их хурал уу эсвэл Удирдах зөвлөл үү гэхчлэн олон асуулт урган гарч ирж байна.

Тийм болохоор л энэ бүхнийг ярилцах, дүрэм журмаа нэгтгэх, бодлого шийдвэрээ нягтлах, санхүү тайлангаа цэгцлэх эцсийн боломж нь Их хурал юм биш үү, чөлөөтийнхөн.

Эс бөгөөс, их хурал хуралдахгүй аваас чөлөөт бөхийн холбоо тойрсон энэ үл ойлголцол олимпиор та бүхэнд саад тотгор болж, олон улсад нэр хүнд унагах вий?


 

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН ДҮРЭМ. 2009.03.13

 

 


 

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН ДҮРЭМ. 2013.11.25

 

 


ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ:

МЧБХ-Г ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРООНЫ ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ /2015.05.13/

 

МЧБХ-НЫ УДИРДЛАГУУДЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ /2015.05.18/

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж