Монголын Их хурлын гишүүд Шүрэнгийн усан цахилгаан станцыг Сэлэнгэ мөрөн дээр бариулахгүй гэсэн “100 хувийн амлалт өглөө” гэж Буриадын “АРД” сайт мэдээлжээ.
“Та нар монголчууд бидэнд итгэх ёстой” гэж Монголын Их хурлын гишүүд Оросын сэтгүүлч нарт мэдэгдсэн гэж уг мэдээнд дурьджээ.
Уг мэдээнд бичсэнээр, Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц бариулах төлөвлөгөөний талаар хэдэн жилийн маргаан явагдаж, асуудлыг засгийн газрын төвшинд тавьжээ. Оросын Байгаль орчны яамны шинжээчдийн групп ирээдүйд үүнээс үүдэн гарч болох тооцоог хийгээд эхэлсэн байна.
“Байкал-Daily” сонинд ярилцлага өгөхдөө Улсын их хурлын гишүүн Лувсанвандангийн Болд, Мөнхчулууны Зоригт нар Байгал нуурыг усаар тэтгэгч Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС-ыг бариулахгүй гэж хэлжээ.
– Хэрэв бүс нутгийн экологид хор нөлөө үзүүлэхээр байгаа бол бид ямар ч төслийг дэмжиж батлуулахгүй. Байгал нуур бол дэлхийн сувд, Монголын гол мөрөн түүний усны 80 хувийг нөхдөг. Тиймээс бид энэ асуудалд болгоомжтой хандах болно гэж ноён Л.Болд онцоллоо.
УИХ-ын гишүүн М.Зоригт “Байгал нуурыг бүх дэлхийгээрээ хамгаалах ёстой Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц баригдахгүй.Хэвлэлээр Сэлэнгийн УЦС-ын талаар их мэдээлэл гарч байна. Орос, Монгол хоёрыг бүү сөргөлдөөсэй гэж олон хүн хүсч байгаа. Байгал нуур бидний хувьд маш үнэтэй. Тийм ч учраас Сэлэнгэ мөрөн дээр УЦС хэзээ ч босохгүй гэдэгт 100 хувийн итгэлтэй байж болно” хэмээн хэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР