Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Хятадын шинэ бодлого

 

Хятадын дарга Си Жинпин шашин гадны нөлөөллөөс ангид байх ёстой хэмээн мэдэгдэв. Түүнчлэн тэрээр дотоодын шашны бүлэглэлүүдийг улсдаа үнэнч байхыг шаардлаа.

 

Хятадын коммунист нам олон янзын шашин, түүний дэлгэрэхийг хяналтандаа байлгахыг эрмэлздэг байна. Гадаадын дайсагнасан хүчнүүд шашинаар дамжуулан Хятадын нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулах боломжтой гэж Бээжингийн эрх баригчид үзжээ. Хятадын шашны бодлогын дагуу 1990-ээд оноос хойш гадны номлол, шашины шинэ урсгалыг хориглож, Ватикан гэх мэт гадаадын шашины байгууллагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах болсон аж.

 

 

Ватикан Бээжингийн албан ёсны харилцаа 1951 онд тасарсан бөгөөд Бээжингийн хяналттай католикийн хэдэн сүм папын хяналтын гадна үлдэж хоцорсон аж. Католик болон христийн шашины хурдацтай дэлгэрэхийн эсрэг Хятадын Жөжян мужид 2014 оноос хойш 400 гаруй сүмийг хаасан байна.

 

Үүний зэрэгцээ исламын шашинт уйгур үндэстнүүд оршин суудаг Шинжаан болон бурхны шашины өлгий Түвдийг хяналтандаа байлгах гэж Бээжин их хүчин чармайлт гаргадаг. Шинжааны уйгур үндэстнүүд бослого үймээн дэгдэж, хятадуудын эсрэг халдлага дайралт хийх нь элбэг. Харин Түвдийн лам нар өөрийгөө шатаан амиа золих маягаар олон улсын анхаарлыг татаж Бээжингийн эсрэг тэмцлээ илэрхийлдэг. Шинжаан, Түвдийн тэмцэл олон улсын анхааралд байнга өртөж, Бээжингийн эсрэг хүчтэй шүүмжлэл дагуулдаг юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж