Дөрвөн настай охиноо зодож тархинд нь гэмтэл учруулан, уушгийг нь бяцалснаас амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр /05.21/ боллоо. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болсон хуралд шүүгчдэгч Т.Цогт, Г.Маралмаа, талийгаач охины төрсөн ээж болон “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын гишүүд оролцсон юм. Мөн шүүгчээр Б.Мөнхбаяр, С.Оюунчимэг, Ш.Төгсгэрэл, өмгөөлөгчөөр Б.Хувцагаан нар оролцлоо.
Шүүх хурал эхлэхэд Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс “Шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан ч шүүгчид хүсэлтийг хүлээн авалгүйгээр хурлыг нээлттэйгээр явуулж эхэлсэн юм. Мөн охиныг хөнөөсөн хэрэгт гол буруутнаар тогтоогдоод буй хойд эх 27 настай Г.Маралмаа одоогоор таваас зургаан сартай жирэмсэн тул батлан даалтад гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Эрүүл мэндийн шалтгааны улмаас буюу эмчийн хяналтад орох шаардлагатай байна. Тиймээс батлан даалтад гаргаж өгөхийг хүсч байна” гэж шүүх бүрэлдэхүүнд хандсан юм. Энэхүү хүсэлтийн хариуд шүүгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа эмнэлэгт хүсэлтийг тань уламжилъя гэлээ. Харин шүүгдэгч Т.Цогт шүүх хурлын үеэр хүсэлт гаргасангүй өөрөөр хэлбэл нэг ч үг дугарсангүй.
Өнөөдрийн шүүх хурал ийнхүү нээлттэй үргэлжлэх байсан ч улсын яллагч буюу дүүргийн I прокурорын газрын прокурорууд гурван өдрийн сургалтад хамрагдсан гэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй болж хурлыг хойшлуулсан юм. Ингээд шүүх хурал ирэх зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшилж, шүүгдэгчдийг Цагдан хорих 461 дүгээр ангируу аваачхаар Тахарын албаны автомашинд суулган авч явсан юм.
Дашрамд, хуралд талийгаач охины ээж ирсэн бөгөөд “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын гишүүд “Талийгаач охины ээжийн сэтгэл санаа маш хүнд байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах боломжгүй байна” гэж учирласан юм.
Хурал тарах үеэр “Ээж бүхний дуу хоолой”-ын тэргүүн Б.Уянга,
-Хурлын үеэр охины амийг хөнөөсөн сэжигтэн Г.Маралмааг жирэмсэн, тэр тусмаа охиныг зодож хөнөөх үед бие давхар байсныг мэдлээ. Эмэгтэй хүн ялангуяа ээж болох гэж байгаа хүнээс ийм байж болшгүй догшин авир хэрхэн гарсныг гайхаж байна /уйлав/.
-Прокуророос Т.Цогтод таван жилийн төлөвлөсөн гэж байгаа ч Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хоёр жилийн ялаар шийтгэх бололцоотой. Хуулийн байгууллагад нөлөө бүхий танил тал, хамаатан садантай тул ял зөвших магадлалтай гэж багагүй яригдаж байна. Та бүхний зүгээс прокуророос төлөвлөсөн ялыг хэрхэн хүлээн авсан бэ?
-Нэгэнт дөрвөн настай талийгаач охин босч ирээд юу болсон талаар хэлж чадахгүй шүү дээ. Тиймээс цуглуулсан баримт, хуулийн байгууллага, шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарна гэж найдахаас өөр алга. Гэхдээ бурхан гэж байдаг болов уу. Тиймээс буруутай этгээд нь шийтгэлээ авна гэдэгт найдаж байна.
Талийгаач охины ээж өнөөдрийн хуралд ирж оролцсон. Хөөрхийн ээжийн хувьд охиноо төрсөн эцэгт нь сар ч хүрэхгүй хугацаанд өгснийхөө хариуд ийм гунигт зовлонд унасан болохоор сэтгэл санааны хувьд туйлын хүнд байна гэж тэрээр ярьсан юм.
Т.Цогт торгуулаад өнгөрөх магадлалтай гэнэ
Дээрх сэрдлэгийг нотолж байгаа нэгэн зүйл нь сэжигтэн Т.Цогтыг буруутган прокуророос яллагдагчаар татаад буй Эрүүгийн хуулийн зүйл анги юм. Мөрдөн байцаалтын явцад хийсэн мөрдлөгөөс шалгаалан Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан юм. Үүнээс үзвэл Т.Цогтыг охиндоо огтхон ч гар хүрээгүй гэж үзэн, дарамтлаагүй, байнгын дарамт, хүчирхийлэл, зодуурт байхад туслалцаа үзүүлээгүй зэрэг үйлдэлд нь буруутгаагүй байх юм. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх зүйл заалтад зааснаар бол Т.Цогтыг буруутгавал шийтгэлийн дээд хэмжээ нь гурваас таван жил хорих ял гэнэ. Таван жилийн ял сонслоо гэхэд л гэмт хэрэг анх удаа үйлдэж байсан гэдгээр нь Өршөөлийн хуулинд хамруулан “өөхшүүлж” улмаар хоёр жилийн ял, эсвэл ялыг тэр чигт нь өршөө бүр торгоод өнгөрөх бүрэн бололцоо байгаа гэдгийг ч хэллээ.
Харин талийгаач охины төрсөн ээж Б.Өнөржаргал энэ хэрэгт Т.Цогтыг буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Т.Цогт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд криминалистикийн шинжээчээр ажилладаг хүн. Энэ хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан. Хамт ажилладаг шинжээч нар нь энэ хэрэг дээр ажилласан болохоор би ч гэсэн хардаж байгаагаа нуугаад яах вэ. Гэхдээ арай ч ийм хэрэг хийсэн хүний талд зогсох хүн байхгүй байлгүй дээ гэж бодох юм. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Надад ганцхан охин минь л байсан. Ганц байсан эрдэнээ би бусдын гарт алдчихлаа шүү дээ. Төрсөн эцэг нь үр хүүхдээ арай ч ингэнэ гэж бодоогүй” гэж ярьсан байна.
Г.Маралмааг 15-25 жилийн хорих ялаар шийтгэнэ
Мөрдөн байцаалтын явцад талийгаач охины хойд эх болох 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн гэдгийг тогтоожээ. Тодруулбал, түүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Шүүхээс Г.Маралмааг буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэнэ гэдгийг прокурорын байгууллагаас мэдээлжээ.
Г.Маралмаа, Т.Цогт нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгчээ
Т.Цогт, Г.Маралмаа хоёр хуулийн байгууллагад биенийхээ эсрэг мэдүүлэг өгч, нэгнээ хэрэгт буруутай гэж буруутгаж буй юм байна. Тодруулбал, Т.Цогт “Миний охиныг тэр хүүхэн байнга зодож, намайг эзгүйд хоол өгдөггүй байсан гэсэн. Тэр ч бүү хэл бие засуулдаггүй байсан гэж охин минь хэлж байсан. Энэ хэрэгт Г.Маралмаа л буруутай. Охиныг минь зоддог байсныг даанч мэдсэнгүй” гэж мэдүүлсэн байх юм. Харин Г.Маралмаа мэдүүлэгтээ “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэхээр нь зодоод би байсан. Би харин ч түүнийг болиулсан. Гэхдээ одоо бол Т.Цогт танил тал ихтэй залуу болохоор энэ хэргийг надад үүрүүлээд өөрөө ялгүй үлдэхээр шийдээд байгаа гэдгийг мэдсэн” гэж гомдоллосон байна.
Д.ЖАРГАЛ