Хөрөнгийн биржийн системийг есдүгээр сард холбож дуусна

Хуучирсан мэдээ: 2011.06.05-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн системийг есдүгээр сард холбож дуусна

Монголын хөрөнгийн зах зээлийн “Trade Mongolia 2011” форум “Чингис” зочид буудалд энэ сарын 3, 4-нд боллоо. Уг форум дээр Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman Хөрөнгийн биржид суурилуулж буй технологи болон Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын Хөрөнгийн биржид Millenium IT технологийг суурилуулна. Хэзээ энэ ажил дуусах вэ?

-Лондонгийн Хөрөнгийн бирж, Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Гэрээний дагуу Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлж, биржид төлбөр тооцоо, арилжааны системийн өөрчлөлт хийнэ. Одоо арилжаа, төлбөр тооцооны систем суурилуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилд бүрэн багтаах төлөвлөгөөтэй. Гэхдээ бидэнд хэд хэдэн асуудал тулгарч байгаа. Тухайлбал тендер. Бидний худалдаж авах гэж буй бараа  зүгээр нэг агуулахад байдаггүй болохоор тендер зарлаж оруулж ирэх хэрэгтэй. Тендерээ зарлачихсан байна. Тоног төхөөрөмжүүд долдугаар сарын дундуур гэхэд ирнэ. Суурилуулалтаа хийгээд есдүгээр сарын сүүлээр системээ холбочих сонирхолтой байна. Үүний дараа брокеруудаа сургалтад суулгаж, бэлдэх шаардлагатай. Арванхоёрдугаар  сар гэхэд системээ бүрэн холбоно. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржийн систем бүрэн автомат болно гэсэн үг. Харин Лондон, Торонтогийн биржтэй холбох бол дараагийн асуудал. Жил хагас орчмын дараа ч юм уу бэлэн болох байх.

-Таныг хөрөнгийн зах зээлийн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай хүн гэж сонссон. Өөрийнхөө ажлын туршлагаас хуваалцаач?

-Би анх Нью-Йоркийн хөрөнгийн биржийн автомат систем дээр ажиллаж байсан. Дэлхийн хамгийн анхны хадгаламж, төлбөр тооцооны автоматжуулсан системийг босгосон юм. Үүнээс хойш дэлхийн 50 орчим орны Хөрөнгийн биржид ажиллалаа. Тэр дунд биржийг нь анх байгуулалцаж байсан улс ч бий, биржийнх нь технологийн шийдлийг хийж өгч байсан нь ч бий.

-Манай улс шиг дөнгөж хөгжиж байгаа биржүүдэд ажиллаж байсан тохиолдол олон уу?

-Хөгжиж байгаа олон хөрөнгийн биржид ажилласан. Хамгийн анхных Гана улс. Тэр үед Ганын хөрөнгийн бирж нэг танхимд ширээ тойрч суугаад л хоорондоо арилжаагаа хийдэг байсан. Дараа нь Бангладеш, Шри Ланкийн биржид ажилласан. Бас л ширээ тойрч суугаад арилжаагаа хийдэг дүр зурагтай биржүүд байсан. Үүний хажууд Монголын Хөрөнгийн бирж бол тодорхой хэмжээнд хөгжсөн, электрон тоног төхөөрөмжтэй нь нэг давуу тал юм. Үүнээс гадна Энэтхэгт хэсэг хугацаанд байсан. 24 жижиг хөрөнгийн биржтэй байсныг нь нэгтгэж нэг том хөрөнгийн бирж болгосон туршлага байна.

-Технологийн шинэчлэлтээс гадна өөр ямар ажил хийх шаардлагатай байна вэ?

-Монголын Хөрөнгийн биржид одоо хамгийн том тулгамдаж байгаа асуудал бол хууль, эрхзүйн орчин дутуу, тааруухан. Энэ сул орчныг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэхэд л төр засгийн зүгээс их анхаарах хэрэгтэй гэж боддог.

С.Болд-Эрдэнэ (The Mongolian Mining Journal)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж