Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн маргааш болно. Олон улсын үзэсгэлэнгийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Хятад, Өвөрмонгол, ОХУ-ы Буриад улсаас ирсэн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн маргааш Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд 14.00 цагаас болно.
Уран бичлэгийн үзэсгэлэнг анх 2009 онд Бичиг, соёл боловсролын төвөөс санаачлан зохион байгуулж 32 уран бүтээлч оролцож байжээ. Үүнээс хойш жил бүр үзэсгэлэнд оролцогчдын хүрээ нэмэгдэж, 2013 оноос Буриад, Өвөрмонголын уран бүтээлчид оролцож эхэлсэн байна. Ингээд өнгөрсөн онд Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн болгон албан ёсоор өргөтгөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Монгол Улсын 50 гаруй шилдэг уран бүтээлч оролцсон байна. Энэ үзэсгэлэнд Монголын уран бүтээлч О.Ням-Осорын “Монгол” бүтээл шилдэг бүтээлээр шалгарч байсан аж.
Харин энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын 28, ӨМӨЗО-ны 8, Буриад улсын 6, Халимаг улсын 1, Франц улсын 1 гээд нийт 5 орны 44 уран бүтээлч оролцох юм байна.
С.ОТГОН