“News” агентлаг мэдээ, мэдээллийн “Tower TV” студитэй хамтран ярилцлагын шинэ төсөл эхлүүлж байна. Энэхүү булангаар “Tower TV” студийн сэтгүүлч С.Энхцэцэгийн бэлтгэсэн ярилцлагуудыг хүргэх болно.
Өдрийн сонин – тогтсон бодлоготой редакц
Нийгмийн хүрээнд өрнөсөн асуудал, үйл явдлыг нийтийн хүртээл болгох нь сэтгүүлчийн ажил. Чингэхдээ нэмж хачирлалгүй, голч үнэнийг баримтлах нь сэтгүүл зүйн зарчим. Харин үүссэн асуудлын бодит үнэнийг хазайлгахгүйн дээрэерэг тал руу даялуулан хандуулахыг эрмэлзэх нь сэтгүүл зүйн бичигдээгүй хууль. Ийм нарийн учир шалтгаант үүрэгтэй салбар учраас аль ч нийгэмд сэтгүүл зүй өндөр ач холбогдолтой оршдог. Нийгмийн хүрээнд өрнөж буй үйл явдлын судсыг барин задлан шинжилж, цаашдын өрнөл хандлагыг нь эерэгээр хэлбэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлчид нийгмийнхээ оюун санааны манлайлагчид, сэтгэгчид байдаг. Нөгөө талдаа, нийгмээсээ түрүүлсэн сэтгүүл зүй гэж үгүй. Монголын сэтгүүл зүй ч ялгаагүй. Оршин буй нийгмийнхээ яг дунд нь ойчиж босон хэлбэржиж буй салбар. Тэрхүү адармаатай хир нь сонирхолтой ертөнцийн төлөөлөгч Д.Мөнгөндалай “Өдрийн сонин бол монголын сэтгүүл зүйн том сургууль” хэмээн өөрийнхөө ажилладаг редакцийг дүгнэсэн юм.
Сонины зах зээл нэг хэсэг хүчтэй хумигдсан. Харин сүүлийн үед эргээд тогворжих хандлага ажиглагдаж байна. Хүмүүс сонин уншихаа бүрмөсөн болино гэдэгт би хэзээ ч итгэдэггүй гэж Д.Мөнгөндалай ярьсан.
Улс төр ба сэтгүүл зүй
Улс төр, сэтгүүл зүй хоёр бие биеийнхээ үнэт зүйлийг хүндэтгэх учиртайг Мөнгөө онцолж байв. Өдрийн сонин шиг өөрийн гэсэн үнэт зүйлээрээ танигдсан брэнд сонин хэн нэг улс төрчөөс мөнгө авчхаад тэр хүнийхээ тухай худлаа дуугараад эхэлбэл сонин өөрөө үнэ цэнээ алдана. Гэхдээ сэтгүүлч, сэтгүүл зүйн байгууллага гэдэг буяны газар биш. Жишээ нь над дээр нэг улс төрч ирээд өөрийнхөө тухай олон нийтийн харилцаа үүсгэх зорилгоор юм бичүүлэх хүсэлт тавилаа гэж бодъё. Бичүүлэх зүйлийнх нь агуулга миний итгэл үнэмшилтэй нийцэж байвал би оюун санааныхаа бүтээлийг үнэлүүлэхээс огт нэрэлхэхгүй. Сэтгүүл зүйн иймэрхүү нарийн асуудлыг ялгаж салгаж ойлгох нь зүйтэй гэсэн юм.
Аавын намтар үнэнээрээ үлдвэл сайхан
Яруу найрагч О.Дашбалбарын намтар, уран бүтээл судлалыг хөгжүүлэх зорилготой “Дашбалбар сан”-г Д.Мөнгөндалайн дүү Д.Гангабаатар удирддаг. Мөнгөндалайн хувьд аавынхаа захиас болгосны дагуу “Аав” нэртэй дурсамжийн ном бичиж буй. “Зарим хүмүүс охин нь бичиж байгаа болхоор бодит үнэнээс хол, магтаж бичих биз гэж магад. Дашбалбар сангийн гол зорилго нь тэр хүний намтар, уран бүтээл судлалыг үнэн байлгах, бодитой хөгжүүлэх явдал. Аавтай холбоотой байсан хүмүүсээс түүхийг өөртөө ашигтай байдлаар гуйвуулж бичсэн зүйлс мэр сэр бий. Миний хувьд аавын түүх намтрыг худлаа бичих сонирхол байхгүй ээ, үнэнээр нь бичих болно. Аавын түүх үнэнээрээ үлдвэл бидэнд сайхан” хэмээн сангийнхаа бодлогыг тайлбарласан.
Арван найман МЯНГАН дагагчтай жиргээч
Сэтгүүлчдийг хүмүүс худалдагдсан гэж ярих дуртай. Гэтэл худалдагдсан жиргээч ямар олон гээч. Аль нэг улс төрчийг өмөөрч талцаад бөөн хэрүүл. Нөгөө улс төрч нь үүсгэсэн хэрүүл зодооноо хараад баясаад сууж байх энүүхэнд гэж Д.Мөнгөндалай жиргээний ертөнцийн сүүдэрт талыг тайлбарлав. Уур уцаар, бухимдал давамгайлсан нийгмийн дунд ажилладаг сэтгүүлч хэдий ч, Мөнгөө амар тайван амьдрахуйг эрхэмлэдэг. Арван найман мянган дагагчдаа хандан хөнгөхөөн жиргэж сурчээ. Нүд сэтгэл баясгах гоё зураг эсвэл хүмүүст хэрэг болж мэдэх мэдээлэл оруулдаг гэнэ. Өнөө цагт жиргээнд хүртэл хэт авталгүй, аливаа бүхний тэнцвэрийг олж амьдрах чухал гэж Д.Мөнгөндалай үздэг байна.