УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 68.9 хувь нь дэмжсэнээр баталлаа.
Одоо мөрдөж байгаа Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байгаа юм. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Иймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх төслийг Засгийн газар боловсруулсан байсан нь ийнхүү батлагдлаа.
Дараа нь Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонхи дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.
Техник технологийн хөгжил, дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны болон бусад баримтууд цахим хэлбэрээр хийгдэх байдал түгээмэл болж, одоо үйлчилж буй хуулийн дагуу татварын алба татвар төлөгчөөс цаасан баримт ирүүлэхийг шаардаж байгаатай нийцэхгүй болж буй аж. Тухайлбал, татварын албаны хувьд хяналт шалгалт хийхэд, татвар төлөгчдийн хувьд татвараа үнэн зөв мэдүүлэхэд ихээхэн хүндрэл үүсгэж буй юм байна.
Иймд татварын хяналт шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтуудыг анхан шатны баримтаар хүлээн зөвшөөрөх боломжийг тусгасан заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан татвар төлөгчийн үүрэгт “18.1.13.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэснийг “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим буюу цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн ба бусад баримтыг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Ийм өөрчлөлт хийснээр татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болж, цаасан баримтын зардал, амархан үрэгдэх эрсдэлийг бууруулна. Энэ өөрчлөлттэй холбогдуулан цахим баримтыг үнэлэх, түүнийг хяналт шалгалтын явцад хэрхэн хадгалах, битүүмжлэх асуудлыг Санхүү татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар төсөлд тусгажээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Г.ДАРЬ