Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэлгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас хүйдэс нь урд хилээ хаалгавал улаан хоолой давах юмгүй болно гэдэгт байгаа болов уу даа. Хятадууд хохь чинь шүү ходоодтой чинь тооцоо хийнэ шүү гээд манай Хятадад ээлтэй дарга нарыг маань айлгаад байна уу даа. Манай эрх мэдэлтэй эрхмүүд ч багананы цаагуур нүүрээ нуудаг балчир хүүхэд шиг айгаад байна уу даа.
Би
хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж
сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ.
Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ,
бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам
залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо
болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд
амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө
хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ
зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж,
монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун
хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон
өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд
ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн
шүү дээ. Тэгвэл бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм
байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Хямдыг хайх
тутам ухамсраараа ч ахуйгаараа ч улам ядуурна. Цөөхөн монголчууд бид
чанартай, эдийн сайныг хэрэглэх боломжтой. Урд хилээ хаах нь
монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний
үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн
талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.
Өнө удаан жил өвгөдөөс уламжилж ирсэн эх нутгийн хөрсөн доорх баялгаа бид ядарч арга барагдлаа, одоо л идэхгүй бол хэзээ идэх вэ гээд вагон вагоноор, тэрэг тэргээр нь урагш хил давуулан зөөж хямд үнээр худалдах шаардлага байна уу? Тэр хямдаар худалдсан ашиг ард түмэнд нялзаж байна уу? Ёстой үгүй байх аа. Хятад нүүрсгүйдээ манайхаас аваад байгаа юм биш. Нөөцөө хав дарж шороон түмэн хятадуудынхаа ирээдүйг бодож манайхаас нүүрс татаж байгаа юм. Нэг ёсондоо би үхэхээр чи түрүүлээд үх гэсэн үгийг тэд хэрэгжүүлж байна. Бид баяндаа нүүрсээ урагш нь өгөөд байгаа юм биш, бидний төр засаг арчаагүйдээ өвөг дээдсийн хэдэн мянганы турш өвлүүлж үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийж байна. Монголд хэдxэн хүн баяжаад яах юм бэ. Тэд ямар үхэхээрээ хамаг юмаа аваад хoрвоогоос явах биш. Хатуухан хэлсэн бол уучлаарай. Монголд хуримтлагдсан баялгийг ард түмэндээ зөв зохистой хуваарилж, үр ашигтайгаар хэрэглэж чадвал айл өрх бүр өөдөлж дэвжих боломж бий. Харин ч манайхан байгалийн баялгаа зарлаа гээд өөдөлж дэвжихгүй, улам ядуурч хоосрох нь гарцаагүй. Энэ бол хөгжиж буй олон арван орны амьдрал практик батлагдсан бодит жишээ.
Хэрвээ Монголын төр засаг бодлогоо алсын хараатай зөв боловсруулж, гүйцэтгэх засаглал түүнийг нь бүх шатандаа бодитоор хэрэгжүүлж, хүн ард нь жигдээр хөгжөөд улс түмэн нь хөл дээрээ босоод ирвэл гадна буй монголчууд аяндаа хуйларч дагаад л ирнэ. Чадахгүй бол Туваа нар шиг Mонголоо доромжлоод, чангаасан ч цаашаа хараад нүүр буруулан сууж байх болно. Хүн гэдэг ердөө хуурамч амьтан, дандаа чадалтны өмнө мэхийж байдаг. Монгол үндэстний манлайлагч бол хэнээс ч айж сүрдэхгүй, алтан ургийн хэлэрхий, алаг махны тасархай, халуун цус нэгт хамаатан садангаа хурайлан дуудаx ёстой. Яадаг юм бэ хүн дагаад хөгжил ирнэ биз дээ. Монголын төрийн жолоодогчид урд хилээр сэтэрхий тэвнэ ч гадагш гаргахүй, Хятадын хогноос ширхэгийг ч авахгүй, эх нутагтаа эзэрхэг гүрнүүдийн цөмийн хаягдлыг бүр ч булшлуулахгүй, сөөм газар ч харийнханд түрээслүүлэхгүй, хүн ардынхаа гэрэл ирээдүйн төлөө сэтгэл зүрхнээрээ ажиллах ёстой. Бас шаахайн мөрөөр Монголынхоо алтан шороог тамгалуулахгүйгээ ч мэдэх ёстой. Хэрвээ чадахгүй бол чадвартай хүмүүст орон зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Манай төрийн дээд удирдлагат буй хүмүүст сэтгэл, мэдрэмж, манлайлах чадвар үнэхээр тутаж байна.
Тэрслүү үзлээ тэрлэсэн,
Ш.Баатар