Сонгуульд “цацдаг” мөнгө хумигдах уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

Сонгуульд “цацдаг” мөнгө хумигдах уу?

Сонгуулиас сонгуулийн хооронд сонгуульд оролцох, нэр дэвших арга барил улам нарийсч, хэн их мөнгөтэй нь гишүүн, их мөнгө цацсан нам нь олонхи болдог жишиг тогтсон байна. Намууд хандив нэрээр их хэмжээний мөнгө хуримтлуулж, гишүүдээсээ мөнгө “татдаг” болсон нь нууц биш. Энэ хэрээр сонгуулийн үеийн зардал гэрлийн хурдаар өсч, өдгөө хэдэн тэрбумаар яригдах болж.

Өнгөрөгч 2012 оны сонгуульд АН 16.2 тэрбум, МАН 14.5 тэрбум, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гурван тэрбум, бусад нам хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ бол Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнасан дүн. Үүний цаана ил далд хэлбэрээр, хуулийн цоорхойг ашиглан зарцуулсан мөнгийг тооцвол бүр ч том тоо гарах биз.

Жилээс жилд сонгуульд их мөнгө зарцуулсан нь ялалт байгуулдаг гаж гэмээр жишгийг халах цаг болсон талаар хэн хүнгүй ярьж буй. Үүний тулд сонгуулийн үеийн санхүүжилтын ил тод байдлыг хангасан, нэр дэвшигчдэд тэгш боломж олгосон, сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулсан зохицуулалтыг хуулиар хийж өгөх хэрэгтэй гэдэг дээр ч санал нэгдэцгээж байна.

Өдгөө Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулж дуусаад, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ асуудлаар идэвхитэй дуугарч байгаа иргэний нийгмийн төлөөлөл болох Нээлттэй нийгэм форум, АТГ, бусад иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан “Сонгуулийн санхүүжилтын шинэчлэл” хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаа оролцож, иргэний нийгмийнхний саналыг сонсон, асуултад хариулсан юм. Ажлын хэсгийн ахлагч ажилласан Р.Бурмаагийн хэлснээр улс төрийн намын санхүүжилт дотроо сонгуулийн, улс төрийн намын санхүүжилт гэж хоёр хуваагдаж байгаа аж. Сонгуулийн хуульд сонгуулийн санхүүжилтыг нэлээн нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал, хандивын асуудал дээр хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ, нэр хаяг, түүнд тавих хяналтыг тодорхой болгожээ. Мөн нэг намаас нэг хүнээс сонгуульд зарцуулах санхүүжилтын хэмжээг зааж, хувиасаа гаргасан хөрөнгөө тайлагнадаггүй байсныг өөрчилжээ.

Сонгуулийн санхүүжилтэд бас нэгэн шинэчлэл хийсэн нь сонгуулийн зардлыг багасгах ач холбогдолтой хэд хэдэн заалт оруулсан байна. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн үеэр сурталчилгааны цагаа хэт өндрөөр үнэлдэг байдлыг өөрчилж сүүлийн зургаан сарын ханшийн дунджаар тооцох, МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах боломжийг бүх нэр дэвшигчид олгосон байна. Түүнчлэн бүх нэр дэвшигчийн тараах материалыг нэгтгээд сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж буй хүмүүс сонгогчдод хүргэж өгөх зэрэг зохицуулалт оржээ.

Өнөөдөр парламентад авсан суудлынх нь тоогоор намуудад төрөөс санхүүжилт олгож байгаа. Гэхдээ намууд төсвөөс болон иргэн, хуулийн этгээдээс авсан санхүүжилтээ юунд зарцуулсан талаараа ил тод тайлагнадаггүйгээс авлигад өртөмтгий гэх бүлэгт хамаарах болжээ. Тэр ч бүү хэл их хэмжээний хандив өгсөн хүндээ албан тушаал, эрх мэдэл хуваарилах, ах дүүд нь тендер өгөх замаар хариу барих тохиолдол байгааг ч хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Хуулийн төсөлд УИХ-д суудалгүй ч сонгогчдын тодорхой дэмжлэг авсан намуудад бодлого боловсруулах, боловсон хүчин бэлтгэх, ард иргэдэд үзэл баримтлалаа танилцуулахад зориулсан санхүүжилт олгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалгүй намуудад тэгш боломж олгох гэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр яригдсан бас нэг чухал асуудал нь сонгуулийн зардлын ихэнх хувийг эзэлж буй хэвлэл мэдээллийн сурталчилгаанд хязгаар тогтоох асуудал байв. Хэвлэл мэдээллийн сурталчилгаа, тараах материал, реклам самбарт хамаг байдгаа цацаж байгааг өөрчлөх нь зүйтэй гэв. Хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагад сурталчилгааны үнээ тогтоохдоо сүүлийн зургаан сарын ханшийн дунджаар тооцох, МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах боломжийг бүх нэр дэвшигчдэд олгохоор тусгасан байна. Гэхдээ энэ шийдлийг хоёр талаас нь харах хэрэгтэй гэж "Өдрийн сонин"-ы тоймч П.Хашчулуун хэлсэн. Тэрбээр “Нэр дэвшигчид мөнгөө хэвлэл мэдээлэлд их зарцуулж байна гэж их ярилаа. Энэ бол ерөнхийдөө хаана бооно гэсэн санаа. Хэвлэл мэдээллийн байгууллага бол бизнесийн зарчмаар ажилладаг. Тиймээс хязгаарласан хязгаарлаагүй сортлогдоод ёс зүйтэй мэргэжлийн байгууллагууд нь шалгараад үлдэнэ” гэсэн бол улс төр судлаач н.Батболд хэвлэл мэдээллийн хэрэгсэл бизнесийн байгууллага биш гэж эсэргүүцсэн.

Иргэний нийгмийнхний зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацааг аль болох богиносгож иргэдийг залхаахгүй байх, менежер буюу ухуулагчаар дамжиж байгаа мөнгийг тайланд тусгах, тэднийг төрөөс цалинжуулах асуудлыг эргэж харах, сонгуулийн үеийн тайланд банк санхүүгийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролд зориулсан контентыг сурталчилгаанаас ялгах, сошиал ертөнцөөр явах сурталчилгаа, нэр төрд халдах байдлыг хуульд тусгах зэрэг санал гаргалаа. Эдгээр саналыг хуулийн төсөлд тодорхой хэмжээгээр тусгасан болохыг Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хэлсэн. Харин цахим сүлжээнд ямар зохицуулалт, хяналт хийх талаар иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудаас санал авахаар болсон юм.

Ажлын хэсгийнхний хариултад 100 хувь итгэхэд бэрх. Учир нь, хуулийн төсөл өнөөдрийн байдлаар өргөн баригдаагүй, судлаачид, иргэний нийгмийнхний гар дээр очоогүй учир амьдралд нийцсэн үү, агаарын зохицуулалтууд орсон уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад энэ бүхэн тодорхой болж, иргэний нийгмийнхнээс гаргасан саналыг тусгах биз ээ.

С.ОТГОНСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж