Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарын хууль бусаар олгосон гэх 106 лицензийг гурван шатны шүүхийн шийдвэрээр цуцалсан. Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж хайгуулын ажилд их хэмжээний мөнгө, цаг заваа зарцуулсан гэх лиценз эзэмшигч компаниудын зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлэхийг УИХ, Засгийн газар, холбогдох яам агентлагуудаас шаардаж эхэлсэн юм. Иймээс энэхүү асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн 106 лицензийг эргэн сэргээх шийдвэрийг өнгөрсөн 2014 оны долдугаар сард гаргасан билээ. Энэхүү 106 лицензийн сонгон шалгаруулалтын явцын талаар болон өргөдлийн журмаар хайгуулын лиценз олгох асуудлаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
106 ЛИЦЕНЗИЙН 34 НЬ ЭЗЭНТЭЙ БОЛСОН
-Ашигт малтмалын газрын даргын “тараасан” гэх лицензийн балгаас болоод 106 лицензийг дахин сэргээж сонгон шалгаруулалт явуулж эхлээд байгаа. Энэ ажлын явцын талаар эхлээд мэдээлэл өгнө үү?
–Засгийн газраас баталсан шийдвэрийн дагуу тухайн талбайд сонгон шалгаруулалт зарлаж төр төлөх ёстой мөнгийг баталгаажуулан тэрхүү мөнгийг босго үнэ болгон тооцохоор болсон. Тэрхүү босго мөнгийг өмнө нь лиценз эзэмшиж байсан компани төлөхгүй харин шинээр тухайн газарт өрсөлдөж байгаа компани байршуулснаар сонгон шалгаруултад орох эрхээ авч байгаа. Мөн босго үнээс хэн өндөр үнэ хэлнэ тухайн компани лиценз эзэмших эрх авч байгаа гэсэн үг. Яг л ийм замаар сонгон шалгаруулалт явагдаж байгаа. 106 лицензийг сонгон шалгаруулалтын журмаар олгох явцад тусгай зөвшөөрөл нь өөр шалтгаанаар хүчингүй болсон 18 лиценз байсан. Мөн урт нэртэй хуультай давхцалтай 40-өөд лиценз байгаа юм. Тиймээс яамны зүгээс Ашигт малтмалын газарт ямар нэгэн маргаангүй талбайд сонгон шалгаруулалт явуулах чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт зургаан удаагийн сонгон шалгаруулалт явуулаад байна. Үүнээс 50 талбайд босго үнийг баталгаажуулж, сонгон шалгаруулалт явуулсан. Тодорхой хэлбэл урт нэртэй хуультай давхцалгүй 45 талбайгаас 39-д нь, тус хуультай давхцалтай байсан 43 талбайгаас 11 талбайн давхцлыг арилгуулан сонгон шалгаруулалт явуулсан гэсэн үг.
-Сонгон шалгаруулалт явуулсан 50 талбайгаас хэдэн талбайн лиценз эзэмшигч тодорхой болсон бэ?
-Одоогийн байдлаар 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан. Харин 11 талбайд сонгон шалгаруулалт явагдаж, дахин найман талбайд сонгон шалгаруулалт дөнгөж зарлаад байгаа.
-Өмнө нь лиценз эзэмшиж байсан компаниудын дийлэнх нь сонгон шалгаруулалтад шалгарч байгаа гэсэн үнэн үү?
-Тийм ээ. Нийт 34 аж ахуй нэгж лиценз эзэмших эрхээ авснаас 27 талбайд өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компани, долоон талбайд шинээр өрсөлдсөн газрууд шалгарсан байна.
-Сонгон шалгаруулалтад ороод ялаагүй компаниуд байршуулсан барьцаа мөнгөө буцаан авах боломжтой юу. Дунджаар хэдэн төгрөгөөр босго үнэ тогтоогдож байгаа вэ?
-Тухайн компанийн гаргасан зардлаас хамаарч янз бүр байна. Дунджаар хэлбэл 300-аад сая төгрөгөөр босго үнэ тогтоогдож байна. Сонгон шалгаруулалтад шинээр өрсөлдөөд дийлээгүй бол босго үнийн 30 хувьтай тэнцэх хэмжээний байршуулсан мөнгөө бүрэн буцаан авах боломжтой.
-Бусад шалтгаанаар олгогдох боломжгүй болсон гэх 18 талбайн талаар мэдээлэл өгөхгүй юу. Ямар шалтгаанаар сонгон шалгаруулалтаас хассан бэ?
-Эдгээр талбай нь шүүхийн шийдвэр гараад журам гарах хугацаанд өөр шалтгаануудын улмаас хүчингүй болсон юм билээ. Тодруулбал, лицензийн төлбөр төлөөгүй, геологи хайгуулын ажил эхлээгүй зэрэг шалтгааны улмаас хүчингүй болсон байдаг. Энэ газруудад дахин сонгон шалгаруулалт явуулахгүй.
ОРОН НУТГИЙН ИРГЭД АШИГ ХҮРТЭЖ ЭХЭЛНЭ
-Таван жилийн турш олгогдоогүй хүлээгдэж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ оны эхнээс олгож эхэлсэн. Ингэхдээ зөвшөөрөл хүсэгчдийг цахимаар бүртгэж буй. Энэ асуудал анхандаа багагүй маргаан, асуудлыг дагуулж байсан. Харин одоо аймаг орон нутгийн удирдлагууд “татгалзсан” гэх шалтгааны улмаас энэ ажил бүхэлдээ гацчихаад байна. Үүнийг шийдвэрлэх арга замыг олсон уу?
–Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар, сонгон шалгаруулалтаар гээд хоёр замаар олгохоор болсон. Өмнө нь хүссэн газарт нь лиценз олгож байсан бол харин одоо төрөөс тусгайлж олгосон газарт лиценз олгож байгаа юм. Өргөдлийн журмаар хэдэн жилийн өмнө олгодог байхад түрүүлж ирсэн иргэнд зөвшөөрөл олгодог байснаас ашигт малтмалын үнэ өсч, Ашигт малтмалын газрын байрыг эвдэхдээ тулж байсан шүү дээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр өргөдөл хүсэгчдийг цахимаар бүртгэх нь зүйтэй гэж үзээд, түрүүлж бүртгүүлснийг нь шалгаруулж байгаа юм. Анхандаа үл ойлголцол үүсч байсан. Харин одоо бол энэ ажил нилээн жигдэрч байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймгийн удирдлагаас зөвшөөрөл авах ёстой юм. Гэтэл зөвшөөрөл хүссэн өргөдлийн 70-80 хувьд орон нутгийн удирдлагууд татгалзсан хариу ирүүлж байгаа нь багагүй хүндрэл учруулж байна.
-Ямар шалтгаанаар зөвшөөрөхгүй байгаа юм бол. Хууль зөрчөөгүй л бол зөвшөөрөх тухай хуулинд тусгаад өгчихсөн байгаа шүү дээ?
-Яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэдгийг бид судлаж үзсэн. Орон нутагт геологи хайгуул, уул уурхай явуулах сонирхлыг нэмэгдүүлэхгүй л бол болохгүй юм байгаа нь харагдаж байна.
Уул уурхайн яамнаас Сангийн яамтай хамтарч Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, энэ асуудлыг УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Бараг батлагдах болов уу. Хэрэв Төсвийн тухай хуулинд энэхүү өөрчлөлт орох юм бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг аймаг, суманд нь олгодог тогтолцоог бий болгох юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч энэ талаар мэдэгдэлдээ дурдаж байсан. Тухайн аймаг сумын бэлчээр талбайг хөндөөд газар доорх баялгийг ашигладаг хэр нь олсон бүх орлогыг шууд улсын төсөвт төвлөрүүлж байгаа нь шударга бус юм. Иймээс аймаг, орон нутгийнхан компаниуд руу дайралт хийдэг байсан. Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт орсноор энэ асуудал шийдэгдэх байх. Мөн тусгай зөвшөөрлийн 50 хувийг орон нутагт нь өгөх юм.
-Багагүй мөнгө зарцуулж өргөдөл гаргах эрхээ авч, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс солбилцлоо батлуулсан лиценз хүсэгчдэд аймгийн Засаг даргын зөвшөөрөл л тушаа болоод байна шүү дээ. Лиценз хүсэгчид ч багагүй бухимдаж гомдол гаргаж байгаа гэсэн.
-Энэхүү хүсэлтэд хуулийн дагуу татгалзах учиртай. Гэтэл ихэнх аймгийн Засаг дарга нар ямар нэгэн хуулийн үндэслэл хэлэхгүйгээр зүгээр л татгалзаад байгаа юм. Яахав хаваржаа, өвөлжөө, орон нутгийнхны тахиж шүтдэг газар гээд байдаг. Хэрэв үнэхээр тийм газар байсан бол өмнө нь хамгаалалтад авч байх нь яасан бэ гэх асуудал үүсэх байх.
“ГУРВАН ТОМ МЕГА ТӨСЛИЙГ ОРХИСОН”
-Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аймаг орон нутагт нөөц ашигласны төлбөрийн 30, 50 хувийг өгнө гэсэн. Яг бодитоор хэдэн төгрөгийг дунджаар аймаг, суманд нь өгөх юм бол?
Гурван том мега төслөө орхиод бусад уурхайн хувьд энэ асуудал яригдах байх. Аймаг, орон нутагт хэдий орчим төгрөг “наалдах” нь төслийн том жижгээс хамаарах байх. Жишээ нь, Гацууртын ордны алтны төсөл дээр тооцоолж үзсэн л дээ. Сэлэнгэ аймагт нийт төслийн хугацаанд буюу арван жилд нийт 60 гаруй тэрбум төгрөг, суманд нь жилдээ 600 саяас нэг тэрбум төгрөг очих юм билээ.
Эдийн засгийн аргаар ийнхүү шийдвэрлэхгүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг аймгуудын удирдлага дэмжихгүй юм байна гэдэг нь нэгэнт тодорхой боллоо шүү дээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр уул уурхай явуулж байгаа аймаг сум, огт явуулаагүй аймаг сумын хөгжлийн хувьд асар их ялгаа гарч эхэлнэ. Тэгэхээр Төсвийн тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт нь маш зөв бодлого гэж Уул уурхайн яамнаас үзэж байна.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахимаар лиценз олгох ажлыг тэр чигтээ хууль зөрчсөн гэж мэдээлсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг авахад төлбөр тогтоож болон гэж заасан байдаг. Энэ дагуу цахимаар тусгай зөвшөөрөл олгохдоо VPN төхөөрөмжийн үнэ болох 280 мянган төгрөг, системд нэвтрэх эрхийн 500 мянгаас хоёр сая төгрөг мөн хуулиар тогтоосон 250 мянган төгрөгийн хураамж зэрэг мөнгийг лиценз хүсэгчдээс авч буй. Хэдийгээр хайгуулын зөвшөөрөл ч гэлээ монгол орны газрын доорхи баялгыг хайх эрхийг өгөхдөө үнэгүйдүүлж болохгүй гэдгийг тайлбарласан. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлага, улсын байцаагчид арай л буруугаар ойлгосон байна лээ. Гэхдээ бид ойлголцсон гэж болно.
МАЛАА МАЛЛААД ХӨГЖИХГҮЙ ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН ҮНЭН
-Өнөөдөр эдийн засаг муудаж, элгээрээ хэвтлээ л гээд мэдээлээд яриад байдаг. Эдийн засгийг өөд нь татах гол салбар нь уул уурхай. Гэтэл хэдэн хурган дарга нар, хэсэг иргэдийн эсэргүүцлээс болоод цөөнгүй аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч хохирч, улсад төвлөрөх мөнгө гацаанд ороод байна шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
–Бид үнэндээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувьд л хайгуул хийх зөвшөөрлийг гаргасан. 71.1 хувьд нь “гар хүрэхгүй” гэсэн үг юм. Орон нутгийн хувьд эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжгүй. Харин одоо Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор геологи хайгуул, уул уурхай явах юм бол тэр чинээгээрээ тухайн аймаг, суманд очих мөнгө нэмэгдэх юм шүү гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт тухайн газарт уул уурхай явуулахад ажлын байр цөөнгүй бий болдог. Монгол улсыг хамгийн түргэн хөгжүүлэх салбар бол уул уурхай. АНУ, Канад, Өмнөд Африк ,Австрали зэрэг улсууд бүгд л газар доорхи баялгаараа хөгжсөн шүү дээ. Манай улсын хувьд малаа маллаад дэлхийн хөгжилд хүрэхгүй гэдэг нь олон жилийн турш батлагдлаа шүү дээ. Тиймээс газрын доорхи баялгаа зүй зохистой ашиглах хэрэгтэй байна. Зүй зохистой гэдэг үгийг зориуд онцолмоор байна. 2000-аад оны үед хамаа замбараагүй аашилсан гашуун туршлага бий. Бид үүнээс сургамж аваад бодлогоо хяналтаа өөрчилж байна шүү дээ. Тиймээс ард иргэд маань зөв ойлгож хамтарч ажиллах нь хамгийн чухал юм.
-Ярилцсанд баярлалаа.
Д.ЖАРГАЛ