Бат хааны цэргүүд Киевийг түйвээсний нөхөн олговрыг шаардсан албан бичгийг Украины Дээд Рада Монголд хүргүүлсэн талаар Оросын вэб сайтуудад гарчээ. Энэ бичгийн хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Хохирлынхоо төлөө нөхөн олговор олгож болно. Гэхдээ зөвхөн амь үрэгдсэн хүмүүс, гэр бүлийнхэнд л олгоно. Хохирогчдын нэрсийн жагсаалтыг явуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн тухай хөх инээд хүргэм хөгжилтэй мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэл үнэн эсэх талаар УИХ-ын зүгээс тайлбарлаагүй нь эргэлзээ төрүүлэх ч Тавантолгойн талаар 2,3 сая иргэдээсээ санал асуу гээд байгаа УИХ-ын даргын зүгээс ирж мэдэх л ёжтой хариулт байгаа биз. Бат хааны байлдан дагуулалтын нөхөн олговрыг нэхсэн тухай энэ мэдээллээс илүү анхаарал татсан нэгэн мэдээлэл нь Хубилай хааны 800 жилийн ойг Хятадад тэмдэглэхээр болсон тухай. Өмнөд хөршийнхөндөө угаас дургүй монголчуудад энэ мэдээлэл хуурай өвсөнд тавьсан гал шиг хурдан түгэв. Бээжинд байх Хятадын эзэн хааны ордонд Хубилайн зураг зүй ёсоор тэргүүн эгнээнд залардаг гэдгийг очиж үзсэн хэн бүхэн хэлэх байх. Гэхдээ үүний цаана ямар үзэл санаа нуугдана вэ?
Түүхийг гуйвуулах гэсэн бас нэгэн оролдлого
Одоогоос 50 жилийн өмнө буюу 1962 онд мөн л ийм үйлдэл давтагдаж байжээ. Хятадууд Чингис хааны 800 жилийн ойг зориуд тэмдэглэсэн байна. Харин үүнийг харсан монголчуудын хувьд дуугүй өнгөрч болохгүй түүхэн явдал байв. Тиймээс их хаанаа алдахгүйн тулд ойг нь тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Архивын хуудсыг ухвал, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1962 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдааны үеэр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолыг гаргуулахаар оруулсан аж. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойг өргөн тэмдэглэхээр болж хурал хийх, шуудангийн марк гаргах, баримтат кино хийх зэрэг ажил төлөвлөж байж. Харамсалтай нь, энэ үйлдэл оросуудад огтхон ч таалагдсангүй. Бүр санаачлагчийг нь дээлээ нөмрөхөд хүргэв. 1962 оны есдүгээр сарын 10-нд МАХН-ын III бага хурал хуралдаж “үндэсний үзлийг дэвэргэсэн” гэж Намын төв хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлсөн аж. Хожим тэрээр гэртээ амиа алдсан юм. Энэ ойгоор өөр нэгэн хэлмэгдсэн зүйл нь Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк. Эдгээр маркийг үйлдвэрлэсэн ч худалдаанд гаргалгүй хориглож, улмаар 1990 гарсан хойно гаргасан билээ. Энэхүү маркийг “Хэлмэгдсэн марк” гэсэн утга бүхий тайлбартайгаар өдгөө Маркийн музейд үзмэр болгон тавьсан байдаг.
Дараагийн дайралт
Хятадын зүгээс Монголыг өөрсдийнхөө салшгүй хэсэг гэх үзлийг байн байн гаргахыг оролддог. Бид ч гурван зуун жил орчим тэдний дарлалд байсан мэтээр буруу ярьж бэлэн олз болох нь бий. Үнэн хэрэгтээ Хятад, Монголыг бус хоёуланг нь хамтад нь Манж эзлэсэн. Манжуудын хувьд хань үндэстэн биш. Угсаа гарлыг нь хөөвөл Тунгус угсааны нүүдэлчид гэж түүхэнд тэмдэглэгдсэн улс. Харин ч эсрэгээр Хятадыг монголчууд эзэлж явснаас тэдэнд тугаа бөхийлгөж явсангүй.
Чингис хааны бага хүү Тулуйн хүү Хубилай дэлхийн хамгийн том хүчирхэг гүрнийг байгуулсан гэдгээрээ Хаадын хаан хэмээн түүхэнд бичигддэг. Энэ ч утгаараа монголчуудын байгуулсан эзэнт гүрний хаан. Хятадууд ч өөрсдийн хаан гэх аргагүй. Тэднийг эзэлж, их гүрнийхээ нийслэлийг Бээжинд нь байгуулсан юм чинь тэд хаанаа гэж өргөмжлөхөөс өөр яах билээ. Харин угсаа гарал, улс, гүрний хувьд Монголынх.
Түүнийг нийслэлээ Хятадад байгуулсан нь зөв, буруу эсэх нь тусдаа асуудал. Харин түүгээр дамжуулан монголчуудын хүн төрөлхтний түүхэн хөгжилд оруулсан хувь нэмэр, байр сууриа дэлхийд таниулж, зүй ёсны байр сууриа эзлэн, сурталчилах нь бидэнд чухал. Энэ талаас нь харвал шинжлэх ухааны анхны хүрээлэн гэж хэлж болохуйц “Гүрний судрын хүрээлэн”-г байгуулж бүх төрлийн шинжлэх ухааны хөгжүүлж байснаас эхлээд торгоны зам, татварын бодлого, дипломат харилцаагаар үргэлжлэн ярьж судлах, суралцах таниулах, ойлгуулах баялаг түүх бидэнд их бий. Гэтэл шийдлийн Засгийн газрын гарч ирмэгцээ гаргасан лут лут шийдвэрүүдийн нэг нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс татан буулгах байсныг сануулах юун.
Харин бидний энэ хийж чадахгүй байгаа зүйлийг өмнөд хөршийнхөн маань хийж чадаж байна. Тэд Хубилай хааны киноноос эхлээд ном, бүтээлээр өөрсдийн хаан гэж дэлхийд зарлаж байна. Оны эхээр дуулиан тарьсан “Марко Поло”-г үзсэн гадныхан Хубилайг Хятадын, Аригбөхийг Монголын хаанаар төсөөлөх нь аргагүй.
Тал гаруй хувь нь Ерөнхийлөгчөө таньдаггүй америкчууд “Чонон сүлд”-ийг үзээд монголчуудыг Хятадад эзлэгдсэн юм байна гэж ойлгохоос бус Хятадын эрхэнд орсон Өвөр Монгол гарч байна гэж ойлгохгүй.
Бидний байгаа байдал
Иймэрхүү үйлдэл эсвэл киног харсан монголчууд дор бүрнээ хараагаад, үндсэрхэг үзлээр гурван өдөр амьсгалж, зүхэн нулимаад л дөрөв дэх өдрөөс нь мартдаг. Бид тэднийг хараан зүхэж, зарим нэг Хятадын иргэдийн цайны газрыг түйвээлээ гээд байдал өөрчлөгдөхгүй. Харин ч дордсоор л байх болно.
Бидний тэдний хийснээс нь илүү сонирхолтой, илүү чанартай, илүү баримттай, хавьгүй илүү кино, ном, уран бүтээл туурвиж байж л энэ хандлагыг өөрчилж чадна.
Үүний тулд төр, засгийн зүгээр сүр дуулиантай ойн баяр хийхээс илүүтэй уран бүтээлчиддээ хөрөнгө оруулалт хийдэг болчихвол урагшаа алхсан алхам болно.
Хятад ч гэлтгүй Солонгос, Казакстан энэхүү соёлын довтолгоог хийдэг. Казакстаны төрөөс мөнгө гарган Холливудын мастеруудыг урьж, уран бүтээлчидтэйгээ хамтруулан кино хийлгэсээр байгаад өнөөдөр дэлхийн тавцанд гаргасан. Нэгэнт дэлхийн тавцанд гарсан киног нь хийж чаддаг болсон болохоор дараагийн шатанд манайхаас аль чадалтай гэсэн жүжигчдийг нь урьж байгаад Монголын баатарлаг жанжинд тоглуулж, тэдний аймшигт довтолгоог хэдхэн хасаг хөвгүүд зогсоож буй мэтээр халуулсан кино хийж байх жишээтэй. Ердөө л энэ. Мөнгөө төлсөн нь дуугаа дуулдаг дэлхий болсон хойно, чадаж байгаа юманд дарга байхгүй шүү дээ.
Гэтэл манайх эсрэгээрээ. Хэдэн эрдэмтэд хэвлэлийн бага хурал хийж Хубилай хааныхаа ойг тэмдэглэж, дэлхийн анхаарлыг татах тухай санал гаргасан ч суудлаа булаацалдах төрийн түшээд ойшоосонгүй. Аргаа барсан эрдэмтэд есдүгээр сарын 23-нд эрдэм шинжилгээний хурал хийж, боломжийнхоо хүрээнд тэмдэглээд өнгөрөх бололтой.
Харин БНХАУ энэ ойг нижгэр тэмдэглээд зогсохгүй, дэлхийн кино мастеруудтай хамтран “Хубилай хаан” киног хийж, дэлхийг ангайлгахаар ажилдаа оржээ. Харин Монголын Засгийн газар таг чиг.
Дошин дээрээ хошгорсон тарвага шиг бид чинь түүнийг нь хараад л суух уу, байх уу?!
Л.НАРАНТӨГС