-Сэтгэлд ч тээртэй. Нийгэм харанхуйлахад сэтгэл ч бас харанхуйлна. Энэ л үзэл санаа жүжигт оршино. С.Буяннэмэх өмнөх засгийн харанхуйллын тухай жүжигтээ бичсэн үү, эсвэл өөрийн гардан байгуулсан засагт өдөр өдрөөр бүрхэн байсан харанхуйллын тухай бичсэн үү гэдэг асуулт урган гарна-
“Нацагдоржийг сэрүүн тунгалаг ахуй цагт хамгийн алдаршсан том зохиолч нь С.Буяннэмэх гэгдэж байв. С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын амьдралын зам олон талаараа төстэй. Бага насандаа өнчирсөн, гэрийн сургуульд суралцсан. / К.Яцковская “Дашдоржийн Нацагдорж” 1976, 51/
Энэ л өгүүлбэрээр зохиолч С.Буяннэмэхийн тухай бичвэрээ эхэлж байгаа нь учиртай. Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг ойлголт илүүтэй Д.Нацагдоржид хамаардаг. Харин “үндэслэгч” байх магадлал яагаад ч юм бэ, С.Буяннэмэхэд илүү хамаарах юм шиг санагдана. Мэдээж, ганцхан хүнд их ачаа үүрүүлснээс монголын орчин үеийн уран зохиолыг “үндэслэгч” нь С.Буяннэмэх, Д.Нацагдорж нар юм” гэж ижил тэнцүү хуваасан нь зохистой санагддаг. Үнэнд илүү ойр сонсогдоно. Үнэхээр судлаачийн бичсэнээр “Нацагдоржийг сэрүүн тунгалаг ахуй цагт хамгийн алдаршсан том зохиолч нь С.Буяннэмэх гэгдэж байв”. Нөгөө талаараа тухайн цаг үеийн оюун санааны том удирдагч нь С.Буяннэмэх байсныг утга зохиолын болоод бусад үйл хэрэг нь харуулдаг. Дээд удам угсаа нь ядуу буурай гаралтай ч ерөөлөөр тэмцэгч Тогтох тайжийнд үрчлэгдэн, багаас ном эрдэмд суралцаж, сайн явдлын зам мөр нээгдсэн гэдэг. Гэвч С.Буяннэмэхийн ирээдүйн амьдралд хамаг чухал нөлөө үзүүлсэн хүн бол нагац эгч Чимэдийн нөхөр болох цахар Лувсан хэмээх эр байжээ. Хүргэн ах нь болох тэр хүн анх С.Дамбадоржтой нөхөрлүүлж, улмаар С.Бодоотой ойртон танилцуулжээ.
Хувьсгалын үйл хэрэгт оролцов. Гэвч олон талаар хавчигдаж, эцэст нь 1937 оны 9 сарын 10-ны өдөр баригдаж хилс хэрэгт гүтгэгдэж, 1937 оны 10 сарын 25-ны өдөр цаазаар авахуулжээ.
“Өчүүхэн би бол Өмнөговийн халхын нэгэн ядуу малчин ардын хөвгүүн бөгөөд хархан багаас Тогтох тайжийн хөвгүүдийн албат боол болж 17, 18 нас хүрч ухаан сэхээн орсноос тэдний дарлалаас зугатаан зайлж, Ар Хиагтын газар очоод байх тэр үеэс чухамхүү бичиг мэдэхийн төдий бүдүүлэг ард байсан бөлгөө./ Ван Мандуга “Монголын орчин үеийн уран зохиолын онол шүүмжлэлийн судлал” 2007, 37/ хэмээн 1932 оны 11 сарын 18-ны өдөр МАХН-ын Төв хороонд бичсэн захидалдаа дурдсан байна. Энэ баримт үнэн бол түүний бага нас тийм ч амар сайхан өнгөрсөнгүй. Судлаачдын олж тодруулсан зарим баримтанд өргөж авсан эцэг Тогтохтой таарамжгүй байсан улмаас тэдний гэрээс зайлан зугтсан тухай мэдээ байна. Мөн 1924 онд хуралдсан МАХН-ын гуравдугаар их хурлаас С.Данзаны хань хамсаатан хэмээн сэжиглэгдэж, шоронд хорих нь магад болсонд унадаг дугуйтай зүүн тийш дүрвэн одож, Барга, Өвөрмонголд очин 2 жил гаруй амьдран суухдаа хувьсгалт тэмцэл, уран зохиол хоёроосоо хагацалгүй цөөнгүй бүтээлээ бичиж хэвлүүлсэн байна. Судлаач Ван Мандуга “Монголын орчин үеийн уран зохиолын онол шүүмжлэлийн судлал” /2007/ бүтээлдээ “С.Буяннэмэхийг Барга, Өвөрмонголд дүрвэж ирж хоёр жил гаруй суусан тухай, зарим нь түүнийг өөрөө явсан биш харин МАХН буюу Коминтерны томилолтоор Өвөрмонгол руу хувьсгалын хэргээр явж ажилласан гэж үздэг ч буй.” хэмээжээ. Анхлан С.Буяннэмэхийн зохиол бүтээлүүдийг судалж, “Түүвэр зохиол”-ын /1968/ эмхтгэн хэвлүүлсэн Г.Дуйнхаржав улс төрийн даалгавраар явсан гэж үзсэн байна. Тэрээр С.Буяннэмхийн “Түүвэр зохиол /1968/ -ын оршилд” Ер нь Буяннэмэх 1921-1924 онуудад…. Москва хотноо 3 удаа явж, Коминтерн ба КИМ-ээс ажил төрлийн талаар зөвлөгөөн авч ажилласаар иржээ гэсэн сонирхолтой баримт дэлгэсэн байдаг. Дээрх баримтууд зохиолч С.Буяннэмэх ихээхэн ээдрээтэй цаг үеийг туулсан болохыг гэрчилнэ. Мөн 1928 оны орчим танилцаж нэгэн татаар хүүхэнтэй ханилж, хоорондоо эв муутай улмаас гэр бүл салж, хожим өнөөх татаар хүүхэн С.Буяннэмэхийг хорлох санаагаар нууц захидал бичиг илгээсэн тухай 1932 оны 10 сард Төв Хороонд бичсэн захидалдаа өгүүлсэн байна. Хувийн амьдралын хувьд бэрх саадыг туулсан ажээ. Баримтыг нягталваас “Энэ үед С.Буянэнэмэхийн эхнэр Дуламжав гэрээсээ хоол цай зөөж байжээ.”, “…би санаваас надтай ханилан сууж байсан татар эхнэр Жена гэгчээс…”, ”эхнэр Халтархүү, эхнэрийн эцэг Цэрэн нарын хамт гурвуул болно.” зэрэг эмэтэйчүүдтэй ханилан сууж байжээ. Сүүлийн эхнэр Халтархүүгийн талаар Ч.Чимэдийн “Магеллан хаагуур гарсан бэ?” туужид цөөн хэдэн үгүүлбэр бий. Үр хүүхэдтэй байсан ч хань ижил сайнгүй явсаар 35 насандаа мөнхөрсөн энэ зохиолч урьдын засгийн нэршлээр “Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Онгийн голын сав нутагт төрсөн гэдэг.
Одоогоор зохиолч С.Буяннэмэх нийт 17 жүжиг бичсэн нь тогтоогдоод байна. Зарим нэг зохиол нь дутуу бичигдсэн ажээ. Судлаач Г.Дуйнхаржавын 1968 онд эмхэтгэн хэвлүүлсэн түүвэр зохиолд “Харанхуй засаг”, “Марал Шарын жүжиг”, “ Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” гэсэн 3 жүжиг хэвлэгджээ. Харин тэрхүү түүврийн өмнөтгөлд “ С.Буяннэмэх “Баатар хөвгүүн Тэмүжин”, “Марал Шар”, “Харанхуй засаг”, “Шөнийн буг”,”Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”,”Гурван хорын хүлээс” “Хар барс”, “Ардын долоон баатар”, “Үнэн” зэрэг арав гаруй жүжиг бичсэн бөгөөд “Хоршоо жингийн дуу”, “Сэрэмж”, “Нутаг усны тэмцэл” зэрэг хэдэн жүжиг нь одоо хараахан олдоогүй байна. гэжээ. Энэ мэдээнд тухайн үед олдсон 9 жүжиг, хараахан олдоогүй 3 жүжгийн нэр дурьджээ. Тэгвэл судлаач Ван Мандуга нилээд дэлгэрэнгүй зүйл мэдээлсэн байна. “Монголын хувьсгалт анхны жүжгийн зохиолыг С.Буяннэмэх зохиосон бөгөөд жүжгийн зохиолын талаарх амжилт нь бусад төрлийн зохиолоосоо товойн байна. Түүний бичсэн жүжгийн зохиол 17 байна. Үүний зарим нь хагас дутуу, зарим нь зөвхөн жүжиг туурвих төсөл төлөвлөгөө, товчоо гэмээр бас заримынх нь уг эх нь нэгэнтээ гээгджээ.” / Ван Мандуга “Монголын орчин үеийн уран зохиолын онол шүүмжлэлийн судлал” 2007, 39 / гэжээ.
Олонх судлаачид С.Буяннэмэхийг 17 жүжиг зохиожээ гэсний учир 1922 онд анх бичсэн “Сандо амбан” зохиолоо 1924 онд засаж бичсэн бөгөөд “Ойрхи цагийн товч түүх” хэмээн нэрлэсэн байна. Тэгэхээр дээрх жүжгүүдийг хоёр тусдаа бүтээлийн тоонд оруулж тоолсон бололтой. Доктор Д.Цэдэв “ Буяннэмэхийн бүрэн зохиол “Сономбалжирын Буяннэмэх” номын тэргүүн ботид түүний бичин туурвисан яруу найргийн 150 гаруй зохиол, ший жүжгийн 15 зохиолын бүрэн ба бүрэн бус эх эмхэтгэн орлоо. Эдгээр бүтээлүүдийн дотроос олонх нь гадаад дотоодын эрдэмтэн мэргэд, уншигч сонирхогчдын судалгаа хийгээд сонирхолд хараахан өртөөгүй байгаа учраас эрхэм хүндэт та бүхэнд гүн таалагдах болно гэдэгт бид эргэлзэх үгүй байна гэж 3 боть бүрэн түүврийн эхэнд дурдсан байна. Өмнө нь судлаачдын бүртгэлд ороогүй “ Ардыг мэхлэгч шар хувалз”, ”Хуучин цагийн хуврагууд”, “Долоон сайн эр”, “Шийдвэрийн даваан дээр” зэрэг бүрэн бус товчлол зохиолуудыг эмхэтгэжээ. Мөн зарим судлаачид “Усгүй хар архи”/1931/ нэртэй жүжиг бичсэн тухай тэмдэглэсэн байна. Зохиолын төсөл хэмжээнд олдсон жүжгүүдийг бүрэн бичигдсэн бүтээл гэж үзэх үндэсгүй бөгөөд С.Буяннэмэхийн “Сандо амбан”, “Монголыг хүрээлсэн эзэрхэг улсуудын хоорондын байдлыг товчлон үзүүлсэн түүх”, “Харанхуй засаг”, “Марал шарын жүжиг” 6 жүжиг л бүрэн бичсэн байна. Дээрх жүжгүүдээс гойд онцлон үзэх бүтээл бол “Харанхуй засаг” жүжиг юм.
С.Буяннэмэхийн жүжгийн онолын талаар “Утга зохиолын үүд”/1935/ бүтээлдээ дэвшүүлсэн саналыг судлаач доктор С.Энхбаяр “… харанхуй байдал лугаа тэмцэх, зовлонгоос гарахын тул тэмцэх, зэрэг хүний хамаг явдал нь нарийвчилбал цөм төрөхөөс үхэх өдөр хүртэл тэмцлийн дунд явах байна. Бас нэгэн нарийн зүйл нь хүн сэтгэл лугаа тэмцэх ийм ч явдал байна /1.227/ Энэ бол жүжгийн зохиолын зөрчил тэмцэл нь ердийн механик эсрэгцэл, хуурмаг өнгөц байдал төдий бус ерөөс хүний амьдрал, аливаа зүйлийн орших, хөгжих үндсийн үндэс нь зөрчил гэдгийг тэмдэглэсэн хэрэг юм гэж задлан тайлбарлажээ. Тэгвэл “Харанхуй засаг” жүжиг зохиолчийн бусад жүжгүүдээс юугаараа онцлог вэ? Энэ жүжиг 1933 онд Москва хотод олон улсын хувьсгалт театрын үзлэгт амжилттай оролцсонд бус гагцхүү жүжгийн зөрчил, үзэл санааны эсрэг тэсрэг байдлыг хурцаар үзүүлсэнд оршино. Эсрэгцэл хичнээн хүчтэй байна. Зөрчил тэр хэмжээгээр бодитой байх үзэгдэл уламжлалт театрын бүтээлүүдэд элбэг. Энэ сонгодог зарчим “Харанхуй засаг“ жүжигт буй.
“ХАРАНХУЙ ЗАСАГ” ЖҮЖГИЙН ХАРАНХУЙЛАЛ
Аль засаг “харанхуй” байна. Тэнд бурангуй ёс газар авсан байдаг. Нийгмийн шинжлэлд энэ үзэгдлийг “системийн гажуудал” гэж тодорхойлдог. Систем гажуудах нь олон хүчин зүйлээс шалтгаална. Америкийн социологич Р.Мертоны “гажуудлын онол”-оор тогтолцоо өөрчлөгдөхөд бий болдог үнэт зүйлсийн зөрчил нийгэм- хувь хүмүүсийн хоорондох харилцааны гажуудлыг үүсгэдэг гэж үздэг. Тэгвэл “Харанхуй засаг” жүжиг хүмүүсийн хоорондох харилцааны гажуудал буюу харанхуйлалыг харуулжээ. Жүжгийн голоор татсан шугам байна. Тэр шугамны нэг талд Ноён, Хатан, Хувилгаан, Мээрэн, Амбан зэрэг засгийн эрхийг баригчид. Тэдний талд эрх мэдэл, хүч байна. Харин нөгөө талын шугаманд Бат өвгөн, Цэцэг, Чулуунбаатар, Эмгэн, Долгорханд зэрэг хүч мохос, эрх мэдэл хомс хэсэг байна. Гол гажуудал нь ШУДАРГА БУС байдал. Зохиолч Ноёноос харанхуйллыг эхлүүлсэн байна. Нийгмийн шинжлэлийн түгээмэл ойлголтоор аливаа төр засгийн хямрал эрх баригчдын алдаанаас эхэлдэг гэж үздэг. Энэ жүжигт Ноёны алдаа ТАЧААХ сэтгэлээс эхтэй. Хатны алдаа ХАРДАЛТ-аас эхтэй. Хувилгааны алдаа ЗУГАА ЦЭНГЭЛ, Мээрэн, Амбантангуудын алдаа АВАХ ИДЭХИЙН ШУНАЛААС эхтэй байна. Ийм “толгойтой” засаг харанхуй байхаас аргагүй. Судлаач “ Тиймээс бие хүний зорилго, арга хэрэгслийн хоорондын зөрчилдөөн нийгмийн гажуудлыг бий болгодог гэж үздэг. Аливаа гажуудлын онолын түвшинд нийгмийн хэм хэмжээнээс хазайх, хазайлтын байдлаас шалтгаалан эерэг, сөрөг гэж ангилж болох боловч нийгмийн амьдралын практикаас харахад цэвэр эерэг, цэвэр сөрөг гаж үзэгдэл бараг тохиолддоггүй.” / Ш.Оюунханд “Нийгмийн девиаци ба амиа хорлохуй” 2005, 30/ хэмээжээ.
Тэрхүү эсрэг тэсрэг “шугам”-ын хооронд хэд хэдэн хүчин зүйлс оршиж байна. “Харанхуй засаг” жүжгийг бүдүүвчилвэл дараах зүй тогтол харагдаж байгаа юм.
Энэхүү эсрэгцэлийг драмын зөрчлийн үүднээс тайлбарлавал “Харанхуй засаг” жүжгийн онцлог тодорхой харагдана. Жүжигт нэгдүгээр зөрчлийн үүтгэл бол ҮЗЭЛ САНААНЫ ЗӨРЧИЛ. Ноён өөрийн хэрэг илэрсэн үед Хатны дэргэд Цэцгийг зодож буй үзэгдэлд үзэл санааны зөрчил илэрнэ.
ХАТАН-/Ноёнд/ Чи үүнийг өөрөө цохиод аваач. Тийм бол би сая тийм явдал байсангүй гэж үнэмшье.
НОЁН-/Шаахайг шүүрэн авч хар хүчээр Цэцэг хүүхнийг нүүр нүдгүй жанчина/
ЦЭЦЭГ- /Их ёолж/ Ноён амь авар. Би үнэхээр тэсэхүйеэ бэрх болов” гэсэн жүжгийн хэсгээс Янжиндулам хатны нугаршгүй хатуу зан байдлыг болоод Ноёны арчаагүй байдлыг зэрэгцүүлэн харуулсан байна. Хатан бол хэм хэмжээгээ мэддэг. Үнэт зүйлсийн итгэл үнэмшилтэй бол Ноён эсрэгээрээ хэм хэмжээг огт мэддэггүй, ёс зүйн хувьд дорой байдлаар бичигджээ. Бусад дүрүүдийн хувьд ч хэм хэмжээ, зарчим, үнэт зүйлсдээ “үнэнч бус” байдлыг зохиолч үзүүлнэ. Чулуунбаатар ч ялгаагүй. Хэм хэмжээгээ огт мэдсэнгүй. Ялан дийлэх хүслээр бүгдийг шийдэхийг хүсчээ. Гэвч Чулуунбаатарын зориг ямар ч үр дүнгүй. Бас л нэг харанхуйлал юм. Бат өвгөний ухаан солиорч байна. Мөн л харанхуйлал юм. Цэцэг хэлмэгдэн хохирч оюун санааны хувьд бас л харанхуйлалд автана. Жүжигт ҮЗЭЛ САНААНЫ зөрчлөөс гадна ҮНЭТ ЗҮЙЛСИЙН зөрчил, ХЭМ ХЭМЖЭЭНИЙ зөрчил, ЁСЗҮЙН зөрчил зэрэг өрнөж буй нь анхаарал татна. “Харанхуй засаг” жүжигт бодитой оршиж буй анги нийгмийн тэмцэл зөрчлөөс гадна хамгийн сониорхолтой нь хувь хүмүүсийн хоорондын харилцааны “ЗӨРЧИЛ” илэрнэ. “Ойрхи цагийн товч түүх” зэрэг анх бичиж байсан жүжгүүдээс ялгарах гол онцлог нь дүрүүдийн дотоод сэтгэхүйн “харанхуйлал”-ыг тод харуулахыг зорьсон байна. Жүжгийн зохиолын онолд чухалд тооцогдог зохиолын дүрийн зан суртахууны, сэтгэл зүйн, нийгмийн, бие бялдарын шинжүүд ч дээрх жүжгийн дүрүүдэд тодорхой ялгарчээ. Судлаачийн дурьдсанаар” Уламжлал ёсоор бол жүжгийн дүр нь зан суртахууны болоод сэтгэл зүйн, нийгмийн, бие бялдрын шинжүүд нь маш тод ялгарсан байдаг” гэх үндэслэлээр “Харанхуй засаг” жүжгийг тодорхойлж болно. Чулуунбаатарын дүр сэтгэл зүйн хувьд бадрангуй шинжтэй, Янжиндулам хатан ч зан суртахууны талаар тодорхой байна. Цэцэг хүүхний бие галбир сайхан, гоо үзэсгэлэн төгс тул ЭРХ МЭДЭЛТЭЙ зөрчилдөнө. Зарим судлаачид жүжгийг төдий сайн боловсруулаагүй гэж үзсэн нь уран сайхны дотоод үнэ цэнийг нээх бус харин үзэл сурталч талаас өгсөн үнэлэлт дүгнэлт байх нь анзаарагдана.
ХАРАНХУЙЛАЛ. Сэтгэлд ч тээртэй. Нийгэм харанхуйлахад сэтгэл ч бас харанхуйлна. Энэ л үзэл санаа жүжигт оршино. С.Буяннэмэх өмнөх засгийн харанхуйллын тухай жүжигтээ бичсэн үү, эсвэл өөрийн гардан байгуулсан засагт өдөр өдрөөр бүрхэн байсан харанхуйллын тухай бичсэн үү гэдэг асуулт урган гарна. Аливаа уран сайхны бүтээл чухам юугаараа үнэ цэнэтэй вэ? “Харанхуй засаг”-ийн харанхуй үнэн нүүрийг харуулсанд ч юм уу, эсвэл зохиолч ирээдүйд “харанхуйлах” ёстойг ч зөгнөсөн байхыг хэлэхэд бэрх. Энд л уран сайхны бүтээлийн үнэ цэнэ оршино.
“Харанхуй засаг” жүжгийн эсрэгцэл
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ