Гадуурхагдсан хүмүүс

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

Гадуурхагдсан хүмүүс

 

Буддын шашинтай Мьянмар улсад цөөнх болон гадуурхагдаж ирсэн исламын шашинтай Рохингья үндэстний асуудал сүүлийн хэд хоног дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна.

 

Учир нь саяхан Индонезийн орчимд осолдсон усан онгоцноос аврагдсан 700 гаруй хууль бус цагаач иргэдийн дийлэнх нь Рохингьячууд байсан ба тэднийг нааштайгаар хүлээн авах улс одоогоор олдохгүй байна.

 

 

Тус онгоцон дээр нийтдээ 1000 орчим хууль бус цагаач анх байсан ба усан онгоц нь эвдэрч, хоол хүнс болон усны нөөц хомсдож эхэлснээр онгоцон дээр үймээн дэгдэж, бие биенийгээ алах, далайн ус рүү шидэн живүүлэх зэрэг аймшигтай хэргүүд гарч эхэлжээ. Ингээд аврагчид ирэх үед 700 гаруй л хүн үлдээд байжээ.

 

Гэхдээ загасчдын завь тэднийг олж, Малайзын эрэгт буулгах зөвшөөрөл хүссэн боловч татгалзсан хариу өгч, хоол хүнс, усны тусламж үзүүлээд байсан юм.

 

Тус бүс нутгийн орнуудаас тэднийг хүлээн авахыг зөвшөөрсөн хариу иртэл ганц энэ усан онгоц ч биш олон мянган хууль бус цагаачдыг тээвэрлэсэн олон хөлөг онгоц Андаманы тэнгист байсаар байна.

 

Харин хоол тэжээлийн дутагдалд орж, маш хүнд нөхцөл байдалд ороод байгаа олон зуун цагаач иргэдийг хэрхэх тухай Малайз, Индонези, Тайланд улсын гадаад хэргийн сайд нар уулзалдан шуурхай хурал хийж, Малайз, Индонези улсууд тэднийг түр байрлуулах байр гаргаж өгөхийг зөвшөөрчээ. Гэтэл Рохингьячуудын амьдарч байсан Мьянмар улсын засгийн газар тэдгээр дүрвэгсдийн төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгээ илэрхийлээд, дээрх асуудлаар зохион байгуулагдах зөвлөгөөнд оролцохгүй хэмээн мэдэгдээд байна.

 

Тус улсын энэ байрыг суурийг бүс нутгийн бусад орнууд хатуу шүүмжилж, АНУ-д хандан Рохингьячуудын асуудлаар Мьянмар улсад шахалт үзүүлэхийг хүсчээ.

 

РОХИНГЬЯЧУУД ГЭЖ ХЭН БЭ?

 

Тэдэнд төрөлх эх орон гэж байхгүй. Тус үндэстэн 1,5-2 сая орчим байдаг ба Мьянмар, Бангладеш, Малайз, Пакистан, Саудын Араб, Тайланд, Индонез болон Энэтхэг улсуудад амьдардгаас хамгийн их буюу 800 мянган орчим нь Мьянмарт амьдардаг аж.

 

ТЭД ЯАГААД ДҮРВЭХ БОЛОВ

 

Мьянмар улсад Рохингьячуудын эрх хүндээр зөрчигддөг, тэднийг байнга гадуурхаж, хүчээр хөдөлмөр эрхлүүлж, газар эзэмших болон сонгох, сурах зэрэг бусад эрхийг нь хязгаарладаг байна. Хамгийн наад захын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах ч эрх тэдэнд байхгүй. Мьянмарын Засгийн газраас тэдэнд иргэншил олгохоос татгалздаг ба НҮБ-аас тэднийг “Дэлхийн хамгийн  хавчигдаж буй ард түмэн” хэмээн нэрлэжээ.

 

“Ялгаварлан гадуурхалт, хавчилга мөрдлөгийн улмаас биеийн болон сэтгэлзүйн өвчлөлд нэрвэгдэх, өлсгөлөн болон шашин хоорондын мөргөлдөөний улмаас маш олон рохингьячууд амиа алддаг. Гэвч тэднийг хайхарч үзэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, тэдний эсрэг гэмт хэргийг цагдаагийнхан тоож ч үздэггүй” хэмээн судлаач Сильвия ди Гаэтано онцолжээ.

 

Рохингьячуудын хэлмэгдүүлэлт 2011 онд Ерөнхийлөгч Тейн Сейний танилцуулсан шинэчлэлийн үйл явцыг хойш эрчимжиж, 2012 оны зургаа болон аравдугаар сард буддист эмэгтэйг хүчиндсэн хэрэг гарсантай холбогдуулан Рохингьячуудын эсрэг олон тооны хүчтэй халдлага гарч эхэлсэн байна. Амьд явах баталгаагүй, боловсрол эзэмших боломжгүй, ажил байхгүй, ядуу дорой амьдралын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд 120 мянган Рохингьячууд Мьянмараас дүрвэж, хууль бусаар бусад орныг зорих болжээ. Тэд үхэлтэй нүүр тулгарч, асар их эрсдлийг даван туулснаар 70-80 хувь нь амьд үлдэн арай гэж бүс нутгийн орнуудад хөл тавьдаг байна. Гэвч тэднийг сайхан амьдрал тосон авдаггүй.

 

Бүс нутгийн улсуудад тэднийг цагаачлан амьдрахыг зөвшөөрөх улс одоогоор гарахгүй байгаа юм.

 

Гадуурхагдаж хүнд байдалд ороод байгаа тэдний асуудлыг энэ сарын 29-нд АСЕАН-ын уулзалтаар хөндөн хэлэлцэхээр болоод байгаа юм.

 

Тус уулзалтаас ямар шийдвэр гарахаас тэдний хувь заяа шийдэгдэнэ.

 

 

 

 

 

Н.ЦЭНД

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж