X Богд Хятадаас тодрох уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

X Богд Хятадаас тодрох уу?

X Богд Хятадаас тодрох уу?

Ийм нэгэн асуултыг эрхгүй тавихад хүрэв. Биднийг “толгой” тойрсон хэрүүлээ хийх зуурт энэ тухай хэзээний ярьж, бүр бурхны шашны төлөөлөгчид маань хоорондоо “үзэлцээд” эхэлжээ.

Энэ дэгсхэн мөчийг урьдаас харж байсан мэт Далай лам өөрөөр нь гэгээн дүр нь дуусгавар болно гэсэн нь хятадуудыг багагүй бухимдуулж, түүний хойд дүрийг тодруулах нь зайлшгүй талаар эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Үүнийх нь хариуд XIV Далай лам саяхан хэвлэлд өгсөн яриандаа “Хятадууд Мао Зэдүн, Дэн Сяопин хоёрынхоо хойд дүрийг тодруулчихаад, дараа нь миний хойд дүрийн тухай ярих нь зохистой” хэмээсэн нь зүгээр ч нэг үг биш.

Түвдийг салан тусгаарлуулах гэсэн түүний бодлого, тавихгүй гэсэн их гүрний бодлоготой хойд дүрийг нь тодруулах эсэх асуудалд давхцан зөрчилдөж буй цаад шалгаан нь үүнээс Төвдийн асуудал хамаарах учраас ашиг сонирхлын зөрчлийн гол сэдэв нь болсон хэрэг. Ванчин эрдэнийн хувилгаан дүрийн асуудал угтаа 1600-аад оны эхэнд монголчуудтай бас л холбогддог. Дашлхүмбэ хийдийн тэргүүн, Ванчин эрдэнэ хэмээх алдрыг Ойрдын Гүүш хаан өгчээ.

Далай лам нь Ванчин Богдыг эсрэгээрээ Ванчин Богд нь Далай ламаар хойд дүр мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлдэг болохоор XIV дүр нь амьд сэрүүн байхад XV-ыг тодрох, тодруулахгүйн тухай ярьсан нь цаанаа их учиртай. Бурхны шашны наран, саран гэгддэг энэ хувилгаадыг өөрийн эрх мэдэлд төвлөрүүлснээр геополитик, оюун санааны хувьд Хятадад том давуу тал, зэвсэг бий болно.

Ванчин эрдэнийн XI хувилгаан Гэндэн Чойжи Нима

Оюун санаагаа Бээжингээс залуулдаг Ванчин Богд, Далай ламтай байх нь их гүрний Түвдүүдийн итгэл үнэмшил, оюун санааны үнэт зүйлийн орон зайг эзлэх Далай лам болон түүний тодруулан батламжилсан хутагт хувилгаадын байр суурийг ор мөргүй алга болгох, улмаар эх газрын Түвдүүдийг Дарамсалагаас үүрд зааглах аюултай талаар судлаачид хэлдэг нь оргүй зүйл биш.

Ванчин эрдэнийн хувилгааны анхны дүр нь цаг хугацааны хувьд III Далай ламтай нэгэн цаг үед /1470-1550-иад он/ Дашлхүмбэ хийдийн хамба, Шарын шашны их шинэтгэгч, аугаа сэтгэгч Зонхов Лувсандагвын шавь Хайдүвжэгийн залгамжлагч Авид бурхны хувилгаан дүр хэмээн эдүгээ хүртэл 11 дүр үе дараалан тодорчээ.

Ванчин эрдэнийн үе үеийн хувилгаад Монголын бурхны шашны шар малгайтны урсгалын тэргүүн Жэвзун дарнатын хувилгаантай багш шавын барилдлага тогтоож ирсэн нь Монголын бурхны шашны түүхэнд түүхэн ул мөрөө үлдээсэн тухай шарласан баримтын хуудаснаас харж болно.

Дэлхийн улс төрийн хамгийн залуу хоригдол буюу Ванчин эрдэнийн XI хувилгаан Гэндэн Чойжи Нима хаачив

Хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-нд Дээрхийн гэгээн XIV Далай ламаас дэлхий даяар хамгийн залуу улс төрийн хоригдол хэмээгдэх болсон XI Ванчин эрдэнийн хувилгаан мөн хэмээн тодруулан батламжилсан XI Ванчин лам Гэндэн Чойжи Нимагийн 26 насны ойг дэлхийн бурхны шашинтнууд, хүний эрхийн байгууллагууд тэмдэглэн өнгөрүүлжээ. Хачирхалтай нь тэрбээр 1995 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс өдгөөг хүртэл эцэг, эхийн хамт сураггүй болсон аж. Гэндэн Чойжи Нимагийн төрсөн өдөр дэлхий дахины анхаарлын төвд болж өнгөрөхдөө “Гэндэн Чойжи Нимааг сулла” гэсэн шаардлага, түүнийг суллаасай гэсэн горьдлогыг тээж байв.

Өдгөөгөөс 20 жилийн өмнө  буюу сураггүй болохоос нь ердөө гурав хоногийн өмнө XIV Далай лам Данзанжамц Х Ванчин ламын хойд дүрийг Гэндэн Чойжи Нима хэмээн зарласан аж. Түүнээс хойш өдгөөг хүртэл тэдний хувь заяа хэрхсэн болон ер нь амьд эсэх тухай ямар ч мэдээлэлгүй байсаар иржээ. Хүний эрхийн байгууллагууд Хятадын Засгийн газраас түүнийг судлахыг шаардсаар ирсэн ч амжилтад хүрсэнгүй. Гэхдээ ингэж шаардсаны үр дүнд сураггүй алга болсон бяцхан хувилгааны бичлэг, түүний эцэг эхийн “Бид энх тунх жаргалтай амьдарч байна, бид гадаад ертөнцтэй холбогдох хүсэлгүйгээр үл барам бидэнд саад болохыг хүсэхгүй байна” гэх үгийг Хятадын зүгээс дэлгэдэг болжээ.

Гэндэн Чойжи Нимааг алга болсноос хойш 14 жилийн дараа ХБНГУ-ын хүний эрхийн байгууллын тайланд дурдсан нэгэн мэдээлэл гадны төдийгүй манай хэвлэлүүдээр ч шуугиан тарьсан. Тэрхүү мэдээлэлд, Хятадын коммунист намын үндэсний нэгдмэл фронтын орлогч сайд Цу Вейдийн хийсэн мэдэгдлийг иш татсан бөгөөд “Далай лам хутагт хувилгаадын түүхэн болоод шашны зан үйлийг огт хэрэггүй зүйл болгон хувиргалаа, тиймээс Гэдэн Чойжи Нимааг хувилгаан хэмээн хүлээн зөвшөөрсөн нь хууль бус бөгөөд хүчингүй… Энэ бол Түвд хүүхэд, манай иргэн, өдгөөг хүртэл бид түүнийг эрүүл өсгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Далай ламын хууль бусаар хүлээн зөвшөөрсөн хүү мэдээж Хятадад эрүүл өсч байгаа. Тэр ирээдүйд Хятад, Түвдөд сайн үйл бүтээх болно” гэжээ. Үүгээрээ түүнийг улс төрийн хоригдол болгосон илт болов.

Тэгвэл одоогийн Ванчин Богд гэж хэн бэ гэх асуулт үүнээс урган гарна. Хятадын засаг захиргааны улс төрийн сэдэл, шийдлийн хооронд XI Ванчинг тодруулах комиссыг байгуулж, тодруулах комиссын тэргүүнээр Жадрал ренбүүчиг томилсон бөгөөд Жанцанноров гэгчийг Ванчин эрдэнийн XI хувилгаанаар тодруулуулсаныхаа дараа 2001 онд тавдугаард сард Жадрал ренбүүчид улсын нууц задруулсан хэрэг тулгаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Харин одоо хэр нь түүнийг хэрхсэн нь тодорхойгүй нууц хэвээрээ үлджээ.

Хятадын коммунистууд хуурамчаар тодруулсан Ванчины хойд дүрээ хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор энх тайвны мөргөл, энх тайвны төлөөх хурал зэрэг арга хэмжээ зохиодог. Үүнд нь, Монголын бурхны шашинтнууд ч оролцож л байдаг. Бүр Гандантэгчилэн хийдээс ч оролцож байсан удаатай.

Хятадын засаг захиргаанаас зохион байгуулалттайгаар өргөмжилсөн хуурамч гэгддэг XI Ванчин Эрдэнийн хувилгаан гэгдэх Жанцанноров

Анхаарууштай нь, Хятадын засаг захиргаанаас зохион байгуулалттайгаар өргөмжилсөн XI Ванчин Эрдэнийн хувилгаан гэгдэх Жанцанноров нь Түвдэд болж буй хүчирхийлэл, хүний эрх зөрчигдөж буй үйл явдлуудад өчүүхэн ч эмзэглэдэггүй. Үүгээрээ түүний ард Хятадын Засгийн газар байна уу гэсэн харыг эрхгүй төрүүлнэ.

X Богдын тавилан хэрхэх вэ?

Дээр дурдсан Хятадын коммунист намын үндэсний нэгдмэл фронтын орлогч сайд Цу Вейдийн хийсэн мэдэгдэлтэй цаг хугацааны хувьд нэгэн үйл явдал давхцсан нь IX Богд Жавзундамба Монголд ирсэн явдал байлаа.

Тухайн үед түүнийг манай бурхны шашинтнууд хоёр янзаар хүлээн авсан. Нэг хэсэг нь сүсэглэн тахисан бол нөгөө хэсэг нь шууд эсэргүүцсэн. IX Богд Жавзундамбын хувьд 1990-ээд оноос эхлэн иргэншлээ солихыг хүсч Монголд ирж байсан ч визний хугацаа дуусч, хөөгдөн гарч байсан.

Удаан хугацааны оролдлогоор 2010 онд албан ёсоор Монгол улсын иргэн болж, 2011 онд арваннэгдүгээр сарын 2-нд Монголын бурхны шашинтны тэргүүнээр заларсан билээ. Харин энэ явдлыг “Бурхан шашны шинэ төв”-ийн тэргүүн З.Санждоржоос эхлээд эсэргүүцэгчид олон байсан. Тэдний тухайн үед хэлж байсан үндэслэл нь мөнөөх хуурамч гэгддэг Ванчин лам хүлээн зөвшөөрөөгүй гэх байр суурь байлаа. Тэдний талыг баримтлагчдын амнаас гарч болох л үг.

IX Богдыг яаралтай залах болсон шалтгаан нь мөн л Далай ламын зовлонтой ижил. Амьд сэрүүнд нь түүнийг Монголын бурхан шашны тэргүүнээр залж, өөрийнх нь амаар “Миний хойд дүр Монголоос тодорно” гэж хэлүүлэх явдал байсан талаар улс төрийн хүрээнийхэн төдийгүй хамба Д.Чойжамц учирладаг. Хэрэвзээ түүнийг Монголд авчирч чадахгүй байсаар жанч халвал дараагийн дүрийг нь Хятадын талаас тодруулах шууд заналхийлэл байснаас тэр. Хэдийгээр Монголын бурхны шашинтны тэргүүнээр өргөмжлөгдөөд жилийн дараа 2012 оны гуравдугаар сарын 1-нд буюу шинийн найманд IX Богд жанч халахаасаа өмнө “X дүр Монгол орондоо монгол хүн болж төрөн, шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно” хэмээн хэлсэн ч Х Богдыг өмнөх хөршийн Ванчин богд тодруулах талаар яриа гараад эхэлсэн нь зүгээр нэг амны зугаа гэвэл эндүүрэл?

Ванчин эрдэнийн дүрүүд Далай лам, Халхын Богд Жавзундамба болон бусад хувилгаадын хойд дүрийг нэр төдий, улс төрийн зорилгоор тодруулснаар Түвд, Хөхнуур, Өвөрмонголд Буддын шашны Хятадын коммунист маягийн цоо шинэ институц бий болох аюултай.

Тиймээс ч өөрсдийн байр суурийг дэмжигч нарыг ивээн тэтгэж, өглөг үйлдэх замаар иймэрхүү өдөөн турхирч байхыг ч үгүйсгэх аргагүй.

Харин Гандантэгчилэн хийдийн мяндагтнуудаас лавлахад “Х Богдыг тодруулах нарийн дэг жаяг, таних нууц тэмдэг бий. Үүнийг олонд ил болгож хэрхэвч болохгүй” гэсэн хариултыг өгч байна.

Бид нэгдмэл байр суурьтай байж, аливаад хянуур хандахгүй бол Ванчинг “хувилсан” шиг Х Богдыг “ихэрлүүлж” ч мэдэх нь. Тэгвэл одоо хэзээний хуваагдаад буй Монголын нийгмийг дотроос нь эмх замбараагүй, харилцан биесээ дайсагналцуулах бодит боломж нь бүрдэх аюултай.

Хятадууд соёлоор дамжуулан өөрийн эрхшээлд оруулах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд уламжлалт шашныг ашиглан өөрийн зэвсэг мэт бусдад тулгах үйлдэл гарсаар байгаа жишээг бид Түвд, Шинжаан Уйгураас харж болно. Түүний нэгэн жишээ бол Далай ламын хэрэгт идэвхтэй оролцож, хойд дүрийг нь хүртэл тодрох ёстой гэж амьд сэрүүн байхад нь элдвээр мэдэгдэх болсон байдаг. Харин манайд ил биш, далдуур энэ санааг хэрэгжээд байгаа юм биш биз дээ, та минь ээ.

Тэгвэл бурхны шашны гүн ухаанд дурлахаас илүүтэй мухар сүсгийн байдлаар тахин шүтдэг манайханд үүгээр дамжуулаад өмнөд хөршийн бодлого орж ирэхийг үгүйсгэхгүй. Шидэнд дуртай бидний сүсэг бишрэл, хоорондын талцсан байдлыг ашиглаад шашнаар дамжуулан бодлогоо оруулж ирэх бодит аюул ойрхон байна гэсэн үг.

Домог, шидэнд дуртай, суварга босгож луйвраа хаацайлдаг, мөнгөтэй болохын тулд ном уншуулдаг дорой сэтгэхүйтэй байгаа нөхцөлд энэ тухай итгэлтэй үлгэрт автагсад олон бий байх шүү.

   Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж