Баянгол дүүргийн 16 дугаар байрны хөрсний хүчитгэлийн ажил 80 хувьтай явж байгааг тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо хэлэв.
Баянгол дүүргийн Засаг дарга болон албаныхан 16 дугаар байрны хөрсний хүчитгэлийн ажилтай танилцсан байна. Хөрс хүчитгэлийн ажлыг гурван үе шаттай хийж байгаа. Өнөөдөр сүүлийн цутгалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Энэ сарын 23-нд бүх ажил дуусаад ирэх бямба, ням гарагуудад оршин суугчдыг байранд нь оруулахаар төлөвлөөд байгаа аж.
Харин зарим оршин суугчдын хувьд байрандаа эргэж орохоос айж байгаагаа хэлэв. Мөн энэ удаад 16 дугаар байрыг нурах эрсдэлээс эрт аварсан нь азтэй хэрэг. 16 дугаар байрны ойролцоох хэд хэдэн барилгад ийм эрсдэл нүүрлэхэд ойрхон байгаад санаа зовж буйгаа иргэд ярьж байлаа.
Зөвшөөрөл олгосон газраас хэтрүүлэн нүх ухах шийдвэрийг гаргасан, иргэдийг эрсдэлд оруулсан асуудлаас үүдэн хэсэг иргэдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодруулбал, “Нийслэлийн онцгой комиссоос иргэдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлсэн хүмүүсийг шалгуулахаар болсон. Энэ асуудалд төрийн албан тушаалтан холбогдсон байз болзошгүй учраас хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.
Б.ЗАЯА