Засгийн газрын бондын ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бондын ханш өсчээ

Рио-Тинто группын охин компани Туркойз Хилл Монголын Засгийн газрын хооронд Оюутолгойн зэс, алтны уурхайн дараагийн шатны бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр хэлэлцээрт хүрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын Засгийн газрын бондуудын ханш өчигдөр /V.19/ гурван хувиар өсчээ.

“Tradeweb”-ийн мэдээлснээр Монголын засгийн газрын 2022 онд эргэн төлөх бондын ханш өчигдөр /V.19/ өглөөний худалдаагаар 3.125 хувиар өсөн 92.375 цент болжээ. Түүнчлэн Монголын Худалдаа, хөгжлийн банкны /ХХБ/ 500 сая долларын бонд өчигдөр бараг гурван хувиар өссөн аж. Засгийн газрын баталгаатай, 2020 онд төлөгдөх 9.375 хувийн хүүтэй ХХБ-ны бонд өнгөрсөн долоо хоногт 105.1/106.1 центийн ханштай байсан юм. Энэ бондын ханш тавдугаар сарын 12-нд гаргаснаас хойш тав гаруй хувиар өсөөд байна. Түүнчлэн Монголын Уул уурхайн корпорацийн хувьцаа Хонгконгийн хөрөнгийн бирж дээр өнөөдөр /V.20/ 0.385 болж, 1.32 хувиар нэмэгдсэн байна.

Харин Туркойз Хилл компанийн хувьцаа мягмар гаригт /V.19/ Торонтогийн хөрөнгийн бирж дээр 11 хувиар нэмэгдэж 5.80 канад.долларт хүрсэн аж. Өмнөх худалдаагаар Туркойз Хиллийн хувьцаа 5.49 канад.доллар байжээ.

Оюутолгойн гэрээ нь Засгийн газрын санхүүжилтийг нэмэгдүүлж, гадны хөрөнгө оруулагчдын айдсыг багасгаж байна. Оюутолгой төсөлд ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд Монгол улс 1.3 тэрбум ам.долларын татвар, бусад төлбөр авчээ.

Монголын Төрийн банк засгийн газрын баталгаатай оффшор бонд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Одоо гадны хөрөнгө оруулагчид Монголын Уул уурхайн корпораци болон Хятадын “Шенхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци  хөрөнгө оруулах Тавантолгойн дөрвөн тэрбум ам.долларын нүүрсний төсөлд дээрхтэй ижил үр дүнд хүрэхийг  хүсч байгаа аж.

“Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” гэж үнэлэн хэтийн төлөвт сөрөг үнэлгээ тавьсан юм. Монгол улсын өр 2014 онд ДНБ-ий 60 хувьтай тэнцэж, өнгөрсөн аравнхоёрдугаар сард 2.3 тэрбум доллар байсан гадаад валютын нөөц энэ оны гуравдугаар сар гэхэд 1.7 тэрбум доллар болж буурсан аж. Гэхдээ Оюутолгойн хэлэлцээр энэхүү сөрөг нөхцөл байдлыг өөрчилнө хэмээн харж байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж