1. Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангаар:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 3,122.5 тэрбум төгрөг болж, 115.8 хувийн биелэлттэй, нийт зарлага, санхүүжилт 3,080.7 тэрбум төгрөг буюу 97.0 хувийн гүйцэтгэлтэй гарч улмаар төсвийн нийт ашиг 41.8 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ний 0.5 хувьтай тэнцүү байна.
Нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө давж биелэхэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд:
- Нийт импорт үнийн дүнгээр 2010 онд 4,431.5 тэрбум төгрөгт хүрч 2009 оны мөн үеэс 49.0 хувиар буюу 1,457.6 тэрбум төгрөгөөр, үүнээс татвартай импорт 69.9 хувиар буюу 1,612.4 тэрбум төгрөгөөр тус тус өсч, татвараас чөлөөлөгдсөн импорт 18.8 хувиар буюу 119.2 тэрбум төгрөгөөр буурсан нь гаалийн байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого төлөвлөсөн хэмжээнээс давж биелэхэд нөлөөлсөн байна.
- Онцгой албан татвартай барааны импортын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 38.7 хувиар буюу 307.3 тэрбум төгрөгөөр, ногдуулсан татварын хэмжээ 77.6 хувиар буюу 158.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
- Төсвийн төлөвлөгөөнд дэлхийн зах зээл дээрх 1 тн зэсийн үнийг 5800 ам доллараар тооцож тусгасан боловч гүйцэтгэлээр 7538.37 ам долларт хүрснээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого болон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогын биелэлт нэмэгдсэн.
- Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал дуусч эдийн засаг сэргэх хандлагатай болж ирснээр татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 5567 нэгжээр, алдагдалтай тайлангийн тоо 277 татвар төлөгчөөр буурч, татвар ногдуулах орлого 498.4 тэрбум төгрөгөөр, татварын авлага буюу ногдуулалт 101.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн.
- Нэгдсэн төсвийн нийт зарлага 3,080.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37.3 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 1.3 функтээр буурсан байна.
- Монгол Улсын төсвийн нийт зарлага 2,423.1 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 2,367.2 тэрбум төгрөгийн буюу нийт төлөвлөгдсөн зардлын 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
- Халамжийн сангаас халамжийн тэтгэвэрт 27.6 тэрбум, ахмад дайчид, ахмадуудад үзүүлэх тэтгэмжинд 14.1 тэрбум, жирэмсэн нярай эхчүүдэд олгох санхүүжилтэд 16.1 тэрбум, алдарт эхийн одонт эхчүүдэд олгох тусламжид 15.7 тэрбум, бусад тэтгэмж, дэмжлэгт 23.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.
- Түүнчлэн, Засгийн газар санхүү, эдийн засгийн хямралын эсрэг эдийн засгийг тогтворжуулах, тэлэх чиглэлээр ажиллан, хөдөлмөр, ажил, эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 31.0 тэрбум төгрөгийн санхүүжилт, улаан буудайн тариалан эрхлэгчдэд 12.6 тэрбум төгрөгийн үнийн зөрүүний татаасыг улсын төсвөөс санхүүжүүлсэн.
- Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд нийт 530.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 473.2 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, төлөвлөгөөний биелэлт 89.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 98.5 тэрбум төгрөг буюу 26.3 хувиар өссөн дүнтэй байна.
- Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд 80.0 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 10.2 тэрбум төгрөгийн зээлийг Тариаланг дэмжих сангаас, хөдөлмөр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд 12.5 тэрбум төгрөгийн татаас, 7.1 тэрбум төгрөгийн зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн байна.
- Орон нутгийн төсвийн зарлага 358.1 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгдсөн нийт зардал 96.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох бэлэн мөнгөнд зориулж 305.1 тэрбум төгрөг, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 10.9 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 96.6 хувийн буюу 500.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
- Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2010 оны төсвийн гүйцэтгэлийг авч үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн багцын хэмжээгээр зарлагаа хэтрүүлэн зарцуулаагүй байна.
- Цаашид төсвийн ерөнхийлөн захирагчид үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг сайжруулахад анхаарч төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, түүний үр дүнг төсвийн санхүүжилттэй уялдуулах замаар төсвийн хэрэгжилтийг хангах нь зүйтэй байна.
2. Засгийн газрын 2010 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны гүйцэтгэлтэй хамт Засгийн газрын 2010 оны санхүүгийн байдлыг толилуулж байна.
- Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн багцын санхүүгийн нэгтгэсэн тайлан, 93 төсөл, сан, төрийн сан, 100 хувийн төрийн өмчит 92 үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит 132 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг нэгтгэн гаргалаа.
- Санхүүгийн нэгтгэсэн тайлан нь хуулийн дагуу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 2010 оны 12-р сарын 31-ээр дуусгавар болсон ажил гүйлгээг хамарсан болно.
- Засгийн газрын 2010 оны нэгтгэсэн санхүүгийн тайланд 9,483,7 тэрбум төгрөгний нийт хөрөнгөтэй гарсан. Үүний 1,179,8 тэрбум төгрөг нь мөнгөн хөрөнгө, 928,0 тэрбум төгрөг нь авлага, 534,6 тэрбум төгрөг нь бараа материал, 4,745,8 тэрбум төгрөг нь үндсэн хөрөнгө байна.
- Улсын төсвийн 30 ерөнхийлөн захирагчийн 2010 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийж, 610.8 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 365.5 тэрбум төгрөгийн материаллаг алдааг залруулж, материаллаг бус зөрчил, дутагдлыг арилгах зөвлөмж өгсөн байна.
- Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчийн 73 хувьд нь буюу 22 ерөнхийлөн захирагчид “Зөрчилгүй” санал дүгнэлт, 27 хувьд нь буюу 8 ерөнхийлөн захирагчид “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгчээ.
- Төсвийн ерөнхийлөн захирагчдад санал дүгнэлт өгсөн байдлыг өмнөх онтой харьцуулахад “зөрчилгүй” санал дүгнэлтийн хувийн жин 23 пунктээр өсч, “хязгаарлалттай” санал дүгнэлтийн хувийн жин 16 пунктээр буурчээ.
- Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2010 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт 94 зөвлөмж өгснөөс 48 хувь нь төлөвлөлт, хяналт, удирдлагыг сайжруулах, 18 хувь нь арвилан хэмнэлтийг сайжруулах, 14 хувь нь үр нөлөөг сайжруулах, 8 хувь нь үр ашгийг дээшлүүлэх, 5 хувь нь хариуцлагыг сайжруулах зөвлөмж өгөгдсөн байна.
- Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2010 оны нэгтгэсэн санхүүгийн тайланг хэлэлцэн, Улсын төсвийн 2010 оны төсвийн орлого, зарлагыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье.