-Нэг ёсондоо гэрч, хохирогч хамгаалах эрх зүйн орчин дөнгөж бүрдэж, Тахарын албаны үйлчилгээ жигдэрч эхэлж байтал нөгөө Тахарын албаны хууль хүчингүй болгох асуудал яригдаж байна-
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаар ирэх долдугаар сарын 1-нээс өмнө Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын саналыг тусгаад Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Энэ асуудлаар болон дагнасан шүүхийн давуу талын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяатай ярилцлаа.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулах санал хүргүүлээд байгаа вэ. Эдийн засаг хүнд байгаа ийм үед шинээр шүүх байгуулахад хичнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай бол?
-Үндсэн хуулийн 67-р зүйлд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу Шүүх байгуулах тухай хууль өнгөрсөн нэгдүгээр сард хүчингүй болсон. Үүнтэй уялдуулаад Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуульд нийцүүлсэн шүүх байгуулах тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барьлаа. Энэхүү хуулийн төслийг Үндсэн хуультай нийцүүлж гаргахын тулд бусад хууль, тогтоомжийн заалтуудыг шингээж боловсруулсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 48-р зүйлд шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд анхаарч, шүүн таслах ажлыг төрлөөр нь дагнан байгуулах чиглэлийг хуулийн төсөлдөө тусгалаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүх эрх мэдлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрт одоогийн шүүхийг тойргийн тогтолцоогоор байгуулахыг дэмжээд байна. Үүнийг ч бас баримталсан. Өмнө нь тойргийн 21 давж заалдах шүүх байсныг шинэ боловсруулсан хуулийн төслөөр 19 болгон өөрчилсөн. Зарим аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүх байхгүй болсон нь Үндсэн хууль зөрчигдсөн гэж ярьж байгаа. Иймээс энэ байдлуудыг харгалзаж үзээд анхан шатны шүүхүүдийг шүүн таслах төрлөөр дагнаж байгуулахдаа Сэлэнгэ, Булган аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхийг шинээр байгуулна. Бусад сум дундын шүүхийг эрүү, иргэний төрлөөр нь дагнаж байгуулахаар төлөвлөсөн. Хэрвээ шүүх байгуулах тухай хуулиар аймаг бүрт давж заалдах мэргэшсэн шүүх байгуулна гэвэл маш их хөрөнгө шаардлагатай. Ийм учраас бид энэ оныхоо төсөвт зохицуулаад нэмж хөрөнгө, мөнгө зарахгүйгээр шүүхийг зохион байгуулах хуулийн төсөл боловсруулсан гэж бодож байгаа.
-Шүүхийн нэршлийн хувьд бас өөрчлөгдөх байх. Тоогоор нэрлэсэн байсан шүү дээ. Эрүүгийн хэргийн анхан шатны тэд дүгээр шүүх гэх мэт. Энэ талаар?
-Нэрийн хувьд бол өөрчилж байгаа. Одоогийн дугаар, дүгээр шүүх гэсэн нэрийг өөрчлөн нутаг дэвсгэрийн харъяаллаар нь, Үндсэн хуульд заасан нэршлээр нь нэрлэнэ. Жишээлбэл, Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэх мэт. Сүхбаатар, Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүх, дүүрэгт бол Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн, иргэний хэргийн шүүх гэсэн нэршлээр нь өөрчлөх юм.
–Иргэдийн хувьд өөр аймаг руу явж давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандаж байгаа нь хүндрэлтэй байна гэж байсан. Харин та бүхний гаргасан саналаар бол шүүгчид нүүдэллэж буюу томилолтоор очиж ажиллаж хэрэг маргааныг шийдвэрлэх юм байна. Үүнд ямар нэгэн хүндрэл учрахгүй юу?
Иргэдийг аль болохоор чирэгдүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, иргэд аймаг алгасаж шүүх рүү явахгүйгээр шүүгч нар аймаг аймагт нь очиж, үйлчлэх зохицуулалтыг хийсэн. Жишээ нь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх бол Дорнод аймагт байрлана. Ингээд Дорнод аймгаасаа Сүхбаатар, Хэнтий аймаг руу шүүгч нар томилолтоор явж тухайн хэргийг газар дээр нь очиж хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ. Мөн талуудын хүсэлтээр онлайнаар холбогдож, иргэдийн хаа байгааг нь үл харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Тухайлбал, Хэнтий аймгийн иргэд Дорнод аймгийн шүүхтэй онлайнаар холбогдож шүүх хуралд оролцох бүрэн боломжтой. Техник, тоног төхөөрөмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Одоо энэ ажил хэрэгжээд хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ дээр ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарахгүй. Давж заалдсан хүн заавал аймаг алгасаж, өөр шүүх дээр очиж асуудлаа шийдвэрлэх шаардлагагүй гэсэн үг.
-Томилолтоор ажиллах талаар шүүгч нар ямар саналтай байгаа бол, шүүгч нарын саналыг харгалзаж үзсэн үү?
Шүүгч нар бол энэ тойргийн тогтолцоог бүгд дэмжсэн. 78 шүүхийн шүүгч нараас саналыг нь авч судалж үзсэнээр шүүх байгуулах тухай хуулийн төсөлд тусгасан. Тойргийн журмаар давж заалдах шүүхийг байгуулчихвал хэргийн ачаалал нь тэнцвэртэй болж байгаа юм. Шүүгч нар бол мэргэшсэн буюу хэргийн төрлөөр дагнасан шүүх байгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
–Ер нь бол өмнө нь нэг шүүгч эрүүгийн хэргийг ч иргэний хэргийг ч шаардлагатай бол захиргааны хэргийг ч шийдвэрлэдэг байсан. Харин одоо шүүгч нарыг аль нэг чиглэлээр дагнаж, мэргэшүүлэх бодлогыг барьж байх шиг байна. Дагнасан шүүх, дагнаж мэргэшсэн шүүгчийн давуу талын тухайд?
-Одоо бол сум дундын шүүгч нар өглөө нь иргэний, өдөр нь эрүүгийн хэрэг гээд ээлжлээд шийдвэрлээд байх нь тухайн шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэшиж, тэр чиглэл рүүгээ үндэслэлтэй зөв шийдвэр гарахад саад болдог. Тэгээд ч эрүүгийн, иргэний процессийн хуулиуд өөр өөр. Энэ нь шүүгчдэд хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгчид нэг чиглэлд мэргэшинэ гэдэг чинь эрүү, иргэний, захиргааны хэргийн аль нэгийг л дагнан шийдвэрлэдэг байх ёстой юм. Нэг ёсондоо шүүхийн шийдвэр чанаржихад шүүгчид мэргэших явдал чухал. Ерөөсөө л нүдний эмчээр шүдээ ухуулахтай л адил зүйрлэл. Эцэстээ энэ нь иргэдэд л эергээр нөлөөлнө. Аливаа шүүхийн шийдвэр бодитой, үнэн зөв гарна. Шүүгчид хариуцлагатай байна. Өргөн барьсан хуулийн төсөлд ч анхан шатны шүүхийг ч, давж заалдах шүүхийг ч яг ингэж мэргэшүүлэхээр тусгагдсан. Одоо Замын-Үүд, Ханбогд, Завханы Тосонцэнгэл, Ховдын Булган, Зүүнхараа, Хөтөл зэрэг аймгаасаа алслагдсан сум дундын найман шүүх бий. Энэ шүүхүүдийг ч бас одоо мэргэшүүлж, хэрэг дагнан шийдвэрлэдэг болох юм.
–Хэрэв УИХ энэ хуулийн төслийг долдугаар сарын 1-нээс өмнө амжиж батлахгүй бол шүүхийн хувьд ямар нөхцөл байдал үүсэх вэ. Монгол Улс шүүхгүй болно гэсэн үг үү?
-УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Иймд Цэцийн шийдвэрийн дагуу ирэх долдугаар сарын 1-ний дотор багтаж, Шүүх байгуулах тухай хуулийн төслийг батлах байх. Хэрэв энэ хугацаанд амжиж батлахгүй бол долдугаар сарын 1-нээс хойш Монгол Улсын шүүн таслах ажиллагаа явж болохгүй нөхцөл байдал үүснэ. Нэг ёсондоо шүүхгүй болсонтой адил нөхцөл үүсч, шүүн таслах ажиллагаа явагдах боломжгүй зогсоно.
–Нэгэнт тантай уулзсаных сүүлийн жилүүдэд хар тамхи, хүн худалдаалах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна. Яг дээрх төрлийн гэмт хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн тоо баримт байна уу?
-Яг энэ чиглэлээр бид шүүгчээ сургах шаардлагатай байгаа учраас зориуд судалгаа гаргуулсан. Судалгаанаас харахад өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгт зургаан хүнд холбогдох хоёр хэргийг шүүхээр шийдвэрлэж, буруутай этгээдүүдэд 5-8 жилийн хорих ял оноосон байна. 18-29 насны тодорхой эрхэлсэн ажилгүй бүрэн дунд боловсролтой эмэгтэйчүүд байсан. Харин биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан 14 хүнд холбогдох 11 хэргийг шүүн тасалсан. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл худалдаалсан, хадгалсан зэрэг Эрүүгийн тусгай хуулийн 193 дахь зүйл ангиар 95 хүнд холбогдох 46 хэргийг шийдвэрлэсэн байна. Ингээд 17 хүнийг баривчилж, 37 хүнд хорих ял оноожээ. Энэ хэрэгт ихэвчлэн 16-35 хүртэлх насны залуучууд холбогдсон статистик мэдээлэл байна. Дүн мэдээнээс үзэхэд хүн худалдаалах гэсэн зүйл ангиар шийдвэрлэгдсэн хэрэг өсөөгүй. Харин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, борлуулахтай холбоотой шүүхээр шийдсэн хэргийн тоо нь 2013 онтой харьцуулахад нэмэгдсэн, энэ төрлийн хэрэгт буруутгагдаж ял шийтгэл хүлээсэн хүний тоо ч өсч, хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-30 насны залуучууд байна. Иймд залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт орохоос урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатайг харуулж байна.
–Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа дээрх хэргийн хохирогчид ер нь хэд орчим насны, ямар хүмүүс байдаг вэ?
-Ер нь хүний наймааны хэргийн хохирогчид бол 25 нас хүртэлх насны эмэгтэйчүүд байдаг. Хүний наймааны хэргийн гол эмзэглүүштэй зүйл нь хохирогч болж үлдсэн эмэгтэйчүүд тухайн орчныхоо сэтгэл зүйгээсээ салж чаддаггүй. Эргээд бусдыг наймаалж, гэмт хэрэгтэн болох тохиолдол байна. Яг ийм урсгал бий болчихсон. Тиймээс хохирогчийг хамгаалж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тэдний сэтгэл зүйтэй нь ажиллаж, халамж үзүүлэх шаардлагатай. Хар тамхи, хүний наймааны хэргийн орчноос салгах эрх зүйн орчинг Тахарын албаны хуулиар баталсан. Нэг ёсондоо гэрч, хохирогч хамгаалах эрх зүйн орчин дөнгөж бүрдэж, Тахарын албаны үйлчилгээ жигдэрч эхэлж байтал нөгөө Тахарын албаны хууль хүчингүй болгох асуудал яригдаж байна. Мөн гэрч, хамгааллын асуудал шүүх, шүүхийн аюулгүй байдлын асуудал хайчих гээд байгаа нь эргэлзээтэй болсон.
–Тахарын алба татан буугдахаар болоод байгаа. Тахар шүүхэд хэрэгтэй байсан уу. Энэ талаар та шүүгч байсан хүний хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Гуч гаруй жил шүүгч хийсэн. Шүүгчид нэг том хэрэг шийдэхэд албан тушаалтны, төр засгийн, найз нөхдийн гэх мэтээр янз бүрийн дарамт ирдэг. Утсаар ирдэг дарамт юу ч биш, шүүгчийн өрөөнд том балиус барьсан хүн ч орж ирж байлаа. Шүүгчийн өрөөнд орж ирж бичиг цаасыг урах, эд хөрөнгийг эвдэх, шүүхийн хананд элдэв хараал бичих гэх мэт зөвхөн шүүгч рүү заналхийлээд зогсохгүй ар гэр үр хүүхэд рүү халдах үе саяхан байсан шүү дээ. Яг ийм хүнд хэцүү үед шүүгчтэй ажиллах сэтгэл зүйч ч алга. Шүүгч хүн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үе ч таарч л байлаа. Ялангуяа эрүүгийн онц хүнд хэргийг шийдвэрлэхэд шүүгчийг хамгаалах үүрэгтэй цагдаа юу ч хийж чаддаггүй л байлаа. Харин Тахарын албаны хууль батлагдсанаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах эзэнтэй болж тэд ч жилийн хугацаанд арга барилаа олж ажил нь жигдрээд явж байсан. Шүүгч бүрэн хамгаалалтанд орж сэтгэл амар шүүн таслах ажлаа хийж эхэлж байтал Тахарын хуулийг хүчингүй болгох асуудал газар авлаа. Үнэхээр харамсалтай байна.
–Ер нь шүүхийн шийдвэртэй иргэд санал нийлэхгүй тохиолдлууд нэлээд гардаг. Ялангуяа олон нийтийн анхаарлыг татсан хэрэг дээр ингэж ч шийдэх гэж дээ ч гэдэг юмуу, шүүхийн шийдвэр тэр болгон хүмүүст таалагддаггүй. Энэ яг юутай холбоотой байдаг юм бэ, шүүгч буруу шийдээд байна уу, эсвэл хууль нь тийм байдаг юм уу?
-Хууль, шүүхийн өмнө бол иргэн бүр тэгш эрхтэй. Цагдаа байна уу, өндөр албан тушаалтан байна уу, жирийн иргэд байна уу энэ бол шүүхийн шийдвэрт огт хамаагүй. Тэр хүн ямар гэмт хэрэг үйлдсэн бэ, тэрэндээ тохирсон ял хариуцлагыг хүлээдэг. Ер нь манай иргэд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна л гэдэг. Гэхдээ иргэд санал нийлэхгүйдээ биш. Шударга ёсонд нийцээд хуулийн дагуу үндэслэлтэй зөв гарсан тэр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуультай. Иргэд шүүхийн шийдвэрийг шүүмжлэх биш, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүх бол нийгмийн сэтгэл зүй, хэн нэгний захиалгаар, хэн нэгний талд шийдвэрийг гаргана гэж байхгүй. Яг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэн ямар хэрэг үйлдсэн бэ, тэр нь яаж нотлогдсон бэ гэдгийг харгалзаж, шүүх шийдвэрээ гаргадаг.
-Танд баярлалаа.
Д.УЛАМБАЯР