2013 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аварга Д.Дагвадорж саяхан Чөлөөт бөхийг шинэчлэх түр хорооныхонд хариу мэдэгдэл хийх үеэрээ “Д.Сумьяабазар ах бид хоёр “Найрамдал”-д 900 сая төгрөгөөр бүхэл бүтэн “кэмп” барьж, чөлөөт бөхийн холбоонд хөрөнгө оруулсан” гэж ярьсан билээ.
“Кэмп” гэдэг бол уг нь тамирчдын хооллодог, амардаг, бэлтгэл хийдэг байртай цогц газар байх ёстой баймаар. Гэтэл “Найрамдал” зуслангийн хашаанд 900 сая төгрөгөөр байгуулсан гэх энэхүү бүтэн байгуулалт нь одоогийн байдлаар бол цементэн шалан дээр босгосон сараалжин төмөр байх ажээ. Хоёр жилийн өмнө нээлт хийж, зуны хэсэг хугацаанд тамирчдын бэлтгэлийг хийхдээ асар том асар майхан барьсан байсан санагдана. Харин түүнээс хойш хүн ирж бэлтгэл хийж байхыг нь үзээгүй, хаана нь яаж бэлтгэл хийдэг нь ч ойгомжгүй гэж хүмүүс ярих.
Чөлөөт бөхийн холбоонд оруулсан хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа 900 саяын төгрөгийн энэхүү “Бүтээн байгуулалт”-ын тухай мэдээлэл, бүртгэл Үл хөдлөх хөрөнгийн газарт лав л Чөлөөт бөхийн холбооны нэр дээр байхгүй гэдэг.
Хэдэн төмөр ч гэсэн хэлхээд өгсөн нь яамайдаа гэж бодъё гэхэд ийм байгаа зүйлээ олны өмнө бодитоор хэлж ярихгүй, зөвхөн өөрийгөө л бүхнийг хийсэн, чадсан мэт ярих нь их аваргын хаанаас ундран гардаг авьяас вэ гэж бахадмаар…?
За яахав, цементэн дээр дэвжээгээ дэвсээд, сараалжийг хулдаасаар бүрээд бэлтгэлээ хийнэ гэж бодъё. Болдог юм байж. Гэхдээ л бүхэл бүтэн 900 сая төгрөгөөр яаж ч бодсон ийм бүтээн байгуулалт хийнэ гэдэг үнэхээр сонирхолтой.
Б.БАТ