Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Тавдугаар сар талдаа орсон энэ үед зам, барилгын ажил ундарч байх ёстой ч бизнес эрхлэгчдэд мөнгө алга. Төр нь хувийн хэвшлээ дэмжье гэвч цалин, тэтгэврээ арайхийн тавьж байна. Улстөрчдийн амаар бол ирэх саруудад эдийн засаг улам л муудна.

Уг нь АН, МАН хамтран Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгаа хямралаас гаргах амлалт өгсөн. Хамтраад таван сар болоход эдийн засаг сэргэх биш бүх үзүүлэлт унав. Иргэдийн худалдан авах чадвар суларсаар эцэстээ Эрээн хотыг зорих наймаачингүй болж байна. Томоохон төслүүдийг хөдөлгөх амлалт өгсөн ч Тавантолгой таг гацав. МАН Тавантолгойг хөдөлгөе гэхэд АН нь хойш гэдийнэ. Сүүлдээ УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хэвлэлийнхэнд өгдөг нэг л хариулттай. “Төслийн багийнхан хэзээ асуулгын хариу өгнө, тэр цагт ажлын хэсэг Тавантолгойн дүгнэлтээ гаргана” гэдэг. Бүлэгтээ хүртэл ийм тайлбар хийгээд хоёр долоо хоног Тавантолгой төслийг хэлэлцүүлэхгүй гацааж чадсан л байгаа юм. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг мундахгүй л гэдэг энэ биз.

Золоор Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирэх чимээ дуулдаж эхэллээ, Тавантолгой гацсан үед сайхан л мэдээ.

Гэтэл бас нэг муу мэдээ, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл дахиад л УИХ-ын төвшинд гацах нь тэр. Тавантолгой төслийг АН яаж гацааж байгаа билээ, яг тэр жишгээр Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ дахь МАН-ын бүлэг хойшлууллаа.

Уг нь Засгийн газар УИХ-тай удтал зөвшилцсөний эцэст дээрх хуулийн төслийг энэ долоо хоногоос эхэлж хэлэлцүүлэхээр болсон. Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт УИХ-д мэдээлэл хийх үеэрээ уг төслийг дэмжиж өгөхийг хүссэн. Бизнес эрхлэгчдээ л бодсон хэрэг. Гэтэл МАН-д хуулийн төсөл таалагдсангүй, Тавантолгой төсөл АН-ынханд таалагддаггүй шиг. Сүүлдээ бүр Чингис бонд, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарсан цагт уг төслийн хувь заяаг шийднэ гэх ухааны юм ярьж сууна. Хаа хамаагүй асуудалтай холбож хадуурах юм. Үүгээр бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл бүрийг зөвхөн ажлын хэсгээс гарах дүгнэлтээс хамаарч шийддэг жишиг тогтож эхэлж байх шиг. Тавантолгойн гэрээний төслөөр эхэлсэн одоо Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиар үргэлжилж байна, цаашдаа ямар төслүүд дээр энэ жишиг хэрэгжихийг хэлж мэдэхгүй нь.

Ямар ч ухаанаар бодсон ажлын хэсгийн 10 гишүүнээс муу ч, сайн ч 76 гишүүн хэлэлцэх нь хэдэн хувь илүү байлтай. Ер нь тэгээд юуны тулд хөрөнгө мөнгө заран дөрвөн жил тутамд УИХ-ын сонгууль хийдэг юм. Парламентын 76 гишүүнийг сонгох гэж тэр шүү дээ. Засгийн газрыг хамтран байгуулсан нь ч, бодлогоо тал, талаасаа дэмжээд цаг хожин хямралыг даван туулах болохоос бойкот зарлаж, байдлыг хүндрүүлэх нь зөв сонголт биш. Гэтэл эрх баригч хүчин нь Засгийн газрын бодлогоо дэмжихгүй дотроо дайтаж, Монголын зовлонг нимгэлнэ гэж амлалт өгсөн МАН нь сөрөг хүчний дүрд тоглох…

МАН-ыг хараарай, эхлээд Засгийн газраас гарна гэж айлгадаг байсан бол одоо УИХ, Засгийн газраа тараая гэж уриалах жишээтэй. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр нар ийм суртал ухуулгыг хүчтэй хийж байгаа. Цагаа тулбал өөрсдөө УИХ-аас зайлахгүй л нөхдүүд. Дээр нь Ч.Хүрэлбаатар нарын гишүүд “Ерөнхий сайд аа, тавдугаар сард цалин, тэтгэврээ тавьж чадах юм уу” гэж даапаалах. Түүндээ тулбал, ахмадуудыг тэтгэвэртэй, төрийн албаныхныг цалинтай байлгахыг эсэхийг Сангийн сайд хамгийн сайн мэдэх байх.

Үйлдвэрлэлгүй улс уул уурхайгаа хөдөлгөхөөс өөр яах юм, гэтэл гишүүд нь “Ухахаас өөр юм толгойд чинь орохгүй байна уу” хэмээн Ерөнхий сайдыг аашилна. Засагт хамтарсны хэрэг юу билээ дээ, ухахаас өөр ямар гарц байгааг хэлээд өг л дөө. Ядаж л Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг дэмжээд өгвөл бизнес эрхлэгчдээ айдас хүйдсээс нь салгана.

Засгийн газрыг унагаж чадсан эр бяраа хямарчихаад байгаа эдийн засгийг өөд татахад гаргах цаг тулаад байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж