-Гадаад ертөнцөд монголоо муугаар сурталчилж байгааг АН-ын удирдлагууд ярилцсан бололтой –
Хаврын чуулган нээлтээ хийснээс хойшхи сар гаруйн хугацаанд улс төр “Тавантолгой” гэх ганцхан сэдвээр халуурав. Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийнхний боловсруулж өргөн барьсан Тавантолгой төсөл дээр УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, дэд ажлын хэсэг нэмэгдэж ажиллаад хагас сарын хугацаа өнгөрлөө.
Ерөнхий сайдын хувьд анхаарал татсан ямар нэгэн том мэдэгдэл хийгээгүй ч гишүүдийн тавьсан асуултад хариулт өгөх үеэрээ олон нийтэд хоёр ойлголт үлдээлээ. Энэ нь Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөр авахгүй, мөн Тавантолгой дээр улстөрчид ойлголцож чадах юм байна гэсэн горьдлого байв.
Өнгөрөгч баасан гаригт /V.14/ болсон чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр Тавантолгойг шийдэж чадна гэсэн итгэлтэй байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Түүнийг мэдээлэл хийнэ гэсэн зар гарсан даруйд олон нийтийн дунд Ерөнхий сайд чухам ямар мэдээлэл хийж, дуулиан тарих бол гэсэн хүлээлттэй байсныг нуух юун. Гэвч Ерөнхий сайдын хувьд анхаарал татсан ямар нэгэн том мэдэгдэл хийгээгүй ч гишүүдийн тавьсан асуултад хариулт өгөх үеэрээ олон нийтэд хоёр ойлголт үлдээлээ. Энэ нь Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөр авахгүй, мөн Тавантолгой дээр улстөрчид ойлголцож чадах юм байна гэсэн горьдлого байв.
Хамгийн сүүлийн үеийн гэхээр мэдээгээр УИХ-д суугаа намын бүлгүүд Тавантолгой дээр ойлголцож байгаа бололтой. Ялангуяа МАН-ынхан Тавантолгой төслийг хөдөлгөх нь зүйтэй гэдэг дээр олонх нь санал нэгджээ. Тэд энэ асуудлыг хаврын чуулганаас өмнө нэг тийш шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа сурагтай.
УИХ-ын байгуулсан Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт бараг хуралдаагүй, зарим нэг гишүүд нь гадаад, дотоодод ажилтай яваа гэх. Гэхдээ энэ долоо хоногт багтаан Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн гаргасан дүгнэлтээ УИХ-д танилцуулна гэсэн мэдээлэл байна.
Ерөнхий сайд Тавантолгойн гэрээг чуулганаар хэлэлцэнэ гэсэн УИХ-ын даргын эсэргүүцэлд бууж өгөхдөө энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдэж өгөхийг хүссэн. З.Энхболд дарга нь ийм хугацаанд хэлэлцэж шийднэ гэсэн хариулт өгснөөс хойш сар хагасын хугацаа өнгөрөөд байгаа юм. Хэрэв ажлын хэсгийнхэн гаргасан дүгнэлтээ энэ долоо хоногт багтаан УИХ-д оруулж ирвэл дэмжигдэх магадлал өнөөдрийн байдлаар 49:51 хувьтай байгаа гэнэ. Хаашаа ч эргэж мэдэхээр тоо.
МАН-ын бүлэг доторх Тавантолгойг дэмжигчдийн тоо нэг хоёроор нэмэгдэж байгаа гэх. Өмнө нь УИХ-д суугаа тус намын бүлэг Тавантолгой дээр 16:10 гэсэн хувилбараар хуваагдсан гэх мэдээлэл байсан бол өдгөө энэ харьцаа 18:8 болсон аж. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийнхний олонх Тавантолгойг явуулахыг УИХ-аас шаардах болсон юм. Харин “Шударга ёс” эвслээс Тавантолгойг явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ орд зуун хувь төрийн өмч байх ёстойг анхааруулсан. Урьд нь "Шударга ёс" эвслийнхэн хоёр хуваагдсан МАХН-ынхан гэрээний төслийг "дэмжихгүй", МҮАН-ынхэн "дэмжих" байр сууринаас хандаж байсан бол тэд сүүлийн өдрүүдэд ойлголцлоо нэгтгэж Тавантолгойн гэрээг байгуулах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Тэгвэл ИЗНН-ын хоёр Тавантолгойг дэмжигчдийн талд, бие даагчдаас Ц.Даваасүрэн энэ төслийг явуулах нь зөв гэж үзэх болсон гэх.
Харин Ардчилсан намын дарга нарын хувьд Тавантолгой дээр зөвшилцөж эхэлжээ. Эх сурвалжаас авсан мэдээгээр хоёр хуваагдан, хэвлэлээр байлдах болсон тус нам Тавантолгойн талаар үнэн, худлаа мэдээлэл цацахгүй байх тал дээр анхааръя гэж тохиролцсон сурагтай. Өөрөөр хэлбэл, хэвлэлээр “байлдах”-ын хэрээр ойлголцоход хүнд байгаа талаар удирдлагуудын хүрээнд ярилцсан гэх. Энэ хэрээр гадаад ертөнцөд Монголоо муугаар сурталчилж байгааг АН-ын удирдлагууд ярилцсан бололтой. АН эрх биш тэгмээр дээ.
Хэдийгээр Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Тавантолгойн тендерийг дахин явуулах нь зүйтэй гэсэн хувийн байр сууриа хэвлэлийнхэнд хэлсэн ч АН болон МАН-ынхан тендерийг дахин явуулах боломжгүй гэж үзэж буй юм байна. Ингэвэл эдийн засагт ч халтай, улс орны нэр хүндэд ч сөрөг байх болно гэжээ. Тэр тусмаа тендерийг дахин зарлабал төсөл хэрэгжих боломжгүй болох тул засч сайжруулаад явуулах ёстой гэсэн саналыг Ажлын хэсэгт байгаа Ардын намынхан гаргажээ.
Ойрын үед хэвлэлээр гарах болсон “Хөрөнгө оруулагчид гарах, явах санал өгсөн” гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэж байна. Тэд одоогоор Монголын парламентаас гарах шийдвэрийг л анхааралтай хүлээзнэж, эрүүл ухаанаар маргалдаж, эерэг шийдвэр гаргана гэдэгт итгэж суугаа юм байх. Ерөнхий сайдын хамгийн сүүлд өгсөн мэдээлэл мэдээж тэдэнд бага ч гэсэн найдлага үлдээсэн биз ээ. Тавантолгой төслийг тойрсон улс төрд болж байгаа хамгийн сүүлийн мэдээллийг тоймлоход нэг иймэрхүү.
Ж.ЭРХЭС
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин