Ерөнхийлөгч тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведевийн урилгаар ОХУ болон Халимаг улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийн хамт Халимагийн нийслэлээс МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн шөнийн 01.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.

Тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжилсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын багийнхан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Р.Болд нарын гэхчлэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ыг зорьсон юм. Улс төр, бизнесийн салбарынхнаас гадна Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Алтан ураг” хамтлаг зэрэг урлагийнхан, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, шатрын Их мастер Б.Мөнгөнтуул нарын спортын алдартнууд, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц нарын шашны төлөөллийнхөн багтсан юм.

Тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев нар ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийсэн нь энэ удаагийн айлчлалын гол үйл явдал байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монгол Улс, Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн жил  Оросын Холбооны Улсад айлчлал хийсэн нь Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны залгамж чанар, тэдгээрийн өнгөрсөн болон өнөөгийн уялдаа холбоог тодруулж өгсөн үйл явдал гэж онцолж болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар 2009 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо дээд хэмжээнд хийсэн өмнөх уулзалтаасаа хойшхи хоёр талын хамтын ажиллагааны явцыг олон арван жилийн хугацаанд уламжлал болон тогтсон Монгол-Оросын сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийн үзэл санааны дагуу нягтлан хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцсоныг мөн хэвлэл, мэдээллүүд онцолж байлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нар 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр тэдний гарын үсэг зурсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалыг амьдралд хэрэгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллаж дорвитой, нааштай үр дүнд хүрснийг тэмдэглэсэн байгаа. Энэ Тунхаглал цаашид ч Монгол-Оросын харилцааг цогцод нь хөгжүүлэхэд чиглүүлэгч, зохион байгуулагч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт хоёр тал итгэл төгс байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

Түүнчлэн Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар энэ оны гурав, дөрөвдүгээр сард Монгол-Оросын багийн сансрын нислэгийн 30 жил, жолоодлогот сансар судлалын 50 жилийн ойн баярыг хамтран зохион байгуулсныг чухалчлан тэмдэглээд, энэ оны арваннэгдүгээр сард тохиох Монгол Улс, Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэхийг Засгийн газрууддаа даалгах болсон.

Хоёр талын бараа эргэлтийн хэмжээ түргэн сэргэж, хямралын өмнөх түвшинд хүрснийг Ерөнхийлөгч нар уулзалтын үеэр өндрөөр үнэлсэн юм. Энэ нь хоёр орны эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг ихээхэн хүч чадавхитай болохыг, хоёр тал тогтвортой, уламжлалт харилцаандаа тулгуурлан энэхүү чадавхийг бүх талаар тууштай хөгжүүлэхээр эрмэлзэлтэй байгааг нотлон харуулж байна гэж тэд үзэж байгаа юм.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол-Оросын харилцан ажиллагааны тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол-Оросын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комисс ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэсэн байгаа. Монгол-Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, бусад гол баримт бичгүүдийг энэхүү комиссын ивээл дор амжилттай боловсруулж, хэрэгжүүлж байгаа билээ.

Мөн Монголын шилжих рублийн өрийн асуудлыг 2010 оны арванхоёрдугаар сард эцэслэн зохицуулсан нь харилцан ашигтай төслүүдийг улсын шугамаар зээлжүүлэн, санхүүгийн хүрээнд чанарын шинэ хамтын ажиллагааны боломжийг нээж буйг Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар цохон тэмдэглэсэн юм.

Талууд худалдаа-эдийн засгийн харилцан ажиллагааныхаа дэд бүтэц, механизмыг сайжруулахад шаардлагатай алхам хийж, өөрийн нутаг дэвсгэрт ажил хэрэгч уур амьсгал, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох, хоёр талын худалдаанд байгаа асуудал, түүний дотор гуравдагч орны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх асуудлыг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан үр бүтээлтэй шийдвэрлэхийг зорьж байгаагаа илэрхийлснийг мөн цохон тэмдэглэж байна.

Монгол-Оросын худалдааны нөхцөлийг цаашид сайжруулахад тус нэмэр болно гэж үзэж Оросын Холбооны Улсыг Дэлхийн худалдааны байгууллагад  даруй элсүүлэхийг дэмжиж байгаагаа Монгол Улс дахин мэдэгдэв. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол-Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны зарим томоохон төсөл, түүний дотор Дорнодын бүс дэх ураны хүдрийн геологи хайгуул, олборлох, боловсруулах ажилд оросын корпорациудыг оролцуулах асуудалд ихээхэн анхаарал хандуулсан тухай хэвлэлүүд бичиж байлаа.  
Талууд Монголын төмөр замын дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг санхүүгийн хувьд бэхжүүлэн шинэтгэх, улмаар Монгол-Оросын төмөр замын салбарын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах, түүний дотор Монголын баялгийн шинэ нөөцийг ашиглах, шинэ төмөр зам тавихтай холбоотой асуудлыг хамтарсан төслүүдийн хүрээнд нягт уялдаатай  шийдвэрлэхийг зорьж байгаагаа айлчлалын үеэр мэдэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж