Эмнэлгийн гаднаас машин битгий ачаач

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн гаднаас машин битгий ачаач

Зогсохыг хориглосон газар зогссон, замын хөдөлгөөн саад учруулсан тээврийн хэрэгслийг ачиж, журмын хашаанд хүргэдэг болсоор хоёр жилийн нүүрийг үзэж байна.

Ерөнхийдөө энэ журам гарснаас хойш нэгдүгээр эгнээнд зогсч байгаа машиныг ачдаг болсон. Харин машин ачдаг болсноос хойш маш олон хэл ам гарлаа.

Ачилтын компаниуд үзэмжээрээ машин ачдаг. Үнэтэй, том машиныг ачихгүй мөртлөө ядарсан иргэдийг ялгаварлан дээрэлхэж байна гэх гомдол ч ирдэг болоод байгаа. Мөн “Зогсоолгүй байж машин ачлаа. Одоо байтлаа машин ч унах эрхгүй болох нь” гэж бухимдах хүмүүс ч бий.

Дээрээс нь журмандаа жолоочид урьдчилан сануулах ёстой гэж заасан байхад хэлэлгүй хулгай хийж байгаа юм шиг ачлаа гэж ярих ч хүмүүс байгаа.

Харин түүний хариуд заавал хэлэх албагүй гэж албаныхан дайрах. Ерөнхийдөө л асуудал улам хурцдаж байгаа юм. Нэг талаасаа хараад үзвэл, зогсоолгүй мөртлөө машин ачаад байгаа нь утгагүй хэрэг. Гэхдээ нөгөө талаасаа ингээд ч болов жолооч нараа дүрэм, журмаа биелүүлдэг болох нь зөв. Уг нь бол нэгдүгээр эгнээнд болоод түр зогсохыг хориглосон газар машин тавихгүй гэсэн журмаа дагах ёстой. 

Тэр утгаараа яаж ийж байгаад жолооч нарыг дүрмээ биелүүлдэг болгож сургах нь зүйтэй юм. Харин нэг зүйлд жаахан уян хатан хандмаар байна. Нөгөө, амташсан хэрээ 13 дахив гэгчийн үлгэрээр ачилтын компаниуд эмнэлгийн ойролцоо зогсоод, машин ачдаг болчихлоо.

Тухайлбал, эмнэлгүүдийн орчимд хоёр машин зогсчихоод, тэр хавьд байгаа машинуудыг тойроод л ачаад байх жишээтэй.  Ийм зүйл байж болох уу. Жаахан хүн чанартай, сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нэгдүгээр эмнэлэг, “Сонгдо” хавьд машины зогсоол гээд байх юмгүй. Дээрээс нь эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа хүмүүс ямар их байгаа билээ. Ачааллаа даахгүй хэцүү л байна. Тэр хэрээрээ ар гэрийнхэн, төрөл садан нь эмнэлгийн орчимд машинтай их очдог. Ер нь бол эмнэлгийн гадна өвдсөн зовсон, яарсан сандарсан, тэвдсэн хүмүүс л машинаа тавьж байгаа. Тэнд зогсоол гарахыг нь хүлээгээд, тэвчээд суух хүн байхгүй. Нэг нь өвдөөд яарч л яваа. Тийм байхад зовлон дээр нь зовлон нэмээд, машиныг нь ачаад байх шаардлага байна уу. Бүр улаан цагаандаа гарчихаад, буяны ажилд явах гээд хадаг яндар уячихсан машиныг хүртэл ачаад явчихдаг гэж байгаа.

Ийм новшийн байж болохгүй биз дээ. Ямар дэлгүүр хэсэх гээд машинаа хаана ч хамаагүй хаяад орчихсон биш.  

Эмнэлгийн гадна машины тавьсан хүмүүс бие биедээ саад болоод, хөдөлгөөн саатуулаад юу шалиа аж. Харин ч адилхан зовлонтой яваа болохоор хоорондоо аятайхан ойлголцоод, утсаараа яриад, зайгаа гаргаад л явчихна. Тэнд замын хөдөлгөөнд саад боллоо гэж гомдоллох нэг ч жолооч байхгүй гэж бодож байна. 

Тэгээд ч Улаанбаатарт ачих машин мундсан биш дээ. Энд тэндхийн дэлгүүр, баар, рестораны гадна машинаа замбараагүй тавьчихсан нөхдүүд зөндөө л байдаг. Ердөө л нэг дэлгүүр орохын төлөө машинаа замын голд шахуу хаячихаад явчихдаг хэнэгүй нөхдүүд ч дүүрэн байгаа. Тэдний машиныг ачаад, дүрэм журам зааж өгөөд байхад ачилтын компаниуд хангалттай ашиг олно шүү дээ.

Энэ асуудлыг эрхэм дарга нар бодолцож, дүрэм журмаа өөрчилнө гэж найдаж байна.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж