Ажлын байр нэмэгдэж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Ажлын байр нэмэгдэж байгаа юу?

Ерөнхий сайд С.Батболд Twitter хуудсандаа 13134 ажлын байр шинээр бий болсон тухай мэдээлжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч 22718 байна. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо дөрөвдүгээр сарын эцэст 41.7 мянгад хүрсэн гэх. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотод 2690, Ховдод 911 хүн, Өвөрхангайд 852, Завханд 530, Төв аймагт 244, Булганд 231, Архангайд 222 ажилгүй хүнээр өсчээ. Тэгэхээр ерөнхий сайд twitter-тээ хаанахын ямар тоог үндэслэн дээрх мэдээллийг цацсан юм бол оо?

Засгийн газар энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан улс орон даяар ажлын байр болон иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр олон төрлийн ажил санаачлан зохион байгуулдаг гэх. Төсөл хөтөлбөр, тендер хүртэл ажлын байр нэмсэн байх шаардлагатай юм билээ. Үүнд үйлдвэрчний эвлэл хяналт тавьж ажиллана гэдэг ч эхний үр дүн гараагүй байгаа юм. Тэд ажлын байр нэмэгдэж байгаа эсэхэд хяналт тавих анхны ажлаа “Оюутолгой” компаниас эхэлнэ гэж онилсон ч байгаа оноогүй явна. Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Ганбаатар олон улсын хуралд суухаар Женевийг зориод, энэ ажил түр хойшилжээ.

Юутай ч уул уурхайг дагаад хүссэн, эс хүссэн ч ажлын байр нэмэгдэх учиртай. “Оюутолгой”, “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхэд л цөөхөн монголчууд ажлын байранд бялхах байгаа юм. Гэхдээ Засгийн газар хөрөнгө оруулагчидтай гэрээгээ зөв хийсэн тохиолдолд шүү дээ.

Ажлын байрны энэ ажлын эхлэл болгож, холбогдох газрууд судалгаа, шинжилгээ хийж байна. Монголын мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд хийгдсэн ойрын жилүүдэд болон ирээдүйд ямар салбарт, ямар мэргэжлээр ажлын байр бий болох хандлагыг тодорхойлжээ. Тэдний гаргасан судалгаагаар ойрын нэг жил хөдөлмөрийн зах зээлд 17500 сул ажлын байр бий болж, ажиллах хүчний хэрэгцээ 3.5 хувийн өсөлттэй байх үр дүн гарчээ. Салбараар авч үзэхэд хөдөө аж ахуй, худалдаа,  зочид буудал,  зоогийн газар үйлчилгээний салбарт ажиллах хүчний хэрэгцээ бусад салбараас их байх төлөв ажиглагджээ. Ажлын байр олноор шаардлагатай боловч, түүнд тэнцэх мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж болзошгүй байгаа гэнэ.  Хэдийгээр ажлын байрны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч ажилгүй иргэдийн тоо ч мөн нөгөө талд ижил хурдтайгаар өсч байна, цаашид ч өсөх хандлагатай. Юутай ч одоогийн байдлаар ажлын байр нэмэгдсэн үү, буурсан уу гэдэгт хариу гаргахад хараахан эрт байна.

Б.УНДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж