Йинглакийг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Йинглакийг шүүх хурал эхэллээ

 

Тайландын экс ерөнхий сайд Йинглак Шинаватраг шүүх хурал өнөөдөр /V.19/  Бангкок хотын Дээд шүүхэд эхэллээ. Дээд шүүхийн хуралд Йинглак Шинаватра биечлэн оролцохоор хүрч ирсэн байна. Түүнийг олон тэрбумын өртөгтэй цагаан будааны урамшуулалт хөтөлбөрийг бүтэлгүйтүүлж, алдаа гаргасан хэмээн буруутгаж байгаа аж. Энэ хэрэгт Йинглакийг буруутай гэж үзвэл 10 хүртэл жил шоронд хорих ял оноож магадгүй юм. Тайландын засгийн газрын тэргүүн асан Йинглак Шинаватра өөрт нь тохсон хэргийг улс төрийн зорилготой хэмээн эрс няцааж байна.

 

Йинглак Шинаватраг буулгахын төлөө ард түмний жагсаал хэдэн сар үргэлжилсний дараа Тайландын үндсэн хуулийн шүүх өнгөрсөн оны тавдугаар сард түүнийг эрх мэдлээ хэтрүүлсэнд буруутган албан тушаалаас нь огцруулсан билээ. Йинглак Шинаватра улс төрд орох эрхээ таван жилийн хугацаатай хасуулсан юм.

 

Йинглакийн нам эрх барьж байх үед буюу 2011 онд Тайландын Засгийн газраас тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хөдөө дэх ядуурлыг бууруулах зорилгоор цагаан будаа худалдан авах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний хүрээнд Засгийн газар тариланчдаас цагаан будааг зах зээлийн үнээс 50 хувь илүү өндөр үнээр худалдан авч, тэдэнд урамшууллын мөнгө олгохоор шийдвэрлэсэн аж.  Энэ нь хөдөөгийн хүн амын дунд тааламжтай шийдвэр болсон ч экспортын өрсөлдөх чадварыг эрс бууруулсан юм.  Улмаар хэтэрхий их цагаан будааны нөөц үүсгэснээс үүнийг худалдахад Тайландын эрх баригчдад хүндрэл учирч, тариаланчдад олгох нөхөн олговор, өндөр үнээр худалдах авах үйл явцыг зогсоосон аж. 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж