Усны хангамжийн талаарх семинар болов

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Усны хангамжийн талаарх семинар болов

“Их тэнгэр” цогцолборт өчигдөр “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт семинар зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “2030 Усны нөөцийн групп” ОУБ-аас хамтран зохион байгуулж буй тус семинарын зорилго нь Монгол Улсад тулгарч буй хөгжлийн асуудлуудыг тодорхойлж, зарим салбаруудын хүрээнд усны нөөцөд үзүүлэх нөлөөллийг гаргах, Монгол орны усны эргэлтийг хангах нөөц бололцоо, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, Усны хэрэгцээ, хангамжийн зөрүүгээс үүдэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судалж, тогвортой хөгжилд үзүүлэх нөлөөг тодорхойлох, Монгол орны ирээдүйн усны хэрэгцээг хангах арга замууд, усны салбарыг хөгжүүлэх талаар ярилцлага өрнүүлэх үндсэн зорилготой юм.

Семинарын эхэнд нэгдсэн хуралдааныг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Nestle болон Усны нөөцийн группийн Ерөнхийлөгч Петер Брабек-Лэтман нар нээж үг хэлсэн юм. Дараа нь Дэлхийн эдийн засгийн форумын Байгаль орчны салбарын тэргүүн Доминик Ворей “Усны нөөцийн групп”-ийн тухай танилцуулга хийсэн бөгөөд “Бусад улс орон дахь Усны нөөцийн группийн үйл ажиллагаа” сэдвээр McKinsey&Co компаний Герман Улс дахь салбарын захирал доктор Мартин Стухтей мэдээлэл хийв.

Нэгдсэн хуралдаанд Усны үндэсний газрын нарийн бичгийн дарга Д.Доржсүрэн “Монгол орны усны хэрэгцээ, хангамжийн талаар тулгамдаж байгаа асуудал, бодлого, төлөвлөлт” сэдвээр, McKinsey&Co компанийн салбарын захирал Дэвид Когман, судлаач Судийп Майтра нар “Монгол Улсын хөгжлийн асуудлуудыг усны нөөцийн хангамж, түүнд үзүүлэх нөлөөлөл дээр үндэслэн тодорхойлох нь” сэдвээр тус тус хэлэлцүүлэг зохиов. Үдээс хойшхи салбар хуралдаануудад “Уул уурхайн салбар дахь усны хэрэгцээ, хангамж”, “Хөдөөгийн хүн ам, газар тариалан, малын бэлчээрийн усны хэрэгцээ, хангамж”, “Улаанбаатар хот болон бусад хот, сум суурингийн усны хэрэгцээ, хангамж” зэрэг сэдвүүдээр явагдсан ба хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол орны усны салбарын цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг явуулж, цаашдын арга замын талаар дүгнэлт гаргажээ.

Эх сурвалж: president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж