Александр Овечкин. Фото: Michal Kamaryt / Global Look Press
Энэ жилийн дэлхийн аваргын шагнал гардуулах ёслол дээр Канадын сүлд дууг эгшиглүүлэхийн өмнө гарч явсан Оросын шигшээ багийг шийтгэх болно хэмээн Олон улсын хоккейн холбоо мэдэгдлээ. Тус холбоо дээрх үйлдлийг эсрэг талынхнаа хүндэтгэн үзээгүй хэрэг хэмээн үзжээ.
“Үүнийг би хараад асар ихээр сэтгэл тавгүйтсэн. Тодорхой хэмжээний шийтгэл тэдэнд очих ёстой” хэмээн ОУХХ-ны ерөнхийлөгч Рене Фазель хэлжээ.
Түүний хэлснээр ОХУ-ын багийн ерөнхий ерөнхий менежер Олег Знарок, Андрей Сафронов нар тэдний үйлдлийг зогсоох ёстой байсан бөгөөд ийм зүйл байх ёсгүй ажээ. Иймэрхүү үйлдэл нь “Орост, хоккейнд муугаар нөлөөлнө” хэмээн Фазель онцоллоо.
Оросын Спортын сайд Виталий Мутко хэрэв ОУХХ-ны журамд ийм үйлдлийг авч үзэх талаар заасан бол шийтгэлийг зөв гэж үзнэ хэмээн хэлжээ.
Оросын шигшээгийн хэвлэлийн төлөөлөгч Игорь Ларин өмнө тайлбарлахдаа зохион байгуулагчид Канадын сүлд дууг эгшиглүүлэхийн өмнө талбайн хаалгыг нээж, замбараагүй байдлыг үүсгэсэн гэв. Багийн хэсэг нь гарч явахад талбайд Александр Овечкин, Евгений Малкин, Виктор Тихонов, Дмитрий Куликов зэргийн хоккейчид үлджээ.
Ч.ОТГОНБААТАР