Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Хэний лобби вэ?

-Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр буюу  нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төсөл-

 

Өвгөд минь “Төрийн минь сүлд өршөө” хэмээн уул ус тэнгэр хангайдаа сүслэн залбирч ирсэн сайхан уламжлал бидэнд бий. Чухам энэ л үг  тухайн үеийн төр нь төр шиг байсны илрэл.

Гэтэл өнөөдөр төрд хувийн эрх ашгаа хумсандаа нуусан эх орончид шургалсаар 25 жилийн нүүрийг үзэж буйн жишээ УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд тухлан сууж хуулиар өөрийн бизнесээ баталгаажуулдаг систем  юм.

 

УИХ-аар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явж буй. Энэхүү хуулийн төслийг 2014 оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байсан ч  хуулийн төслийг засч сайжруулах шаардлагатай хэмээн үзэж шинэ Засгийн газар буцаан татсан. Харин  өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлээр засч сайжруулсан шинэ хувилбараа дахин УИХ-д өргөн барив. 

 

Энэ хуулийн төслийг бүхэлд нь харахад нягтлан бодогчдын гэхээсээ илүү зарим хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчлэх зорилготой харагдана. Зөвхөн Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг авч үзье.

Анх 1993 онд батлагдаж түүнээс хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд Ерөнхий нягтлан бодогч гэсэн зүйл заалт байсангүй. Харин энэ удаагийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгад ерөнхий нягтлан бодогчийн эрх үүргийг хуульчилж өгөхөөр тусгасан байна

Хуулийн төслийн 20.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч  нь мэргэжлийн болон ёс зүйн ур чадвартай байх,  20.2.13. эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах; гэсэн заалтууд өөрийн эрхгүй анхаарал татав.

Уншигч та багахан хэмжээний аж ахуйн нэгжийг удирддаг, танд ерөнхий нягтлан байх шаардлагагүй. Ингэснээр магадгүй нэг хүнийг цалинжуулах мөнгөөрөө үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтдаа нэмэрлэдэг байж болох юм. Тэгвэл энэ хуулийн төсөл  батлагдсанаар танай байгууллага заавал мэргэжлийн болон ёс зүйн ур чадвартай нягтлан бодогчтой болох нь.

Ерөнхий нягтлан та нягтлан бодогчоос өөр мэргэжилтэй бол хуулийн төсөл батлагдмагц мэргэжлийн бус, ёс зүйн ур чадваргүй гэсэн үндэслэлээр ажлаа өгч таарах нь. Нэгэн бүтэлгүй этгээд /тооцооны нягтлан, нярав гэх мэт/-ийн гаргасан алдаанаас болж ерөнхий нягтлан та хариуцлага хүлээнэ. Түүгээр ч барахгүй “аавын хаалга” татах үйлдлийг хуульчилж байнаа гэсэн үг. Байгууллагынхаа удирдлагатай байнгын зөрчилдөөн үүснэ. Яагаад гэвэл нэг толгойтой байх учиртай байгууллагыг хоёр толгойтой байх ёстой гээд УИХ маань баталгаажуулаад өгөх нь. Ийм нөхцөлд байгууллагын ажил урагшлах уу чөдөрлөгдөх үү… энэ бүхэн хэний ЛОББИ вэ? 

1996 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэж байгууллага бий. Тэд 20 орчим жилийн хугацаанд 3500 гаруй  “мэргэшсэн” нягтлан бодогчийг бэлтгэсэн байдаг.  Гэтэл ерөнхий нягтлан бодогчийг хуульчилснаар 20 жилийн түүхтэй энэ байгууллагыг соёлтойгоор  “амийг нь таслах” үнэр ханхлав.

Энэ нь хэнд ашигтай вэ? Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгчөөр нэгэн үе ажиллаж байсан одоо Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог гэж нөхөр бий. Тухайн үедээ гишүүдийнхээ дургүйцлийг хүргэсэн олон үйлдэл гаргасных нь төлөө түүний алба дуусгавар болсноор тэрээр өрх тусгаарлан Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнг байгуулж тэргүүнээр нь ажиллаж буй. Түүний туйлын хүслийн нэг хэсэг нь Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийг үгүй хийж энэ салбартаа эзэн суух. Үүнийг хуулийн төслийн 20.2.13. эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах; гэсэн заалт гэрчилж буй.  Энэ нь зөвхөн нэг төрийн бус байгууллагад бизнесийн давуу эрх олгохын төлөө УИХ-ын 76 гишүүн олон олон хэлэлцүүлэг хийж баталж баталгаажуулж өгөх болж байна. Үүнийг хийхийн тулд  Л.Дондог ганцаар зүтгээд хүч хүрэхгүй.  Түүний ар талыг  одоогийн УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан эрхэм, Сангийн яамны газрын мэргэжилтнүүд гээд хэд хэдэн нөлөө бүхий этгээдүүд хариуцдаг хэмээн энэ салбарынхан  “шивнэлддэг”  нь оргүй зүйл биш бололтой.

 

Ерөнхий нягтлан хаана ашигтай вэ?

Зах зээлийн нийгэмд тэнцэж ядан дэнжигнэж байгаа жижигхэн аж ахуйн нэгжүүдэд ерөнхий нягтлан байх шаардлагагүй. Тэд ерөнхий нягтланд өндөр цалин өгч ажиллуулах санхүүгийн боломж нь ч тэр бүр байдаггүй. Энэхүү бодит байдлыг 2 хүнтэй компаниас 2000 хүнтэй том компани босгосон хэн ч хэлээд өгнө.

Харин ерөнхий нягтлан бол төсвийн байгууллагуудад байх нь зохимжтой байж болох юм. Улс төрийн томилгоогоор ирсэн төрийн байгууллагын удирдлагуудад чангахан ерөнхий нягтлан байж төсвийн хөрөнгийг зөв зарцуулах нь яагаад болохгүй гэж. Өнөөдөр хэлэлцүүлэгдэж буй хуулийн төслийн зүйл заалтыг төрийн байгууллагад гээд зааглаад өгвөл тэдний санхүүгийн хяналтын тогтолцоо сайжирч  хөрөнгийн зарцуулалт зөв чигрүү орох сайн талтай байж магадгүй. 

 

Хэрэв дээрх хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Монгол Улсын нягтлан бодох бүртгэлд том ухралт болно. Монгол Улсад аль хэдийн бий болж хөрсөндөө буусан мэргэшсэн нягтлан  бодогчдын үйл хэргийг үгүйсгэж, зах зээлийн зарчмаар ижил тэгш хөгжих боломжийг боомилсон лобби хуулийн төслөө зүтгүүлсээр байх уу эрхэм Сангийн сайд Ж.Эрдэнэбат аа, УИХ-ын эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Амаржаргал, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүд ээ.

Нийт нягтлан бодогчдийн эрх ашгийн төлөө бус нэг төрийн бус байгууллагад давуу эрх олгох энэхүү хуулийн төслийг баталж гэмээнэ та бүхнийг өөрсдийгөө төлөөлүүлэн УИХ-д илгээсэн ард түмэн тань хэрхэн хандах бол.

Л.Хүрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж