Ам.долларын ханшийн сулралт үргэжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Худалдаа хөгжлийн банк гадаад зах зээлд Монгол Улсын Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан. Уг бондын хүү нь 9.375 хувь. Гэхдээ энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирснээр сүүлийн хоёр жилийн турш 30 хувиар суларсан төгрөгийн ханш бага зэрэг чангарч байна. Цаашдаа эдийн засагт мөнгө орж ирэх хөрсийг бэлтгэсэн, эерэг өөрчлөлтүүд харагдаж байгааг эдийн засагчид онцлох болсон юм.
Тодруулбал, арилжааны банкууд 1.4 тэрбум ам.долларыг гаднаас татах боломжтой, эхний хагас тэрбум ам.долларын бондыг Худалдаа хөгжлийн банк босгосон гэвэл цаана нь 900 сая ам.долларын бонд гаргах эрх арилжааны банкуудад нээлттэй.
Арилжааны банкуудаар зарж байгаа ам.долларын ханш 1950 төгрөг байгаа бол “Найман шарга” зах дээр 1944 төгрөгтэй тэнцэж байна. Харин Монголбанкны зарласан ханш 1940 төгрөг байгаа юм. Ам.долларын ханш гурав, дөрөвдүгээр улиралд 1985 төгрөг, оны сүүлээр 1800 төгрөгтэй тэнцэнэ гэсэн хүлээлт байна. Монголбанкинд 1.3 тэрбум ам.долларын нөөц байгаа. Энэ нь манай улсын зургаан сарын валютын хэрэглээтэй тэнцэхүйц нөөц аж. Тэр тусмаа сүүлийн саруудад гадаад тэнцэл байнгын ашигтай гарч байгаа нөхцөлд 1.3 тэрбум ам.доллар хангалттай нөөц. Мөн өнгөрсөн онд 13 тонн алт Монголбанкинд тушаагдсан, энэ оны төсөвт үүнээс хоёр дахин илүү алт тушаагдах хүлээлт байгаа зэргээс тооцвол төгрөгийн ханш цаашид улам чангарах магадлал өндөр байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр эдийн засгийн өсөлт өнгөрсөн дөрөвдүгээр сард 4.4 хувьтай гарсан байна. Энэ бол муугүй үзүүлэлт. Өнөөдрийн хувьд дотогшлох ам.долларын зарим сувгийн амсар нээгдсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах руу уруудсан хэвээр байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэх дотогшлох ам.долларын нэг томоохон урсгалыг сэргээж чадвал гадашлах урсгал нь харьцангуй буурсан өнөө үед Монголд орж ирсэн мөнгө болгон дотооддоо шингэж үлдэх боломж байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм.
КРЕДИТ банк | 1,940.00 | 1,950.00 |
Капитал банк | 1,940.00 | 1,950.00 |
Төрийн банк | 1,938.00 | 1,950.00 |
ХХБанк | 1,940.00 | 1,953.00 |
ХААН | 1,941.00 | 1,953.00 |
Капитрон | 1,938.00 | 1,953.00 |
О.САР