Ажиллаж байсан газрын тодорхойлолт, цалингийн түүх, аливаа захирамж, шийдвэр гээд бүхий л архивын лавлагаа мэдэээллийг нийслэлийн Архивын газарт хандан авдаг байсан. Тэгвэл төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилгоор дүүргүүдийн “Нэг цонх”-ны үйлчилгээгээр төрийн нэгдсэн архиваас хуулбар, захиалга авах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, Төрийн үйлчилгээ үзүүдэг 80 гаруй байгууллагын архивын лавлагааг дүүргийн “Нэг цонх”-ны үйлчилгээнд хандан цахим хэлбэрээр шүүж улмаар хуулбарыг баталгаажуулан авах боломж нээгдэж байна.
Энэ талаарх мэдээллийг Сүхбаатар дүүргийн Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатараас тодрууллаа.
-Иргэд ямар төрлийн лавлагааг авах боломжтой вэ?
-Ер нь төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын 1965 оноос хойшх бүхий л тушаал шийдвэрийг авах боломжтой. Тодруулбал, цалингийн тодорхойлолт, захирамж, тушаал шийдвэрийн хуулбар гэх мэтчилэн баримт бичгийг гаргаж өгөх юм.
-Хэдий хугацаанд гаргаж өгөх вэ?
-Иргэдэд шуурхай үйлчилж лавлагааг шууд гаргаж өгнө. Харин нийслэлийн Архивын газраас авах шаардлагатай зарим архивын лавлагааг захиалгаар буюу онлайн сүлжээгээр уламжлах юм. Ингээд нийслэлийн Архивын газраас захиалсан архивын баримт бичиг гармагц тухайн иргэнд мэдээлэх юм.
-Архивын лавлагаа авахад хэдэн төгрөгийн хураамж төлдөг вэ?
-Архивын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан тарифын дагуу буюу 1000-3000 төгрөгөөр архивын лавлагааг гаргаж өгнө. Тухайн лавлагаа нь юуны баримт бичиг вэ гэдгээс ялгаатай хураамж авдаг юм гэлээ.
Энэ үеэр нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа “Сургууль төгссөн гэдэг лавлагааг авах гэж заавал нийслэлийн Архивын газарт хандах шаардлагатай байсан юм. Хуулиндаа ч ингэж заасан байсан. Харин ийнхүү харъяа дүүргийн “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс архивын лавлагаа авдаг болсноор иргэдэд багагүй туслах боломжтой болох юм” гэж онцолсон юм.
Д.ЖАРГАЛ