Машин ачсан хураамжийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Машин ачсан хураамжийг нэмнэ

-Нэгдүгээр эгнээнд хууль зөрчин байрлуулсан автомашиныг ачиж журамлах журамд өөрчлөлт оруулснаар 55 мянган төгрөгийн торгуулийн хэмжээг багагүй хувиар нэмэгдүүлэх юм байна-

Автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж журамлах асуудал багагүй маргаан дагуулсаар ирсэн. Энэхүү журмыг хууль бус гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үзэн, иргэд ч багагүй эсэргүүцэж байгаа учраас нийслэлийн удирдлагууд энэхүү журмаа эргэн харж, багагүй өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзжээ. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр /05.18/-ийн хуралдаанаар “Автозамын нэгдүгээр эгнээнд хууль зөрчин байрлуулсан автомашиныг ачиж журамлах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж энэхүү төслийг батлахаа түр хойшлууллаа. Энэхүү журамд чухам ямар өөрчлөлтүүд орохоор төлөвлөгдөж байгаа болон НИТХ-ын төлөөлөгчид, албаныхан ямар байр суурь илэрхийлсэн талаарх мэдээллийг багцаллаа.

Торгуулийн хэмжээ нэмэгдүүлнэ

Үүнд, гүүрэн дээр, гүүрэн доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарман дээр, явган хүний гарц, уулзвар гарцын ойролцоо байрлуулсан автомашиныг журамлах гэнэ. Мөн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал мөн ачиж торгох юм байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталснаар одоогоор нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж улмаар ачуулсан жолооч нарыг 55 мянган төгрөгөөр торгож байгаа. Харин журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийн төлөвлөснөөр энэхүү торгуулийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн мэдээлж буйгаар дээрх торгуулийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлс, чирэх машины элэгдэл хорогдол, 25-30 километр чирэх машины шатахууны болон зогсоолын төлбөр зэрэг төлбөрүүд багтаж байгаа аж.

Дараах есөн байршилд автомашинаа байрлуулсан бол журамлана

Одоогоор Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолооч нарыг торгож байгаа. Харин дээрх журамд өөрчлөлт орсноор дараах газруудад автомашинаа байрлуулсан тохиолдолд л ачиж, журамлана гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байсан юм. Үүнд, гүүрэн дээр, гүүрэн доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарман дээр, явган хүний гарц, уулзвар гарцын ойролцоо байрлуулсан автомашиныг журамлах гэнэ. Мөн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал мөн ачиж торгох юм байна. Дээрх газруудаас өөр байршилд автомашинаа зогсоосон тохиолдолд автомашинаа аччихна гэж айх зүйл байхгүй гэдгийг ч мөн онцолж байсан юм.

Дашрамд, автомашин дотор хүүхэд байхад ачдаг тохиолдлыг таслан зогсоох үүднээс автомашины салхины бүх шилэн дээр өнгөт хуулга буюу хар тень наахыг хориглох тухай ч дурджээ.


Дээрх журмыг өөрчлөлттэй НИТХ-ын төлөөлөгчид танилцаад дараах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоор ахлуулсан ажлын хэсгийнхэнд сануулсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр:

-Иргэдийн автомашиныг ачдаг гол хэсгүүдэд үнэндээ зогсоол алга. Нийтийн эзэмшлийн зам талбайг, зогсоолыг гинжлээд өмчлөөд авчихсан газрууд, дарга нар цөөнгүй байна шүү дээ. Хангарьд ордны зогсоол л гэхэд дунд шатны дарга нарын машинаар дүүрчихсэн байх жишээтэй. Төрийн үйлчилгээ авах гэсэн иргэд Тагнуулын ерөнхий газрын ойролцоо машинаа тавьж бичгээ өгөөд гүйгээд гараад ирэхэд аль хэдийнэ машиныг нь аччихаад байгааг анхаарах хэрэгтэй. Мөн нэг анхаарал татаж байгаа асуудал нь автомашиныг зөөж шилжүүлэх асуудал нь 14 компанийн ашиг олох нэг хэрэгсэл болоод хувирчихсанд байгаа юм. Нэг машиныг зөөхөд удирдлагын зардал нэрийдлээр 14-18 мянган төгрөг суутгаж байгаа нь ямар учиртай юм бэ. Хууль, хүчний байгууллагын нэрийн дор иргэдийг “дээрэмдэж” ашиг олохоо зогсоох хэрэгтэй. Тиймээс торгуулийн хэмжээг эргэн харж, энэхүү төслийг дахин оруулж ирэхдээ анхаарна гэж найдъя гэсэн юм.

НИТХ-ын дарга Д.Баттулга:

-Мэдээж автомашинаа ачуулж байгаа хүн дургүй байх нь зөв. Ганц нэг алдаа дутагдал гардаг гэдгийг үгүйсгэхгүй. Нэг зүйлийг анхааруулахад ачихад оногдуулж байгаа төлбөр нь ТОРГУУЛЬ юм гэдгийг хэлмээр байна. Хууль зөрчсөн л бол хүссэн хүсээгүй тэр торгуулийг төлөх нь иргэний үүрэг. Харин торгуулийн хэмжээг хаанаас тогтоох талаар Хууль зүйн яамтай зөвшилцөж, хуулийн дагуу тогтоох хэрэгтэй юм. Энэхүү шинэ журмыг энэ тавдугаар сардаа багтаан ахин хэлэлцээд яаралтай батлах нь зүйтэй гэсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа:

-Үнэндээ бие засаад ирэхэд буюу худлаа хэлсэн хүнд нүд ирмэхийн зуурт автомашиныг ачаад явчихдаг. Холбоо барих утсаа үлдээсэн бол утасдаж нэг удаа сануулж болох юм. Гэтэл нэг л сандарсан хүмүүс машиныг нь ачаад бараг зугтааж байгаа харагддаг. Ер нь хугацаанд нь анхаарал хандуулах хэрэгтэй.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг:

-Энэ автомашины ачдаг нөхөд нэг газраа л элээ шиг эргэлдээд байх юм. Том том үйлчилгээний газруудын үүдэнд, төв замуудад л ачихаар улайрч байхаар түргэн тусламж, онцгой байдал зэрэг газруудын автомашин орж гардаг газарт бол очиж ачдаггүй юм билээ. Тиймээс ачдаг машинуудаа бүсчилж өгөх хэрэгтэй гэсэн саналтай байна.

НИТХ-ын төлөөлөгч  А.Гантулга:

-Нийслэл хотод ганцаараа амьдраагүй тул хатуу чанга хууль, журамд захирагддаг байх хэрэгтэй. Маш сайн торгоорой гэж захья.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга Л.Батцоож:

-Иргэдийг торгож байгаа мөнгөн дүнгийн задаргаанд анхаарал хандуулахаас илүүтэйгээр энэ бол дахин давтаж хууль зөрчихгүйн тулд оноож байгаа торгууль, шийтгэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа 14 компанийн 13 нь хувийнх. Хувийн компаниудын олж буй мөнгөнөөс нэг ч төгрөг төрийн дансанд ордоггүй. Гэхдээ мөнгөнөөс илүүтэйгээр энэ бол автозамын түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж, багагүй үр дүнгээ өгч байгаа ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо иргэд хуулиа мөрддөг болж заншаад ачиж журамлах машин ч олдохгүй байна шүү дээ.  

Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга Ц.Мягмарсүрэн:

-Жолооч бүр Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг байх учиртай. Автомашиныг ачиж, журамлаж байгааг эсэргүүцэх хүн цөөнгүй байдаг. Хуулийг хэрэгжүүлж  байгаа нь иргэдэд заавал таалагдах учиргүй. Гэхдээ энэхүү асуудлыг шийдвэрлэх ганц гарц нь зогсоолыг олноор бий болгох гэдэгтэй бүх хүн санал нийлэх болов уу гэлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж