УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Б.Болор гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэг нь татвараа төлөөгүй аж ахуйн нэгж хэд байгаа, мөн бусад шалтгаанаар асуудал нь хууль хяналтын байгууллагад шилжсэн компани хэд байна вэ гэдгийг нарийвчлах аж.
Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбараар бол асуудалтай аж ахуйн нэгж тийм их биш. Харин хэвлэлд гарч байгаа мэдээллээр 11 мянга орчим аж ахуйн нэгж бий гэсэн тоо яригддаг. Тиймээс ажлын хэсэг өргөн хүрээг хамарч асуудлыг судлах аж. Нөгөөтэйгүүр, ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуультай холбогдуулан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хандан тавьсан асуулгын хариуг сонссоны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр болсон гэдгээ бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ. Гэхдээ тус бүлгийн хувьд Эдийн засгийн өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг батлах шаардлага бий гэж үзжээ.
Мөн бүлгээс бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ямар асуудал хүндрэл учруулаад байгааг судлахаар Б.Наранхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь сонгуулийн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлыг яаж эрчимжүүлэх вэ, юун дээр анхаарах талаар Х.Баттулга гишүүний мэдээллийг сонсчээ. Өмнө нь бүлгээс дээрх асуудлыг судлуулахаар ажлын хэсэг байгуулсан байсан аж. Улмаар бүлгээс гурван чиглэлд дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ажилгүйдлийг шийдэх ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Шинэ хөдөөг хариуцсан ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Б.Болор ахлан ажиллахаар болсон байна.
Дээрх мэдээллийг хийсний дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-Тавантолгойн асуудлыг 14 хоногт багтаан шийдэхээ УИХ-ын дарга, бүлгийн дарга та, мөн Ерөнхий сайд нар сууж байгаад мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал хэлэлцэгдсэнгүй. Хэзээ УИХ-аар гэрээний төслийг хэлэлцэх вэ?
-Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцээгүй. Ажлын хэсгийн зүгээс холбогдох мэдээллийг нарийвчлан судлах зорилгоор нэр бүхий компанид асуулга хүргүүлсэн, хариу ирээгүй байгаа гэх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч өгсөн. Түүнээс шалтгаалж, хэлэлцээгүй байна.
Шийдэхийн тухайд, Ерөнхий сайдын хувьд 14 хоногт багтаан энэ асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг бүлэгтээ тавьсан байсан гэдгийг онцолъё.
-“Монроуд” компанитай холбоотой мэдээлэл их цацагдах боллоо. Зам тавих нэрээр Хөгжлийн банкнаас мөнгө авсан гэж. Үүнд та тайлбар өгөөч?
-Би өөрөө хариулт өгөх нь зохимжгүй. Энэ компанийг байгуулсан нь үнэн. Гэхдээ ажлаа өгөөд 10 гаруй жил болж байна. Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлд тавих авто замын тендерт “Монроуд” компани орсон, үүнийг холбогдох яамдаас тодруулах нь зөв болов уу. Харин санхүүжилтийг 100 хувь авсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тухайн аж ахуйн нэгж гүйцэтгэлээрээ санхүүжээд явж байгаа.
-Энэтхэг улсаас 1 тэрбум ам.долларын зээл авна гэж байна. Нэмж зээл авах боломж байгаа юм уу. Олон улсын валютын сангаас зээл авах шинжтэй байна. Дээр нь Ерөнхий сайд Араб руу ажлын айлчлал хийхээр мордсон. Зээл авах сураг гараад байна. Энэ тохиолдолд өрийн тааз хэтрэхгүй биш үү?
-Ням гаригийн хүндэтгэлийн чуулганд Энэтхэг улсын Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Тэр үеэрээ зээл өгөх шугам нээлээ гэдгээ л хэлсэн. Монгол Улс туурга тусгаар улс. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд янз бүрийн арга хэмжээ авах нь зайлшгүй. Энэ утгаараа гаднаас хөрөнгө оруулалт татах, тэр нь үйлдвэрлэлийн чиглэлээр ч байж болно, мөнгө санхүүгийн чиглэлээр ч байж болно. Ямар ч байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ажиллах нь Засгийн газрын үүрэг. Энэ чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл нь хэсэг бүлэг хүмүүст зориулагдаж байна, эдийн засгийн хямралын уршгаар аж ахуйн нэгжүү татвараа төлж чадахгүй байгаа. Тэднийг энэ хуульд хамруулж болдоггүй юм уу. Яагаад ялгаатай хандаад байна вэ гэх асуудал яригдах болсон. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцсэн үү?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь үндсэндээ оффшор бүс юм уу, ил гаргаагүй хөрөнгийг мэдүүлэгтээ тусгах. Өмнө нь баталж байсан хууль. Эдийн засгийн өршөөлийн хууль нь цагдаа дээр юм уу, татвар дээр эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад хүү торгууль тавигдчихсан байгаа аж ахуйн нэгжүүдийг нэг удаа өршөөх хууль юм. Энэ хуулийг гаргах нь чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Харамсалтай нь, энэ хуулийг улстөрийн өөр зорилгоор ашиглаж, энэ хуулийг мушгин гуйвуулах ажиллагаа тодорхой төвшинд явж байгаа учраас нэлээд болгоомжилсон байдлаар хандаад байгаа юм. Ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хоёр хуулийн чиглэлээр асуулгын хариуг сонсоно. Асуулгын дараа дээрх хоёр хуулийг хэрхэн шийдэх вэ гэдэг төлөв байдалтай байна. Бүлгийн хувьд Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдах ёстой хуулийн нэг гэж үзэж, дэмжиж байгаа.
Г.ДАРЬ