Гамшиг, гал түймрээс хамгаалах, аврах сургалтанд иргэд өөрсдийн санаачлагаар хамрагдлаа.
“Оргил өөд” клубын залуус тавдугаар сарын 1-нээс “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхлүүлж, энэ үйлсэд иргэд ТББ-уудыг татан оролцуулж, цаашид идэвхтэй давалгаа болгон үргэлжлүүлэхээр олон ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа аж.
Тухайлбал, өнгөрсөн бямба гариг буюу тавдугаар сарын 16-ны өдөр залуус Онцгой байдлын ерөнхий газрын Орбит дах Аврах тусгай ангийн мэргэжлийн сургалтын төвд гамшиг тохиолдсон, гал түймэр гарсан үед өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, аврах мэдлэг, дадал олж авах сургалтанд хамрагдсан юм. Сургалтыг удирдан явуулсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Батболд урьд нь иргэд ийм сургалт авч байсан удаагүй. Гамшиг, гал түймрээс аврах хамгаалах сургалтыг анх удаа энгийн иргэдэд зааж байна гээд хүмүүс гамшиг, гал түймэр нүүрлэсэн үед юу хийх ёстой гэдгээ мэддэг юм шиг хэрнээ яг онцгой байдал гарсан үед аврах хамгаалахын тулд зөв үйлдэлийг хэрхэн хийх тодорхой мэдлэг, дадалгүй байдаг. Ийнхүү иргэдийг сургалтад хамруулах нь чухал үр дүнтэй ажил болно гэдгийг онцлов.
“Оргил өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг болон гишүүн залуус хүнд туслах, хүний амь аврахад хэрэг болохоор хэн ч хийж чадахаар хэрнээ огт мэддэггүй, энгийн боловч хамгийн хэрэгтэй зүйлсийг бид энэхүү сургалтаас олж авлаа. Мөн клубын гишүүдийг нийгмийн сайн сайханд чиглэсэн сургалтуудад тогтмол хамруулж байх нь зүйтэй юм гэсэн санааг эндээс олж авлаа гэв.
Сургалтын дараа Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн бүлгийн дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ангийнхаа үйл ажиллагааг “Оргил өөд” клубын залууст танилцууллаа. Тэд онцгой байдлын машин техник, багаж хэрэгсэл, хамгаалалтын хувцас зэргийг ямар үед хэрхэн хэрэглэдэг талаар анхан шатны мэдлэгтэй болж, өөрсдөө биечлэн туршилт дадлага хийв. Иргэд онцгой байдлын үеийн мэдлэг, дадалтай байх нь аврагчдын үйл ажиллагаанд ихээхэн дэм үзүүлэх ач холбогдолтой гэдгийг ОБЕГ-аас энэ өдөр “Оргил өөд” клубтэй хамтран ажилласан мэргэжлийн хүмүүс хэлж байв. Тус клуб гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх 21 сургагч багштай боллоо. Сарын аяны хүрээнд хот орчмын нөгөө бүс рүү нэвтрэх хэд хэдэн цэг дээр гал түймрээс сэргийлэх мэдээлэл бүхий самбар байрлуулах бөгөөд эхний самбаруудыг өчигдөр байрлуулсан байна.
Г.ХОРОЛ