Зургаан бөх башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Зургаан бөх башёг тэргүүлж байна

-Нацү башёг ёкозүна Хакүхо, Харүмафүжи, сэкивакэ Тэрүнофүжи, М-11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын зургаан бөх тэргүүлж байна-

Токио хотноо үргэлжилж буй мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн талдаа орлоо. Нацү башёгийн найман өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон маэгашира-8 Такаяасү, М-11 Кайсэй, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын зургаан бөх долоон даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.

Энэхүү башёг ёкозүна Какүрюү М.Ананд өнжсөн. Түүний хувьд гуравдугаар сарын башёд мөрний гэмтлийн улмаас барилдаагүй. Хоёр башё дараалан барилдаагүй ёкозүна Какүрюүгийн хувьд, ирэх долдугаар сарын башёд хэрхэн барилдах вэ гэдэг асуулт чухал болоод байна. 

Нацү башёны хувьд эхний өдрөөс сонирхолтой өрнөж эхэлсэн. Энэ башёд 35 дахь түрүү, хоёр дахь удаагаа долоо дараалан түрүүлэх гэсэн хоёр амжилтын төлөө яваа ёкозүна Хакүхо эхний өдөр комүсүби Ичиножёод унасан. Энэ нь Хакүхогийн хувьд тэмцээний эхний өдөр өвдөг шороодсон сүүлийн гурван жил болоогүй явдал боллоо. Өдгөө 30 настай ёкозүна Хакүхо 2006 оны тавдугаар сарын башёд түрүүлсэн цагаас хойш сүмогийн олон олон амжилтыг эвдээд байгаа билээ. Одоо түүнд бас нэгэн амжилтыг эвдэх боломж байна. Тэрээр энэ эрчээрээ 19 башё сайн барилдаж чадах юм бол Ёкозүна цолтой хамгийн олон башё барилдсан сүмоч болох юм.

Нацү башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо унасан бол дөрөв дэх өдөр ёкозүна Харүмафүжи Саданоүмиг барсангүй. Мөн Япон озэки Кисэносато 2, Гоэйдо 3, Котошогикү 4 унаатай болжээ.

Харин арслан цолны болзол сонсоод байгаа сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилоор 7 дахь даваагаа авч тэргүүлэгчдийн эгнээнд үлдсэн. Башёгийн эхний өдөр Хакүхог давсан үлэмж биет комүсүби Ичиножёо А.Ичинноров найман өдрийн барилдаанаас ердөө хоёр даваа авчээ.

Манай ахмад бөх болох Кёкүтэнхо Н.Цэвэгням 98 дахь тэмцээндээ барилдаж байгаа бөгөөд 5-3 гэсэн амжилттай башёг үргэлжлүүлж байна.

Макүүчи зиндаа: (Монгол бөхчүүдийн амжилт 8 өдрийн дараа:)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-1

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-1

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-1

Комүсүби Ичиножёо А.Ичинноров 2-5

Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-6

Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 7-1

Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн 0-8

Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-3 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж