Модигийн дижитал дипломат бодлого

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Модигийн дижитал дипломат бодлого

Одоогоос яг нэг жилийн өмнө дэлхийн хамгийн эртний соёлт улсын нэг Энэтхэгийн Ерөнхий сайдаар томилогдсон Нарендра Моди Азийн гурван орон, тухайлбал, БНХАУ, Монгол, БНСУ-д айлчилж байна. Өнгөрсөн Бямба гаригт Улаан­баатарт газардсан Модигийн айлч­лалын гол арга хэмжээнүүд өчигдөр /V.17/ болов. Энэтхэг, Монгол хоёр улс нь хэдэн мянган жилийн харилцааны түүхтэй, оюун санааны онцгой хэлхээ холбоотой гэдгийг Монголд очсон газар, уулзсан хүн болгондоо Моди онцолж байлаа.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 60 жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд болж байсан ч Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд айлчилж байгаагүй юм. Харин Нарендра Моди тус улсын Ерөнхий сайдын хувиар Монголд айлчилсан анхны хүн боллоо.

“Нэг тэрбум 250 сая хүн амтай Энэтхэг улсын Ерөнхий сайдаар анх удаагаа шинэ үеийн, шинэчлэгч улстөрч-бизнесмэн гарч ирлээ” хэмээн дэлхийн хэвлэлүүд түүний талаар бичиж байсан бөгөөд үнэхээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Моди улс орондоо ямар өөрчлөлт гаргахыг анхааралтай ажиглаж байсан. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэхэд таатай улс орны жагсаалтад Энэтхэг улс 189-өөс 142-д жагсч байгааг өөрчлөхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого явуулж, төрийн албаны хүнд суртлыг арилгах чиглэлд ихээхэн зүйл хийсэн хэмээн үнэлж байна. “Энэтхэгт үйлдвэрлэв”, “Төрийн оролцоог аль болох бага хэмжээнд, харин засаглалыг аль болох дээд хэмжээнд байлгах” гэсэн кампанит ажлыг эхлүүлээд байгаа. Тус улсын 25 салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй хэмээн зарлажээ. Энэтхэгийн хөрөнгийн биржийн индекс 40 хувиар дээшилж, эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрсэн нь Модигийн нэг жилийн ажлын үр дүн юм.

Нарендра Моди гадаад бодлогодоо “Дорнын” бодлогыг түлхүү баримтлахаа илэрхийлсэний нэг нотолгоо нь энэ удаагийн Азийн гурван оронд хийж байгаа айлчлал юм. Айлчлалын гол зорилгын нэг нь эдийн засгийн хамтын ажиллагаагаа дорно зүгт тэлэх явдал юм. Хятадад хийсэн гурван өдрийн айлчлалын үеэрээ нийт 24 баримт бичиг зурсан. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, өндөр хурдны төмөр зам барих, хөдөө аж ахуй, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, мөн Хятадын баруун өмнө зүгийн Канминг хотноо Иогийн төв нээх зэрэг ажлуудыг баримт бичигтээ тусгасан.

Харин Монголд хийсэн айлчлалын үеэр Монгол-Энэтхэг хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаагаа дахин нэг шат ахиулж, стратегийн түншлэлийн хэмжээнд аваачлаа. Айлчлалын үеэр нийт 14 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрээс нэг гэрээ, тухайлбал, Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ, хоёр хэлэлцээр, тухайлбал, Агаарын харилцааны тухай болон Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байлаа.

Хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсаныг дурдвал, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай, Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай, хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Гадаад харилцааны институт хооронд хамтран ажиллах тухай, Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны тухай, Бабатрон-II Телекобальт иж бүрдэл багаж, Радио  эмчилгээний симуляторын хамт бэлэглэх тухай зэрэг харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Мөн 2015-2018 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын байгууллагын хөгжил, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжилд зориулж нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн шугам нээх болсоноо Нарендра Моди мэдэгдлээ.

Ноён Модигийн Монгол улсын хууль тогтоох байгууллага болох УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн нь олон хүний анхаарлыг татлаа. Нарендра Моди үгийнхээ эхэнд аугаа үндэстний оронд хүрэлцэн ирж, оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн мэндчилгээг Монголын ард түмэнд уламжилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн.

Ноён Моди үгэндээ хоёр орны Бурханы шашны ариун холбоог дурдаад бурхан багшийн сургааль өнөөгийн нийгмийн сайн сайхан байх сургааль хэмээн хэллээ. “Хүний амьдралын найман зам мөрийн тухай Бурхан багшийн сургаал нь зөвхөн хувь хүний аз жаргалд хүрэх замыг заах төдийгүй нийгэм, улс үндэстний сайн сайхан байдалд хүрэх гол хөтөлбөр юм. Ертөнц дэх бүх зүйлс хоорондоо учир холбоотой, төлөв даруу байхын мөн чанарыг илэрхийлсэн мэргэн ухаан юм. Тийм учраас ч энэ бол илүү тогтвортой дэлхийг бүтээх арга зам юм. Бурхан Буддагийн сургаал нь ардчиллын зарчмуудад илрэлээ олдог. Үнэний зам нь сэтгэх, бодох, үйлдэх, үг хэлэх эрх чөлөөнд суурилдаг. Эдгээр нь ардчиллын суурь үндэс юм” хэмээн хэлсэн нь эрх мэдэл, мөнгөнд хөтлөгдөн, ёс суртахууны хоосрол руу явж байгаа Монголын өнөөгийн нийгэмд гэрэл тусгасан үг боллоо.

Мөн тэрбээр Ази тив нь дэлхийн хөгжлийн дараагийн гол төв байх болно гээд энэ нь гагцхүү азичууд биднээс хамаарахыг санууллаа. “21 дүгээр зуунд дэлхийг энэ тив тэргүүлнэ гэж үздэг. Гэвч амар хялбар бус тодорхойгүй байдал, шийдэгдээгүй асуудлууд, үл мартагдах дурсамжууд энэ бүс нутагт бас байна. Олон жилийн турш Ази тив дэлхийд их зүйл өгсөн. Ирээдүйгээ бүтээх үүрэг хариуцлага одоо энэ тивд оногдож байна.Иймээс хүний үндсэн үнэт зүйлс, хүн төрөлхтний өмнө хүлээсэн түгээмэл хариуцлагыг хүлээн зөвшөөрөх, улс үндэстний хоорондын харилцаанд ардчиллын хэм хэмжээг ашиглах явдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр бидэнд шаардагдаж байна” хэмээн хэллээ.

Нарендра Моди нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчийн нэг бөгөөд твиттерт найман сая дагагчтай. Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын дотоодын нийгмийн сүлжээ Weibo-д өөрийн аккаунтаа нээж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянтай селфидсэн зургаа оруулсан нь хүмүүсийн анхаарлыг татсан. Моди, Ли хоёрын зургийг тэр өдөртөө 5000 илүү ре-твийт хийж, Facebook-ээр 9300 удаа шэйрлэж, 600 мянган хүн лайк даржээ. Модигийн Weibo-д нээсэн аккаунтыг нэг сая 300 мянган хүн дагажээ. Моди ийнхүү Хятадын дотоодын нийгмийн сүлжээнд аккаунт нээснийг “дижитал дипломат бодлого” хэмээн нэрлээд байгаа бөгөөд Монголд байх хугацаандаа ч ноён Моди энэ бодлогоо үргэлжлүүлээд амжсан.

Тэрбээр айлчлалынхаа талаар өөрийн твиттер аккаунтаар жиргэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт селфи зургаа дэлгэсэн. Монголын нийгмийн сүлжээнийхэн Моди болон Ц.Элбэгдорж нарын селфи зураг, мөн нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн мэдээг хангалттай шэйрлэж амжлаа. Харин гийчин болгоноос бэлэг горьдож сурсан монголчууд нэг тэрбум ам.долларыг хэрхэн хуваах тухайгаа тархиндаа гашилгахын хэрэггүй. Энэ бол Энэтхэгээс Монгол руу ирэх импортын зээлийн шугам юм.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж