Хариуцлагатай захиргаа төлөвшинө

Хуучирсан мэдээ: 2015.05.17-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай захиргаа төлөвшинө

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь: “Захиргааны ерөнхий хууль бол хариуцлагатай захиргаа төлөвших эхлэл юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Захиргааны ерөнхий хууль”-ийн төслийг санаачлан, намрын чуулган өндөрлөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн барьсан. Уг төслийн талаар төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурьтай ярилцлаа.

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний мэдэхээр энэ хуулийн төслийн талаар нэлээд олон жилийн өмнө ярьж байсан. Яагаад ингэж удсан юм бол?

-Хуулийн төслийг анх 2008 онд Хууль зүйн яамнаас боловсруулах ажлын хэсгийг байгуулж, анхны төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан юм билээ. Харамсалтай нь үе үеийн Засгийн газар энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй дандаа хойш тавьж ирсэн. Эндээс Засгийн газарт “хариуцлагатай захиргаа” бий болгох улс төрийн хүсэл зориг байгаагүй юм болов уу гэж боддог. Үүнийг Ерөнхийлөгч анхааралдаа авч, гацаанд байсан хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг дэргэдээ байгуулсан. Ажлын хэсэг хуучин төслийг Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу дахин боловсруулж, эцэслэн бэлэн болгосон. 

-Засгийн газарт халгаатай хууль юм болов уу?

-Өмнө батлагдсан байсан хуулиудыг аваад үзэхэд төрийн байгууллага, албан тушаалтанд дандаа эрх олгосон, иргэдэд ерөнхийдөө үүрэг болгосон маягийн заалтууд их байсан. Харин Захиргааны ерөнхий хууль маань эсрэгээр, төрийн байгууллага, албан тушаалтаны иргэдтэй харилцах харилцааг журамлаж, албан тушаалтныг үүрэгжүүлж, иргэдэд эрх олгосон төсөл болсон. Үүгээрээ захиргаанд халтай мэт ойлголт төрүүлж болно. Гэхдээ нөгөө талаасаа захиргаа иргэдтэй харилцахдаа ямар стандарт байх ёстой гэдгийг хуульчлаад өгвөл албан тушаалтан бүрэн эрхээ яаж хэрэгжүүлэх нь тодорхой болох, үл ойлголцол багасах сайн талтай.

-Энэ хуулийг Ардчиллын тулгуур хууль гэж тайлбарлах хүн олон байх шиг?

-Үндсэн хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байхаар заасан. Ардчилсан ёсны зарчим гэдэг нь төрөөс гаргаж буй шийдвэр ил байгаад зогсохгүй тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд оролцож, санал бодлоо илэрхийлдэг, захиргааны байгууллага нь иргэдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахын өмнө тэдэнд танилцуулдаг, саналыг нь авдаг, тусгадаг байхыг хэлдэг. Гэсэн хэдий ч төр, захиргааны байгууллагаас үүнийг хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Учир нь эдгээр үйл ажиллагааг баталгаажуулсан хуулийн зохицуулалт алга. Захиргааны ерөнхий хуулийн төслөөр төрийн байгууллага, албан тушаалтанд ардчилсан зарчмыг хэрэгжүүлэхийг үүрэг болгож байгаа. Тиймээс нарийвчилсан Үндсэн хууль буюу ардчиллын “задаргаа” хууль гэж нэрлэх нь бас бий.

-Иргэндээ мэдэгдэнэ гэдгээ тодруулахгүй юу. Газрын хууль, Ашигт малтмалын тухай гээд зарим хуульд мэдэгдэх заалт байдаг биз дээ?

-Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан болохоор Ашигт малтмалын газраар тусгай зөвшөөрөл эзэмшигтэй хэрхэн харилцах талаар харьцангуй дэвшилтэт санаанууд орсон. Тусгай зөвшөөрлийг цуцлахдаа урьдчилан мэдэгдэх, тайлбар авах зэрэг заалтууд байгаа. Гэхдээ бусад захиргааны үйл ажиллагаанд ийм заалт байхгүй. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бол энэ тухай мэдэгдэнэ гэсэн заалт байдаг. Гэсэн хэдий ч ямар хугацаанд, ямар аргаар мэдэгдэх талаар тодорхой заагаагүй. Үүний зэрэгцээ цуцлахаас өмнө иргэдэд мэдэгдэж, иргэд эрхээ хамгаалж тайлбар гаргах боломж байхгүй. Тиймээс бодит байдалд иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлаад, олон жилийн дараа өөр иргэнд олгосны дараа мэдэх тохиолдол байдаг. Хуулийн төсөлд захиргаа иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр гаргах гэж байгаа бол тухайн иргэнд эхлээд мэдэгдэх, түүнийг сонсох, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах зохицуулалтыг нарийвчлан зааж өгсөн. Ингэснээр иргэн захиргааны үйл ажиллагаанд өргөн эрхтэй оролцоно.

-Төлөвлөлтийн талаар тодруулахгүй юу. Энэ үйл ажиллагаа тусдаа бүлэг болж орсон гэсэн.

-Манай захиргааны үйл ажиллагааны хамгийн чухал боловч огт зохицуулалтгүй явж ирсэн зүйл бол захиргааны төлөвлөлт юм. Тухайлбал, зам гүүр тавих, нийтийн эдэлбэр буюу гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбайн газрыг иргэнд эзэмшүүлэх, эсхүл хувийн эзэмшлийн газрыг нийтийн талбай болгох зэрэг ажлыг төлөвлөхдөө тухайн оршин суугч, эзэмшигч иргэдэд огт мэдэгдэхгүй, тэдний саналыг сонсохгүйгээр хэлэлцэж батлах явдал байдаг. Үүнээс иргэд болон захиргааны хооронд байнга зөрчил гардаг. Ямар ч нийтийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа иргэний эрхийг зөрчихгүй, тэдний оролцоог хангасан байх нь чухал. Тэгвэл төсөлт захиргааны байгууллага иргэдэд хамаатай төлөвлөгөө батлахдаа өмнө нь заавал саналыг нь авах, нийтийг хамарсан сонсгол зохион байгуулах, саналыг нь авах үүрэгтэй байхаар тусгасан.

-Засгийн газар, яам, агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гээд олон захиргааны байгууллагаас нийтэд хамаатай дүрэм журам баталдаг. Хуульд нийцэж байгаа эсэхийг нь мэдэхгүй иргэд дагаад л явдаг. Үүнийг цэгцлэх үү.

-Үндсэн хуулиар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хэрэгжүүлнэ гэж заасан. Амьдрал дээр бүх нийгмийн харилцааг хуулиар зохицуулах боломжгүй учир хууль тогтоох эрхийг шилжүүлснээр захиргааны байгууллагаас нийтэд үйлчилдэг журам тогтоодог. Харин эрх шилжүүлээгүй байхад журам тогтоодог, ингэхдээ эрх нь хөндөгдөж болзошгүй иргэдээс саналыг нь авахгүй гаргах явдал Э.Бат-Үүл даргын дугаарын хязгаарлалтыг эс тооцвол хэвшил болсон. Үнэндээ хуульд заасан иргэний эрх журмаар хязгаарлагдах явдал байдаг. Хуульд тусгай зөвшөөрөл авахад 5 баримт бүрдүүлэх ёстой бол Журмаар 10 болгодог. Ингээд хуульд байхгүй, даргын баталсан журмаар иргэний эрх хязгаарлагддаг. Ямар дарга байгаагаас иргэний эрх хамаарч болохгүй. Тиймээс нийтэд хамаатай журамд сонсголыг заавал зохион байгуулахаар төсөлд тусгаж, тухайн журам зайлшгүй хэрэгтэй юу гэдэгт шинжилгээ хийдэг, бүртгэл хяналт тавьдаг цогц зохицуулалт тусгагдсан байгаа. Товчоор дарга үзэмжээрээ журам баталж иргэний эрхийг хязгаарладаг байдал үгүй болно.  

-Иргэдэд мэдэгдэнэ, иргэдээс саналыг нь авна гэхээр их хугацаа орох юм байна. Захиргааны үйл ажиллагаа шуурхай байх ёстой биш үү?

-Ардчилал бол эцсийн зогсоол биш, харин үйл явц шүү дээ. Шийдвэр хурдан гарч байгаагаар бус, тэр шийдвэрийн үзүүрт эрх нт хөндөгдөж байгаа иргэний оролцоонд хэр суурилж байгаагаар ардчиллыг үнэлдэг. Нэг талаас төрийн байгууллага, албан тушаалтан ажлаа шуурхай явуулах нь зүйтэй боловч иргэний эрхгүй, оролцоогүй шуурхай байх нь урт насгүй шийдвэр гаргахад хүрдэг. Захиргааны шийдвэр хуульд нийцсэн, иргэдийн санаа бодолд тулгуурласан байж хүлээн зөвшөөрөгдөнө, бас чанаржина. Хууль тогтоох ажиллагаа нь иргэний оролцоотой явдаг болж байхад захиргааны байгууллага иргэний оролцоогүй, даргын үзэмжээр шийдэгдээд байж болохгүй биз дээ.     

-Сүүлийн үед сонгуулийн дараа гарч ирсэн хэсэг нь өмнөх үеийнхээ шийдвэрийг үгүйсгэдэг, хүчингүй болгодог байдал их ажиглагдаж байна. Засаг дарга шинээр гарч ирээд өмнөх Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгодог. Энэ байдал өөрчлөгдөх үү?

-Та хуулийн төслийн чухал нэг зүйлийг асуулаа. Захиргааны хууль тогтоомж хөгжсөн улс оронд захиргаа шийдвэрээ эргэн харах буюу хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Жишээ нь, Засаг дарга иргэд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаад тэрийгээ тодорхой хугацаа өнгөрсөн бол дахин сөхөхгүй байх тухай асуудал юм. Энэ нь төрд итгэх иргэний итгэлтэй холбоотой. Иргэдийн хувьд Засаг даргын шийдвэр гарсан бол тухайн шийдвэрт итгэж, тухайн газар дээр барилга байгууламж бариад ашигладаг. Гэтэл 10, 20 жилийн дараа хууль бусаар олгосон учир хүчингүй болгоно гэж шинэ Засаг дарга шийдвэр гаргах явдал манайд өргөн байна. Үүнтэй адил төрийн албанд томилогдоод 10 гаруй жил ажилласны дараа хууль бусаар томилогдсон гээд халдаг. Үүнийг таслан зогсоох хугацааг зааж өгсөн.

-Ямар хугацаа юм бол. Бас хууль бусаар газар олгосон бол тэгээд засч болохгүй гэсэн үг үү?

-Хөөн хэлэлцэх хугацааг сонгуулийн хугацаатай уялдуулж 5 жил гэж төсөлд тусгасан. Шинээр сонгогдсон юм уу томилогдсон албан тушаалтанд өмнөх албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянах, хууль бус гэж үзвэл хүчингүй болгох тодорхой хугацаа олгосонтой холбоотой. Түүнээс хэд хэдэн дарга солигдож, 10, 20 жил өнгөрсөн байхад иргэнд нэгэнт бий болсон эрхийг хүчингүй болгодог байдлыг таслан зогсоох нь зүйтэй. Нөгөө талаас, иргэд захиргааны хууль бус шийдвэрийг эсэргүйцэхэд хөөн хэлэлцэх хугацаатай, захиргаа өөрийн шийдвэрийг эргэн харахдаа хязгааргүй эрхтэй байх нь шударга ёсонд нийцэхгүй.

-Хуулийн төсөл үнэхээр иргэнд ээлтэй юм байна. Харин зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага байгаа юу? Хариуцлага байхгүй бол тэгээд хэрэгжихгүй гэсэн үг.

-Хариуцлага заахгүй бол ардчиллын дээрх чухал заалтууд хэрэгжихгүй байх эрсдэлтэй. Хуулийн төсөлд хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан. Үүнд, албан тушаалтны гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан нээлттэй болон хаалттай сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халахын зэрэгцээ нийтийн албанд 1-10 жил хүртэл алба хаах эрхийг хязгаарлахаар тусгаж өгсөн. Бүхэлд нь дүгнэж хэлэхэд хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад хариуцлагатай захиргаа төлөвших үндэс нь энэ хууль байх болно.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж