Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-нд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв.
Монголд ирэхийн өмнө ноён Моди БНХАУ-д айлчилсан. Харин ноён Моди Улаанбаатараас Сөүл рүү хөлгийн жолоо залах учиртай. 2014 оны тавдугаар сард Ерөнхий сайд болсоноос хойш Азид хийж байгаа анхны айлчлал юм.
Монгол Улс Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийнэ, мөн Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.
Нарендра Модигийн Азид хийж байгаа айлчлалын талаар, тэр дундаа Монголд хийх айлчлалын талаар Энэтхэгийн хэвлэлүүд чамгүй бичжээ. Юуны өмнө Моди нь Монголд айлчилж байгаа Энэтхэгийн анхны Ерөнхий сайд гэдгийг онцолж байна. Өмнө нь 2006 онд тухайн үеийн Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Патил Монголд айлчлахаар төлөвлөж байсан ч энэ айлчлал нь болоогүй аж. Харин 2011 онд Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Патил Монголд айлчилсан. Энэ айлчлалын дүнд Монгол-Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалыг гаргасан бөгөөд энэхүү баримт бичигт хоёр улсын хооронд маш өргөн хүрээний харилцааг хөгжүүлэхээр харилцан тохиролцсон.
Нарендра Модигийн Азид хийж байгаа айлчлалын талаар, тэр дундаа Монголд хийх айлчлалын талаар Энэтхэгийн хэвлэлүүд чамгүй бичжээ. Юуны өмнө Моди нь Монголд айлчилж байгаа Энэтхэгийн анхны Ерөнхий сайд гэдгийг онцолж байна. Өмнө нь 2006 онд тухайн үеийн Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Патил Монголд айлчлахаар төлөвлөж байсан ч энэ айлчлал нь болоогүй.
Хоёр улс харилцаагаа иж бүрэн түншлэлийн шатанд гаргахаар тохирч, хэд хэдэн зүйлийг тохирсон байдаг. Тухайлбал, хоёр орны хооронд өндөр хэмжээний айлчлалыг байнга солилцох, хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондоо тогтмол зөвлөлдөж байх, Энэтхэг Улсын болон Монгол Улсын Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлүүд хоорондын зөвлөлдөөнийг, хоёр талын сонирхсон бүс нутгийн болон олон улсын асуудлаар, үүний дотор терроризмтой хамтран тэмцэхийг оролцуулан тогтмол зохион байгуулах, худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монголын уул уурхайн салбарт Энэтхэгийн компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулахыг дэмжих зэрэг олон асуудлыг тусгасан.
Энэ айлчлалын үеэр хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсаны нэг нь цацраг идэвхт болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах Санамж бичиг байсан юм. Энэтхэгийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар Модигийн айлчлалын нэг гол сэдэв уран байх аж. Монгол Улс Энэтхэгтэй уран нийлүүлэх гэрээг 2009 онд хийсэн боловч өнөөг хүртэл нийлүүлэгдээгүй байгаа нь Монгол дотооддоо ураны олборлолтын асуудлаа шийдэж чадаагүй байгаатай холбоотой. Харин Модигийн айлчлал энэ ажлыг түргэсгэнэ гэж найдаж байгаа аж.
Ерөнхий сайд Моди гадаад бодлогодоо Монгол улсыг чухалчлан үзэж байгаа нь энэ айлчлал юм хэмээн бас бичиж байна.
НАРЕНДРА МОДИ
Нарендра Дамодардас Моди 1950 оны есдүгээр сарын 17-нд Энэтхэгийн Ваднагарт төрсөн. Зургаан хүүхэдтэй айлын дундах нь. Моди залуу наснаасаа улс төрийг сонирхон, улмаар улс төр судлаач мэргэжлийг эзэмшсэн.
Улс төрийн тавцанд Модиг зөрчилтэй фигур гэж үздэг. Түүнийг энэтхэгийн мусульман шашинтнуудын эрхийг хангалттай хамгаалаагүй гэж буруутгадаг ч түүний удирдсан Гуджарат мужийн иргэд Модиг ихэд хүндэлдэг. 2001 оноос тэрбээр Гуджарат мужийг захирсан бөгөөд түүний удирдлаган дор Гуджарат хөгжин цэцэглэсэн гэж үздэг. Тиймээс ч 2007, 2012 онд улиран сонгогджээ.
2014 оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайдын албанд томилогдсон. Ерөнхий сайдын албанд томилогдох ёслол тавдугаар сарын 26-нд болсон бөгөөд энэ ёслолд гадаад орны хүндтэй олон улстөрч хүрэлцэн очсон. Тэр дундаа Пакистаны Ерөнхий сайд Наваз шариф хүрэлсэн очсон нь Пакистаны Ерөнхий сайд Энэтхэгийн Ерөнхий сайдын албандаа орох ёслолд анх удаа оролцсон хэрэг байлаа.
Нарендра Моди нийгмийн сүлжээний идэвхтэй гишүүн, түүнийг твиттерт найман сая хүн дагадаг. Тэрбээр цагаан хоолтон бөгөөд шүлэг бичих хоббитой.
Бэлтгэсэн А.ТУЛГА