С.Эрдэнэ: Бодлоготой боловсон хүчин бэлтгэх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.05.16-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Бодлоготой боловсон хүчин бэлтгэх ёстой

-Энэ нь эргээд ажилгүйдлийг багасгах, боловсролтой, ажилтай орлоготой Монгол залуучуудыг бий болгоно гэж харж байна-

“Залуучуудын хөгжил, оролцоо” үндэсний чуулганы үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.

-Залуусын өмнө тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл юу вэ, түүнийг шийдэх гарц гаргалгааг бодлогод хэрхэн тусгаж байна. Ажилгүйдэл хамгийн том бэрхшээл үүсгэж байх шиг. Ажилгүй 10 иргэн тутмын хоёр нь их, дээд сургууль төгссөн залуус гэсэн судалгааг танай яамнаас өнөөдөр танилцууллаа. Гол шалтгаан юунд байна?

-Чанартай боловсрол олгодог болох нь чухал байна. Улсын хэмжээнд хувийн болоод төрийн өмчит маш олон сургууль бий. Жилдээ 160 мянга орчим оюутан суралцдаг, тэднээс 30 мянга орчим нь сургуулиа төгсдөг. Жишээ нь нийгмийн чиглэлээр маш олон боловсон хүчин бэлтгэгдсэн, сургуулиа төгстөл ажил байдаггүй. Энэ бол зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин нэг талдаа бэлтгэгдэж чадахгүй байгааг харуулж буй хэрэг. Нөгөө талдаа хүн бүр дээд боловсрол эзэмших нь өнөөгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд нийцэх үү гэдэг асуудал юм. Хэрвээ Монгол Улс ирээдүйд уул уурхай, аж үйлдвэрийн орон болно гэж тодорхойлж байгаа бол инженерийн чиглэлийн боловсон хүчнийг түлхүү бэлтгэх шаардлагатай болдог ч юм уу. Нэг ёсны улс орныхоо хөгжлийн чиг хандлагад нийцүүлж боловсон хүчнээ бэлтгэх нь бидний гол бодлого, зорилго байх ёстой. Энэ нь эргээд ажилгүйдлийг багасгах, боловсролтой, ажилтай орлоготой Монгол залуучуудыг бий болгоно гэж харж байна.

-Хоёр жилийн өмнө Залуучуудын чуулга уулзалт мөн зохион байгуулагдаж байсан. Түүнээс гаргаж байсан саналууд өнөөдөр хэр бодитой ажил болж чадсан бэ?

-Чамлахааргүй байна. Тухайлбал, залуучуудын бодлого, хөгжлийн чиглэлээр төрөөс анхаарал тавьдаг боллоо. Өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлдэг үндсэн бүтэцтэй боллоо, төрийн байгууллагын бүтэц бий болсон. Энэ нь өөрөө залуучуудын оролцоог төрийн болон улс орны амьдралд бодитойгоор хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Цаашдаа бид залуучуудын оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр бодлогоо хүчтэй, идэвхитэй зохион байгуулж ажиллана.

-Хоёр хоногийн дараа Азийн залуучуудын чуулга уулзалт болно. Түүнд хэр бэлтгэж байна вэ?

-Бэлтгэл үндсэндээ хангагдсан. Ази тивийн залуучуудын төлөөлөл болсон нийт 23 улсын 600 гаруй эрдэмтэн судлаач, манлайлагчид оролцоно. 300 нь Монголын залуучуудын төлөөлөл байна. Чуулганаар залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендэр, залуучуудын хөгжлийн бодлого, ба тогтвортой хөгжлийн талаар хэлэлцэж санал бодлоо солилцоно. Харин өнөөдрийн үндэсний чуулган нь Азийн залуучуудын үндэсний форумын угтал болж, нөгөө талаас хоёр жилийн өмнө зохион байгуулагдаж байсан залуучуудын чуулга уулзалтаар дэвшүүлэн тавьсан зорилтууд хэр хэрэгжсэн бэ гэдгийг үнэлэх дүгнэж байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж