Хуучирсан мэдээ: 2015.05.16-нд нийтлэгдсэн

Залуус чуулж байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран яг одоо “Залуучуудын хөгжил, оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Үндэсний чуулганд хот, хөдөөгийн 700 орчим залуус оролцож, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах төвшнийхөнд хүргэж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ чуулганы нээлтэд үг хэлэх үеэрээ Монгол Улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насныхан эзэлж байгааг онцоллоо. Залууст тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь боловсрол, тэр дундаа чанартай боловсрол эзэмших нь чухал болж буй аж. Мөн дээд боловсрол эзэмшиж байгаа залуучуудын хүйсийн харьцаа алдагдаж, эмэгтэйчүүд голлох байр суурь эзлэх болж буй нь анхаарал татсан асуудал болж байна. Их, дээд сургууль төгсөөд ажилд орох болоход ажил олгогчийн зүгээс туршлага заадаг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад бэрхшээлтэй болгодог аж.

Нөгөө талдаа дундаж наслалтаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд 10 насны зөрүү үүсч байгаа нь хамгийн их анхаарал хандуулах асуудал болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар доогуур байгаа юм. Энэ нь эрэгтэйчүүд эрсдэлтэй зан үйлд илүү их татагддаг, нөгөө талдаа хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хангагдаагүй орчинд ажил хөдөлмөр эрхэлдэг нь гэнэтийн осол аваарт орж амь насаараа эрсдэхэд хүрч байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаа харуулж байна.

Салбарын сайдын тодотгосноор Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2014 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байсан бол 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон” зарлажээ. Үүнтэй холбоотойгоор залуучуудын хөгжлийн нэгдсэн бодлого боловсруулах, тэдний хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт, нөлөөллийн чиглэлээр нэлээд ажил хийсэн байна. Тухайлбал, Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төсөл боловсруулсан. Түүнд залуучуудаас санал авна.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

Түүнчлэн Залуучуудын үндэсний хороог салбар бүрийн удирдлагын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Уг хороо байгуулагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, салбар дундын үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт тавих механизм бүрджээ.

Залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр залуучуудын хөгжих, сурч боловсрох, нийгэмд болон шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө авах нөхцөл бололцоог хангасан Залуучуудын хөгжлийн төвийг байгуулжээ. Одоогийн байдлаар 14 төвийг Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Орхон, Дархан-Уул, нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргүүдэд тус бүр байгуулсан аж.

Энэ удаагийн үндэсний чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, дэд сайд н.Мөнхбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, УИХ-ын даргын зөвлөх Буянцогтоо, Ерөнхий сайдын зөвлөх Ургамалцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн залуучуудын ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцож байгаа юм.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар илгээлт ирүүлснийг зөвлөхүүд нь уншиж танилцуулсан юм.

Чуулган үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж