Энэ зун урлагийн олон наадам болно

Хуучирсан мэдээ: 2015.05.16-нд нийтлэгдсэн

Энэ зун урлагийн олон наадам болно

НИТХ-ын 2014 оны 19/24  дугаар тогтоолоор  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ зун нийслэлд болох орчин үеийн соёл урлагийн арга хэмжээг хотын захиргаа хамтран зохион байгуулах гэж байгаа гэнэ. Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа. 

-Энэ зун нийслэлд болох орчин үеийн соёл урлагийн арга хэмжээг Хотын захиргаа хамтран зохион байгуулна. Энэ талаар тодруулаач?

-“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйл­чил­гээний салбарт ажил­лагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байгаа. Харин 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм. 

Тус хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд соёл, урлагийн томоохон үйл ажиллагааг хотын захиргаа, нийслэлийн Соёл урлагийн газар, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулахаар болоод байна. 

-Энэ хүрээнд ямар наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?

Театр урлагийн “Гэгээн муза”, “Их талын жааз” олон улсын жааз хөгжмийн наадам, “Play time” амьд хөгжмийн наадам, “Silence white” электро хөгжмийн наадмуудыг зохион байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт талуудтай гарын үсэг зурлаа. 

-Эдгээр наадмуудын тов гарсан уу. Энэ жил “Play time” амьд хөгжмийн наадмыг хэдэн сард хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд “Гэгээн Муза-12” драмын урлагийн наадмыг “Гэгээн муза” академитай хамтран зохион байгуулна. Харин ирэх долдугаар сарын 05-ны өдөр “Их талын жазз” олон улсын наадмыг “Их талын жазз” төрийн бус байгууллагатай, долдугаар сарын 12-ны өдөр “Silence white” электро хөгжмийн наадмыг “Монгол Микс Прожект” ХХК-тай тус тус хамтран зохион байгуулахаар гэрээ байгууллаа. 

Энэ жил “Play time” амьд хөгжмийн наадам, “Венийн үдэш” цэнгүүн, “Юби дэнс фистиваль” чөлөөт бүжгийн үдшийг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар төлөв­лөж байна. 

-Эдгээр наадмын талаар тодруулаач. Өмнө жилүүдээс юугаараа онцлог болох бол?

-“Гэгээн Муза”, “Их талын жазз”, “Play time” наадмуудад олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг урин оролцуулах болно. Тухайлбал, -Гэгээн муза” наадамд энэ жил Орос, Герман, Швейцарь, Солонгос, Косова, Эстон, Буриад, ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцоно. 

Энэ жилийн “Гэгээн Муза” наадмын онцлог нь Гэгээн Муза академи Монгол дахь олон улсын театрын институтыг төлөөлөн ажилладаг. 

Энэ шугамаараа Арменд болсон 34 дэх чуулганд оролцож, наадмаа танилцуулан “Гэгээн Муза” наадмыг олон улсын наадам болсныг баталгаажуулсан амжилтаар угтаж байна. 

Мөн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа тул театрын урлагаар дамжуулан театрын хөгжил соёл, нийслэл хотоо сурталчлахаас гадна уран бүтээлчид юу хийж чадах вэ гэдэгт анхаарч наадмын үеэр Гэр театрын нээлтийг хийхээр төлөвлөж байгаа. Монголын театрын түүхийн өв соёлыг залуучууддаа, гадны уран бүтээлчдэд таниулах зорилготой юм. 

-Наадмуудыг чанартай хийхэд мэдээж төсөв мөнгөний асуу­дал яригдах байх. Уг арга хэмжээнүүдэд хэчнээн төгрөг төсөвлөөд байгаа вэ?

-Боломж боломжоороо дэмжээд явна. Би өнөөдөр төсөв мөнгөний талаар ярихгүй гэж бодож байна. Бидний хамтын ажиллагааны дүн эдгээр наадам ямархуу болох нь харагдах байх.

Эх сурвалж: "Монголын мэдээ"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж