Монголын соёл, боловсрол, түүхэн хүмүүсийн тухай хэвлэл, мэдээллээр олон зүйл бичиж өргөн түмнээ танил болсон судлаач бол Чимэд-Осорын Болд. Тэрбээр 1926 онд Франц, Германд суралцахаар одсон залуусын тухай цуврал гурван ном бичсэний эхнийх нь “Алс газар сурахаар одогсод” нэртэйгээр хэвлэгджээ.
Төр, засгийн шийдвэрээр 1921-1923 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх хөтөлбөрт тусгасан зорилгоо хэрэгжүүлэн юуны өмнө өрнийн хоёр улсад 40 орчим залуусыг илгээх бэлтгэлийг хэрхэн хангасан, Гэгээрлийн сайд Эрдэнэбатхан бээр өөрийн биеэр тэдгээр залуусаа хүргэж очсон, дараа нь тэдний талаар хэрхэн анхаарч байсан тухай болон харьд очсон залуус хичээл сурлагадаа хэрхэн шимтэж мэрийж байсныг энэ номд тун тодорхой өгүүлжээ.
Франц, Германд илгээсэн 39 залуу бол бүгд сэргэлэн ухаалаг, эрүүл чийрэг, хичээмтгий мэриймтгий, үндэснийхээ үсэг бичигт чамбай суралцсан улс байж. Тэдний нийгмийн байдал эгэл жирийн болон амьжиргаа тааруу, ядуу зүдүү, чинээлэг хангалуун гэх зэрэг янз бүрийн айл өрхийн хүүхдүүд байсан бөгөөд халх, цахар, буриад, барга, түвд зэрэг хэд хэдэн ястан үндэстний төлөөлөл багтсан байна.
Алтан ургийн тайж угсаатны үр ач ч байсан төдийгүй Наваан-Юндэн, хожим Францад нэмэгдэж очсон Гомбожав нар хошуу захирсан Засаг ноёны тушаал хүлээж байсныг цөөнгүй хүн мэдэх боловч зарим хүн ер сонсоогүй байж ч магадгүй билээ.
Францад суралцсан анхны дөрвөн залуу, тэдэн дээр нэмэгдэж очсон Мэргэн гүн хэмээх Мөнх-Очирын Гомбожав нар хөндлөнгийн шаардлагаар сургуулиа бүрэн дүүргэж чадаагүй боловч өрнөдөд чамбай мэдлэг эзэмшсэнийхээ хүчинд хожмоо манай улсын нэртэй эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид болцгоосныг энэ номоос мэдэх болно.
Сурсан мэдсэн бүхнээ улс Монголынхоо төлөө сэтгэл харамгүй зориулж чөмгөө дундалж биеэ чилээж асан тэдгээр залуус бүгдээрээ улс төрийн “галт шуурганд” өртөж зарим нь амь насаараа хохирсныг харуусавч баршгүй.
Монгол-Францын хооронд 1926 онд анх бий болсон ардын дипломат харилцааны 89 жил, мөн хоёр орны хоорондын харилцааг албан ёсоор баталгаажуулсны (1965 оны 4 дүгээр сарын 27) хагас зуун жилийн ойн онд хэвлэсэн энэ бүтээл уншигч түмний таалалд нийцэх нь гарцаагүй.
Б.ЭНХ