Мьянмартай уул уурхайн салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Мьянмартай уул уурхайн салбарт хамтарна

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин манай улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, дараа нь хамтарсан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монгол Улс Мьянмар улстай  1956 онд буюу одоогоос 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарт албан ёсны айлчлал  хийсэн байгаа. Байгалийн асар их баялагтай Мьянмар улсын уул уурхайн салбарын хөгжлөөс туршлагаасаа, Монгол Улс сүүлийн 25 жил ардчилал, хүний эрхийг дээдэлж ирсэн туршлагаасаа хуваалцах талаар  ярилцлаа. 1990 оноос хойш манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж, компаниуд маань нэлээд туршлагатай, инженерүүдийн мэдлэг чадвар дээшилсэн. Тиймээс уул уурхай  бизнесийг хөгжүүлэх туршлага солилцох, эргээд хөрөнгө оруулалт хийх асуудлаар Засгийг газрын түвшинд замыг нь засч өгөх ёстой гэж үзэж байгаа” гэсэн юм.

Харин манай улсад айлчилж буй Мьянмарын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин  “Хоёр улсын гадаад хэргийн сайдын  түвшинд хийгдэж байгаа  анхны айлчлалаар хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын гадаад хэргийн  сайдтай цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар  санал солилцлоо. Бидэнд хамтран ажиллах сонирхол татсан салбарууд бий. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, Уул уурхайн сайд Р.Жигжидтэй уулзана. Уулзалтаар Монгол Улстай уул уурхайн болон бусад салбарт хамтран ажиллах талаар ярилцана. Уул уурхайг хөгжүүлэхдээ байгаль орчинд  ээлтэй технологийг ашиглах талаар Монгол Улсын туршлагыг судалж хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ.

Мьянмар улстай  уул уурхай, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах  өргөн боломж байгааг талууд онцоллоо. Мөн Монгол Улсын ардчилсан нийгмийн шилжилт, шүүхийн шинэчлэл, парлатентын сонгууль явуулсан туршлага, улс төр дэх өөрчлөлт шинэчлэлд үзүүлж болох дэмжлэгийн талаар санал солилцож байна. Тэрбээр өнөөдөр  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороогоор зочилж, парламентын сонгууль явуулж буй туршлагыг сонирхох юм.

Мьянмарын Гадаад хэргийн сайдын айлчлал маргааш өндөрлөнө.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж