Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

А.Мөрөн багаа солино

Тайландын "Краби FC" багтай гэрээ байгуулж Монгол улсын түүхэнд мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох болсон анхны хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн өнгөрсөн 3-р сард Сербийн 1-р лигийн "Мачва" багтай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. Улмаар үүнийхээ дараа эх орондоо эргэн ирж үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд Зүүн Тиморын багтай талбайдаа хийсэн тоглолтод оролцсон. Түүнийг эргэн Сербийг зорьж Шабац хотын "Мачва" багтай нэгдэхээс өмнө тус баг 1-р лигийн 2-р хагасын эхний 2 тойргийн тоглолтдоо дараалан ялагдал хүлээн дасгалжуулагчаа сольсон юм. "Мачва" багтай гэрээ байгуулах явцад хамгийн их нөлөөлж А.Мөрөнг багийнхаа бүрэлдэхүүнд урьсан өмнөх дасгалжуулагч ажлаа хүлээлгэн өгсөн нь манай хөлбөмбөгчийн талбайд гарах боломжийг ч багасгасан. Шигшээ багтаа тоглоод бага зэргийн бэртэлтэйгээр эргэн ирсэн А.Мөрөн "Мачва" клубын шинэ дасгалжуулагчийн төлөвлөгөөний гадна үлдсэн гэж хэлж болно. Багийнхаа хамт бэлтгэл сургуулилтаа базаасаар байсан ч А.Мөрөн үндсэн бүрэлдэхүүнд багталгүй хэвээр үлдсэн. Энэ хооронд "Мачва" лигтээ тааруу тоглолтоо үргэлжлүүлсээр доод лиг рүү унах нь тодорхой болоод байна. "Мачва" Сербийн 1-р лигийн 28 тойргийн дараах байдлаар сүүлчийн байрт бичигдэж байгаа бөгөөд ирэх улиралд зиндаа буурч "Сербийн лиг"-т тоглох нь тодорхой болсон. Тус улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу Сербийн "Премьер лиг" болон "1-р лиг"-ийн багууд л гадаад тоглогчтой байхыг зөвшөөрдөг юм. Тиймээс ирэх улиралд "Мачва" баг легионер тоглогч ашиглах боломжгүй болсон тул А.Мөрөн гэрээгээ цуцалж шинэ багт очих нь тодорхой болж байна. Түүний менежер Такаши Моримото А.Мөрөнг Сербийн 1-р лигийн багуудтай гэрээ байгуулах боломжийг эрэлхийлж хэд хэдэн багтай холбогдоод байгаагийн дотор "БСК Борча" клуб багтаад байна. "БСК Борча" клубын хувьд өмнө нь А.Мөрөнтэй гэрээ байгуулахыг хүссэн ч Сербийн Хөлбөмбөгийн Холбооноос шийтгэл хүлээж, шинэ тоглогч элсүүлэх боломжгүй болоод байсан тул түүнийг "Мачва" багтай холбож өгсөн баг билээ.

Сербийн 1-р лигийн багуудаас гадна Монгол тоглогчийг сонирхож байгаагаа Кувейтын дээд лигийн "Казма" клуб илэрхийлсэн байна. Кувейтын томоохон багуудын нэг "Казма"-д Зүүн Тиморын шигшээ багийн тоглогч Патрик Фабиано хүчин зүтгэж байгаа бөгөөд энэхүү Бразил довтлогч Улаанбаатарт болсон тоглолтод Монгол улсын шигшээ багийн хаалганд хожлын ганц гоолыг оруулсан тоглогч юм. Тэрээр Монголын шигшээ багаас өөрт нь хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн А.Мөрөнг урих талаар багийнхаа удирдлагад санал тавьжээ. Саяхан Бахрейнд болж өнгөрсөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Их хурлын дараагаар А.Мөрөнгийн менежер Такаши Моримото Катарын нийслэл Доха хотноо цугларалтад гарсан "Казма" багийн удирдлага болон Бразил довтлогч Патрик Фабиано нартай хийсэн уулзалтын үр дүнд Кувейтын клуб Монгол залууг шалгаруулалтад урих хүсэлтээ албан ёсоор илэрхийлжээ. Иймээс А.Мөрөнгийн мэргэжлийн хөлбөмбөгчний замнал цааш аль клубт үргэлжлэх нь сонирхол татаж байна. Мэдээж эхний сонголт Сербийн лигт үлдэж тоглох байх бөгөөд энэ талаар тус улсын бусад багуудтай хэлэлцээр үргэлжилж байгаа юм. А.Мөрөн ч багийнх нь хувьд улирал амжилтгүй өндөрлөж байгаа ч дараагийн шалгаруулалтад бэлдэн "Мачва" клубт бэлтгэлээ үргэлжлүүлсээр байгаа. Хэрвээ Сербийн багуудтай хийх хэлэлцээр амжилтгүй болвол А.Мөрөнгийн дараагийн зогсоол Персийн булан тодруулж хэлвэл Кувейтын дээд лиг байх боломжтой.

Ч.БААТАРЗОРИГ

Эх сурвалж: UBS.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж