Хүүхдээ вакцинд хэрхэн хамруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Хүүхдээ вакцинд хэрхэн хамруулах вэ?

Улааныбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарснаас үүдэн өнөөдрөөс эхлэн нэмэлт дархлаажуулалт зарлаад байна. Гуравдугаар сарын дунд үеэс улаанбурхан өвчин дэгдэж, бага насны хүүхдүүд төдийгүй оюутан залуус  цөөнгүй өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг өвчний 5360 тохиолдол бүртгэгдсэнээс 570 гаруй хүн  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ удаагийн вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир нь өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч энэ өвчний халдвар авах эрсдэлтэй гэнэ. Иймээс энэхүү өвчний тархалтыг зогсоох зорилгоор өнөөдөр /05.15/-өөс эхлэн 21 аймаг, дүүргүүдийн бага насны хүүхдүүдэд дархлаажуулалт хийж эхэлж байна. Иймээс дархлаажуулалтад хүүхдээ хэрхэн хамруулах, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдээр вакцин хийнэ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ удаад зургаан сартайгаас таван нас 11 сар хүртэлх насны бүх хүүхдэд тарих юм. Ингэхдээ бүхий л цэцэрлэг, харъяа өрхийн эмнэлгүүдээр вакциныг хийх аж. Хүүхдээ цэцэрлэгтээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэлгүй дахин вакцинд хамруулах вий гэсэн болгоомжлол эцэг эхчүүдэд багагүй байгаа учраас вакцин хийсэн хүүхдийн хуруун дээр хэдэн өдөртөө арилахгүй тэмдэглэгээ хийх юм байна. Мөн зарим цэцэрлэгийн удирдлагууд цэцэрлэгтээ вакцин хийлгэхээс татгалзаж байгаа мэдээлэл байгаа юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархжуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга “Бүх цэцэрлэг нэгдсэн журмаар вакцин хийлгэх учиртай. Вакцин хийлгэхээс татгалзсан цэцэрлэг байхгүй” гэлээ.

Ямар тохиолдолд вакцин хийхгүй вэ?

Энэ удаагийн дархлаажуулалтад өмнө нь улаанбурханы вакцин тариулсан эсэхээс үл хамаарч зургаан сартайгаас таван нас 11 сартай бүхий л хүүхдийг хамруулах юм байна. Сүүлийн нэгээс хоёр сарын дотор улаанбурхан өвчнөөр өвчилсөн, халуурч байгаа хүүхдүүдээс бусад хүүхдүүдэд вакцин хийнэ гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судлаач Ч.Уртнасан мэдээлжээ.

Улаанбурханы вакцин сөрөг нөлөөтэй юу?

Манай удс 2009 оноос хойш улаанбурхан, улаанууд, гахайн хавдрас сэргийлэх гуравт вакцин хийж эхэлсэн. Харин энэ удаагийнх нь зөвхөн нэг удаа тарих зориулалттай улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцин юм байна. Манай улс энэхүү вакциныг өмнө нь 1976-2009 онд хэрэглэж байсан бөгөөд ямар нэгэн гаж нөлөөгүй гэдэг нь нэгэнт батлагдсан гэдгийг албаныхан онцолж байна.

Вакцин тариулсан хүмүүс яагаад халдвар авч байна вэ?

Өмнө нь улаанбурхан өвчнөөс хамгаалах вакцин хийлгэсэн бол насан туршийн дархлаа тогтдог байсан аж. Гэтэл энэ жил дэгдэж эхэлсэн улаанбурхан өвчний үүсгэгч нь хувьсалд орсон вирус учраас өмнө нь вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа вирусыг эсэргүүцэж дийлэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж