О.Анужин: Хамгийн сонгомол нь балет

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

О.Анужин: Хамгийн сонгомол нь балет

Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Ж.Бизегийн “Кармен” дуурийг манай улсад анх удаа тавьсны 30 жилийн ойн хүрээнд уг дуурийг өнгөрөгч бямба гаригт (V.06) тоглосон билээ. Тэгвэл маргааш (V.16) “Кармен” дуурийг дахин тоглох бөгөөд дуурийн балетын гоцлооч О.Анужинтай ярилцлаа. 

-“Кармен” дуурийн Кармены дүрийг илэрхийлвэл?

-Энэ дуурийг Жорж Бизе 1875 онд 36 насандаа Парисын хошин дуурийн театрт бичсэн юм билээ. Тухайн үедээ их тансаг, ихэмсэг зантай, залуусын сэтгэлийг булаасан үзэсгэлэнтэй эмэгтэй байсан гэдэг. Маш олон залуу тэр эмэгтэйн араас гүйдэг байж. Тэрээр үүнийгээ ч өөрөө мэддэг. Нэг залуутай уулзсан ч түүнтэйгээ удаан байж чаддаггүй, хөнгөн шинж төрхтэй эмэгтэй байсан гэж ойлгож болно. Гэхдээ өөртөө бүх залуучуудыг татаж чаддаг гоо үзэсгэлэнтэй эмэгтэй хүний дүр юм.

-Энэхүү дуурийн бүжигт тоглох, тэр дундаа гол дүр бүтээх амаргүй байх. Таны хувьд хэр удаан дүр дээрээ ажилласан бэ?

-Миний бодлоор их мэдрэмж шаардсан бүжиг. Энэ жилийн хувьд онцлог болж байгаа.  “Кармен” дуурийг манай улсад анх удаа тавьсны 30 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ түүхэн ойн жилд тоглож байгаад баяртай байна. Надтай хамтран балетын гоцлооч Э.Эрдэнэжаргал бүжиглэж байна. Ихэмсэг, эрхэмсэг бүсгүйн дүр  бүтээхэд бодох зүйл их. Яаж хүнд энэ дүрийг хүргэх билээ гээд их ажиллагаа орсон. 2012 онд “Кармен” дуурийг сэргээн тавихад хоёр удаа тоглож байсан. Энэ жил дахин тоглож байна.

-Мөн Франц удирдаачийн уригдаж ирсэн үед тоглолоо шүү дээ.

-Тиймээ, их сайхан үйл явдал болж байна. Францын удирдаач 36 настай Шарль Барбие эхний тоглолтын удирдаачаар ажилласан. Гэтэл энэ дуурийг Жорж Бизе 36 насандаа бичиж байсан юм билээ. Их л сонин тохиолдол боллоо. Харин ирэх бямба гаригт болох тоглолтын удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ажиллана. Ийм түүхэн үйл явдал тохиож буй энэ жил Кармен дуурьт бүжиглэж байгаадаа баяртай байна.  

-Энэ онд таны хувьд хэр олон бүтээл туурвисан бэ?

-2015 он миний хувьд уран бүтээлийн өндөр амжилттай жил болж байна. Маш олон дүрд тоглолоо. Олон тоглолтууд шинээр тавигдсан.  Танго балетын гол дүрд тоглосон. Цаашид олон сайхан дүрүүдийг бүтээх хүсэл зориг дүүрэн байна.

-Балетын урлагаар хэдэн жил хичээллэж байна вэ?

-Анх 10 настайдаа Хөгжим бүжгийн коллежид орж байсан. Тэгээд 7 жил суралцаад сургуулиа төгссөн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажилд орсон. Тэгэхээр би одоо 10 жил балетын урлагаар хичээллэж байна.

-Та хэдэн настай вэ?

-20.

-Сайхан нас. Залуугаараа театрын гоцлоочоор ажиллах хэр баргийн хүнд тохиохгүй аз завшаан болов уу?

-Сургуульд байхдаа би театрт ажилладаг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд шууд үндсэн ажилтан болсон. Одоо театрын гоцлол бүжигчнээр ажиллаж байна.

-Ингэхэд танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу. Балетын урлагт яагаад дурлах болов?

-Би бага байхдаа урлагийн талаар ойлголт багатай байсан. Харин намайг балетын урлагт ороход Гавьяат жүжигчин Д.Нармандах эгч их нөлөөлсөн. Бид хамт Орос сургуульд сурч байсан юм. Тэгээд би ээжтэйгээ хамт балет үзээд “Би балетын бүжигчин болноо” гэж хэлж байсан. Ээж тухайн үед их гайхаад “Хүүе чи бүжиглэж чадах уу” гэж асууж билээ. Тэгээд ээж, бид хоёр Хөгжим бүжгийн коллежид шалгуулаад тэнцсэн юм.

-Тэр үед 10 настай жаахан хүүхэд их том зоилготой очиж байж дээ?

-10 настай шалгуулаад тэнцэж байсан. Одоо би балетын урлагаар 10 жил хичээллэж байна. Хүн дуртай зүйлээ хийхээрээ цаг хугацааг мартдаг юм билээ. Би Хөгжим бүжгийн сургуульд 7 жил суралцаж, балетын урлагийн гайхамшгийг мэдэрлээ. Сургууль маань миний хоёр дахь гэр байсан. Гэртээ харихгүй сургууль дээр өнжих үе их байлаа. Одоо бодоод байхад жаахан юм сурахсан гэж л сургууль дээр өнждөг байж гэж бодогддог.(инээв)

– Бүжигчин хүн ямар байх ёстой вэ?

– Бүжигчин мэргэжлийг эзэмшсэнээр гоо сайхны мэдрэмжтэй болдог. Театрыг зорьж ирсэн олон арван хүний нүд сэтгэлийг баясгаж байгаа болохоор балет илүү тансаг урлаг л даа. Бүх урлаг гайхалтай. Гэхдээ тэдний дунд сонгомол нь балет юм.

-Урлагийн хүмүүс амралтын өдрүүдэд тоглолттой байдаг. Тэр дундаа дуурийн театр долоо хоног бүрийн бямбад балет тоглох хуваарьтай. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Бэлтгэл, сургуулилалт гээд маш их ажилтай байдаг. Түүний завсраар ажил амжуулна гэж байдаггүй. Бид долоо хоногийн эхний хоёр өдөр амардаг. Чөлөөт цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Тэгээд гурав дахь өдрөөс бэлтгэл эхлээд бямба гаригт тоглолт болно. Зарим тохиолдолд баасан, нямд тоглох үе гарна.

-Анужингийн хувьд гадаадын театрт бүжиглэж байсан уу?

-Би Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа Бээжин болон Улаан-Үдийн театрт очиж тоглож байсан. Харин театрт орсноос хойш хамт олонтойгоо БНХАУ-ын Тяньжиньд нэг удаа тоглосон. Цаашид олон сайхан дүрд тоглоно гэж бодож байна.

Авьяаслаг балетчин ийн өгүүлж байна. Энэ жил Монгол, Франц хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жил, "Кармен" дуурийг Монголд анх тавьсны 30 жилийн ойн хүрээнд Ж.Бизегийн "Кармен" дуурийг тавдугаар сарын 9-ний өдөр тоглосон билээ. Тэгвэл тус дуурийг ирэх бямба гаригт буюу тавдугаар сарын 16-ны өдөр 17.00 цагаас УДБЭТ-ын дахин тайзнаа тоглох гэж байна. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байгаа юм.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж